Танхимд 500 орчим хүн чив чимээгүй… Тэд бөмбөгдөлтөд өртөж хорвоог орхисон зорилго нэгтнийхээ хойноос хүндэтгэл үзүүлж, нэгэн сэтгэлээр сайныг ерөөж байв. Энэ бол Олон улсын баримт шалгах сүлжээний