- 2023 оны 02 дугаар сарын 18-нд “М-Си-Эс Кока-Кола” ХХК-аас шалгуулахыг хүссэн энэхүү мэдээлэл нь баримт шалгалтын судалгааны үр дүнд олон нийтийг төөрөгдүүлсэн байх тул холбогдох баримтуудыг тусгасан бодит мэдээллийг хүргэх шаардлагатай гэж үзлээ.
02 дугаар сарын 17-нд “Эхо-ны эмч зөвлөж байна” нэртэй бүлгэмд Б. Бямбабаяр нэртэй хэрэглэгч “ХИЙЖҮҮЛСЭН УНДААГҮЙ ШИНЭЛЬЕ. #ЦАХИМ_ДАВАЛГАА #NonCocaCola. Монголчуудын уламжлалт баяр бол Сар шинийн баяраар хүмүүс маш их хэмжээний тослог зүйлс хэрэглэдэг бөгөөд #Хийжүүлсэн ундаа нь хоолыг задлаж, шингээж өгдөг гэж нийтээрээ буруу ойлголттой байдаг бөгөөд ХАЛУУН ХООЛ, ТОСТ ИХТЭЙ ХООЛ ХҮНСНИЙ АРААС ХҮЙТЭН ЗҮЙЛ,ХИЙЖҮҮЛСЭН УНДАА ЗЭРГИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ ГЭДЭСНИЙ ТҮГЖРЭЛ,НОЙР БУЛЧИРХАЙН ЦОЧМОГ ҮРЭВСЭЛ,НОЙР БУЛЧИРХАЙН ҮХЖИЛ гэх мэт хүндрэлүүд үүсгэдэг бөгөөд цаашлаад ТА АМЬ НАС,ЭРҮҮЛ МЭНДЭЭ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙ ЮМ. Мөн нэг нийтлэг зүйл анзаарагдсан нь ТОМЧУУДААС ИЛҮҮ БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД БАЯРЫН ӨДРҮҮДЭЭР ИЛҮҮТЭЙ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА АЖИГЛАГДДАГ,ТИЙМЭЭС ХҮҮХДҮҮД МААНЬ ХУРЦ,ХҮНД ӨВДӨХ ВИЙ. Иймд иргэддээ уриалга хүргэх нь: ХИЙЖҮҮЛСЭН УНДААГҮЙ САР ШИНИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЦГЭЭЕ. МОНГОЛ ХҮН БҮР ЭРҮҮЛ БАЙГ. ТҮМЭНД ТҮГЭЭН ШЭЙР ХИЙНЭ ҮҮ” гэх бичвэрийг Кока Кола брэндийн зураг болон өвчтөний зургийн хамт нийтэлсэн нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны байдлаар 311 реакц, 54 сэтгэгдэл авч, 2.4 мянган удаа цааш хуваалцсан байна.
Уг постын зураг анхаарал татахуйц байгаа нь тархалтын үнэлгээгээр харагдаж байна. Ашигласан зургаар өгсөн агуулга нь “Кока кола ундаа уувал ийм болно” гэх ойлголт төрүүлэхүйц ба хэрэглэсэн hashtag нь #NonCocaCola гэсэн нь зургаар хүргэх гэсэн агуулгаа лавшруулсан байна.
Иймд олон улсын баримт шалгагчдын ёс зүйн кодын дагуу олон нийтэд өгсөн ойлголт буюу мэдээллийн хамрах хүрээ, мөн текстээр бичигдсэн агуулга буюу мэдээлэлд хамтад нь баримтын шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
- Ашигласан зургийг нягтлах
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад @togtokherdene нэртэй twitter хэрэглэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-нд хийсэн пост гарч ирлээ.
Жиргээнд: “Архи их уугаад “Нойр булчирхай”-тань өвдөөд ийм байдалтай Тэнгэрт дэвшдэг тул Архи бүү уу! Энэ ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй, олон хоног архи уусан, эсвэл 1 л өдөр архи уусан гэж хэлдэг Нойр булчирхайн сонгомол шинж шүү. Clinical Signs of retroperitoneal haemorrhage” гэсэн байна.
Бид зургийг цахим сүлжээнд анх нийтэлсэн хэрэглэгч болох Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дотор эрхтэн, элэг, цөсний өвчин судлалын тасгийн эмч П.Тогтохбаяртай 2023 оны 02 дугаар сарын 27-нд утсаар холбогдож тодруулга авсан болно.
Тэрээр: “Зурагт харагдаж буй шинж тэмдгүүд бол нойр булчирхайн үхжилийн үед илэрч болох шинж тэмдгүүдийн нэг, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх гэж оруулсан зураг юм. Өвчтөний нууцыг хамгаалах үүднээс зурагт харагдаж байгаа эх сурвалжийн мэдээллийг хуваалцах боломжгүй. Нойр булчирхайн үхжил нь химийн хордлого, архины шалтгаант нойр булчирхайн хурц үрэвсэл, хүнд хэлбэрийн хоолны хордлого зэрэг төрөл бүрийн шалтгаанаас үүсэх боломжтой. Уг зургийг хараад л шууд кола уувал ийм болно гэж хэлэх боломжгүй” гэх хариултыг өгсөн юм.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан нойр булчирхайн цочмог үрэвслийн үед зарим тохиолдолд цус алдаж, зурагт үзүүлсэн шиг болох боломжтойг Дотоод шүүрлийн булчирхайн хавдар болон нойр булчирхайн өвчин судлалын олон улсын сэтгүүлд байршуулсан 2008 оны судалгааны тайланд дурджээ. Судалгааны ажлыг Бүх Энэтхэгийн анагаах ухаан судлалын төвийн эрдэмтэд гүйцэтгэсэн байна. Уг судалгааны ажилд “Нойр булчирхайн хүнд хэлбэрийн үрэвслийн зарим тохиолдолд цус шүүрэх, алдах эрсдэлтэй. Цаашлаад үхжил, эсвэл халдвар үүссэн тохиолдолд цус алдах магадлал улам нэмэгддэг” гэсэн байна.
2. “Хийжүүлсэн ундаа хоолыг задлаж, шингээж өгдөг” гэдэг нь батлагдаагүй ойлголт
- АНУ-ын The Wall Street Journal агентлаг 2017 оны 05 дугаар сарын 6-нд олон нийтийн дунд өргөн тархсан “Кока-Кола хоол боловсруулалтад тустай юу” гэх мэдээллийг тодруулахаар Вашингтоны их сургуулийн хоол боловсруулах эрхтэн тогтолцоо судлаач Александра Гутьеррэгийн байр суурийг хүргэжээ.
Мэдээнд: “Хүний ходоодонд 1 удаад 250 миллилитр хүнс байх нь зохистой. Мэдээж хүний ходоод үүнээс их буюу 3.7 литр хүртэлх хэмжээгээр хоолыг багтааж чадна. Их хэмжээгээр хүнд хоол идсэн тохиолдолд ихэнх хүмүүсийн гэдэс дүүрч, хөөсөн, өвдсөн мэт мэдрэмж төрдөг. Идсэн хоолонд тань тосны агууламж өндөр бол хоол боловсруулах хурдыг сааруулж, дүүрсэн мэдрэмжийг улам нэмэгдүүлнэ гэсэн үг. Ходоодонд түгжрээд буй хоол химийн урвалаар задрах, эсвэл физик хөдөлгөөнөөр хоол боловсруулах зам руу дамжин өнгөрч байж л энэ дүүрсэн мэдрэмж алга болно.
Хийжүүлсэн ундаа ууснаар ходоод гэдсийг тайвшруулна гэдгийг нотолсон ямар нэг шинжлэх ухааны баттай нээлт одоогоор алга.
Антропологийн үүднээс харвал өмнө үед Кока-Кола ундааг коланы жимсгэнээс хийдэг байв. Кола жимсгэнийг Африкийн соёлд хүнд хоолтой цуг хэрэглэдэг байсан гэж ойлгож болно. Учир нь тус жимсгэнийн агуулдаг байгалийн кафейн нь хоол боловсруулах замыг идэвхжүүлдэг.
Орчин цагт Кока-Кола ундааг хийхэд кола жимсгэнийг ашигладаггүй болсон хэдий ч хоол боловсруулах замыг идэвхжүүлэх кофе зэрэг кафейн агуулсан өөр сонголтууд ч байх болжээ.
Хийжүүлсэн бөмбөлгүүд нь хоол боловсруулах замыг өдөөдөг гэж үзэж болох л юм. Харин кола уусны дараах онгойсон мэдрэмж нь коланд агуулагддаг чихэрлэг амт оруулагчийн өндөр агууламжтай холбоотой.
Хэрэв гэдэс түгжирвэл хийжүүлсэн чихэрлэг ундааны оронд энгийн хийжүүлсэн ус эсвэл турмерик, саффронтой цай ууйж заншаарай” гэсэн байна.
- АНУ-ын эрдэмтэд коланы найрлагад ордог сукралоз гэх чихэрлэг амт оруулагч нь ходоод дүүрсэн ч өлссөн мэт сэтгэгдэл төрүүлдгийг тогтоож, судалгааны тайланг 2021 оны 09 дүгээр сарын 28-нд JAMA Network Open ппатформд байршуулжээ.
Уг судалгаанд “Тухайн хүний таргалалтын түвшин өндөр байх тусам сукралоз сахартай ундаа ууснаар хоолны дуршил илүүтэй нэмэгддэг. Ходоод дүүрсэн ч тархинд дахин хоол идэх хүсэл төрүүлдэг” гэж дүгнэсэн байна.
- Их Британийн BBC агентлагийн “Эмчийн зөвлөгөө” буланд хийжүүлсэн ундаа нь хоол идэх дуршлыг нэмэгдүүлдгийг тайлбарласан байна.
Үүнд “Хийжүүлсэн ундаанд байх нүүрстөрөгчийн оксид нь ходоодонд задарч, ходоодны мэдрэл түүнийг хүлээж авснаар грелин гэх хоол идэх дуршил өдөөх даавар ялгаруулдаг. Мөн хийжүүлсэн ундааны хий нь ходоодыг тэлж, илүү хоол багтаах боломжтой болгодог” гэсэн байна.
- Хүйтэн зүйл ууснаас бус чихэрлэг ундаанаас болж хоол боловсруулалт муудах боломжтой
Халуун хоолны араас хүйтэн зүйл уух нь биед сөрөг нөлөөтэй гэх төөрөгдөл олон улсад ч мөн адил тархсан байна. Гэвч хоол зүйчид болон судлаачид хоолны араас ямар температуртай зүйл уух нь сонин биш, харин ямар найрлагатай зүйл уух нь чухал холбогдолтой гэж үздэг байна.
Уг агуулгаар олон улсын баримт шалгах төвүүд хэрхэн нягталсныг дор хүргэе.
- IFCN буюу Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээний гишүүн Энэтхэгийн Vishvasnews баримт шалгах төвийн 2019 оны 11 дүгээр сарын 8-ны баримт шалгалтын тайлан:
Хүйтэн зүйл уувал таны идсэн тосыг царцаахгүй. Учир нь хоолны дараа уусан шингэн зүйл богино хугацаанд хүний биеийн дотоод температуртай ижил болтлоо хална. Ходоодны булчин ходоодонд орсон хуурай болон шингэн хүнсийг ходоодны хүчилтэй хольдог. Үүссэн холимгийг нарийн гэдсээр дамжуулан нойр булчирхай, элэг зэрэг бусад эрхтэний хүчилтэй хольдог. Нарийн гэдэсний хана ус болон боловсорсон жижиг хэсгийг ялгаж цусанд шингээнэ. Харин үлдсэн хэсгийг бүдүүн гэдсээр дамжуулан биеэс ялгаруулдаг” гэсэн байна.
- IFCN-ийн гишүүн Филиппиний VERA Files баримт шалгах төвийн 2021 оны 07 дугаар сарын 03-ны баримт шалгалтын тайлан:
Хүйтэн ус уух нь хоол боловсруулах үйл явцад саад болохгүй. Хүний ходоодны хүчил шим тэжээлийн бодисыг нарийн гэдсэнд очихоос ч өмнө задалж холимог болгоно. Хүйтэн ус уулаа гээд таны идсэн өөх тос царцчихдаг юм биш. Элэгнээс ялгарсан цөс нь өөх тосыг задалж нарийн гэдсэнд шимэгдүүлдэг. Харин ч цөсний 95 хувийг ус бүрдүүлдэг тул шингэн зүйл уух нь цөсний ялгаралтыг дэмжинэ. Ямар температуртай байх нь хамаагүй зохих хэмжээнд /250 мл/ шингэн зүйл уух нь хоол боловсруулах үйл явцад тустай. Хүйтэн ус уулаа гээд тосыг задалж чадахгүйд хүрч, тосны молекул аль нэг эрхтэнд очиж хуримтлагдах байдал нэмэгдэхгүй” гэсэн байна.
Уух зүйлийн найрлагад чихэр их байвал хоол шингээлт мууддаг
- Хоол боловсруулахад уусан шингэний найрлага шууд болон шууд бусаар нөлөөлдөг болохыг хоол зүйчид анхааруулдаг байна. Жишээлбэл, Springer Nature Их Британи болон Германы эрдэм шинжилгээний хэвлэлийн газрын дэргэдэх BioMedCentral платформд “Чихэрлэг ундаа болон уургийн өндөр агууламжтай хүнс яагаад хоорондоо зохицдоггүй вэ” гэх мэдээг байршуулжээ.
Мэдээнд:
“АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны судлаачид уургаар баялаг хоол идэх үед уусан чихэрлэг ундааны калорийн гуравны нэг нь бүрэн шатдаггүй, ингэснээр өөх, тос боловсруулах үйл явц удааширч, хүний бие өөх тосыг хуримтлуулж эхэлдгийг тогтоожээ. Тухайлбал, чихэрлэг ундааг хоолтой хамт хэрэглэх үед өөх тос боловсруулалтыг 8 хувь бууруулж байжээ. Туршилтад хамрагдсан хүмүүст:
-82 грамм нүүрс ус
-22 грамм уураг
-20 грамм өөх тос эсвэл
-59 грамм нүүрс ус
-44 грамм уураг
-19 грамм өөх тос агуулсан хоолыг 360 мл чихэрлэг ундааны хамт өгсөн байна.
Ингэхэд:
- 15 хувийн уургийн агууламжтай хоолыг чихэрлэг ундаатай хамт хэрэглэсэн бүлэг 24 цагийн хугацаанд энгийн үеийнхээсээ 7.2 грамм бага өөх тосыг шатаасан байжээ.
- 30 хувийн уургийн агууламжтай хоолыг чихэрлэг ундаатай хамт хэрэглэсэн бүлгийн шатаагүй өөх тосны хэмжээ 24 цагийн хугацаанд 12.6 грамм болж нэмэгдсэн” гэсэн байна.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан “цагаан сараар иргэд маш их өөх тос хэрэглэдэг” гэх агуулгыг нягтлах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас 2023 оны сар шинийн баярын үеэр гаргасан “Сар шинийн баярын өдрүүдээр ихэвчлэн хэрэглэдэг хоол, хүнсний илчлэгийн хэмжээ” нэртэй тооцооллыг ашиглав.
Цагаан сараар энэ хэмжээгээр олон давтамжтай идлээ гэхэд ходоод, гэдсийг хэт ачаалах эрсдэл үүсэх боломжтой гэж үзэж болохоор байна.
Гэхдээ энэ хэмжээгээр идсэн хүн бүр зурагт өгүүлсэн шиг нойр булчирхайн өвчлөлийн зарим хүндрэлийн үед тохиолддог үхжил, цус алдалтад хүргэнэ гэсэн үг биш юм.
- Тос хуримтлагдах үйл явц нь цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх, цөсний чулуу үүсгэх эрсдэлтэйг Их Британийн Үндэсний Эрүүл мэндийн албаны зөвлөмжид дурдсан байна.
Цөсний чулуу, цусан дахь холестерины түвшин өндөр байх зэрэг нь “Нойр булчирхайн цочмог үрэвслийн нэг шалтгаан болдог. Үүнээс гадна согтууруулах ундааны хэрэглээ, нойр булчирхайн шарх, гэмтэл, эмийн гаж нөлөө, вирусийн нөлөө, цусан дахь кальцийн түвшин хэт ихсэх, дархлааны тогтолцоо нойр булчирхай руу дайрах зэрэг шалтгаанаар нойр булчирхай цочмог үрэвсэх боломжтой. Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед нойр булчирхайн үхжил явагдах, халдварлах, нойр булчирхайн гадаргууд ус гүйх зэргээр хүндрэх эрсдэлтэй” гэсэн байна.
Тэгэхээр, “цагаан сараар энгийн үеэс их хэмжээгээр өөх тос хуримтлагдах нөхцөл үүсгэх нь шууд нойр булчирхайн цочмог үрэвсэл, нойр булчирхайн үхжил болж, эрүүл мэнд, амь насаа алдахад хүргэнэ” гэхээсээ өдөр бүр хооллохдоо чихэрлэг ундаа байнга хэрэглэвэл дээрх хүндрэлд хүргэж болзошгүй эрсдэл нь илүү байх нь. Түүнчлэн хийжүүлсэн ундаа нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг ба түүнд сахарын агуулга өндөр байвал өөх тос шатаах үйл ажиллагааг сааруулдаг байна.
ДҮГНЭЛТ:
Нэгтгэн дүгнэхэд, шалгасан постод дурдсан дараах гол мэдээллүүдэд харгалзах үнэлгээнүүдийг өгч болохоор байна:
- Мэдээлэлд ашигласан “хийжүүлсэн ундаа ууснаар нойр булчирхайн цочмог үрэвсэлд орсон хүний эмнэл зүйн шинж тэмдэг” гэж ойлгогдохуйц зураг нь #ХУДАЛ
- Монголчуудын уламжлалт баяр болох сар шинийн баяраар хүмүүс маш их хэмжээний тослог зүйл хэрэглэдэг гэх мэдээлэл #YНЭН
- Хийжүүлсэн ундаа нь хоолыг задалж, шингээж өгдөг гэж нийтээрээ буруу ойлголттой байдаг гэх мэдээлэл #БҮРЭН БУС
- “Халуун хоол, тос ихтэй хоол хүсний араас хүйтэн зүйл, хийжүүлсэн ундаа зэргийг хэрэглэх нь гэдэсний түгжрэл, нойр булчирхайн цочмог үрэвсэл, нойр булчирхайн үхжил гэх мэт хүндрэлүүд үүсгэдэг бөгөөд цаашлаад та амь нас, эрүүл мэндээ алдах эрсдэлтэй юм” гэх мэдээлэл #БҮРЭН БУС
Эдгээрт үндэслэн энэхүү мэдээлэл нь бүхэлдээ #ТӨӨРӨГДҮҮЛСЭН шинж чанартай гэж дүгнэж байна.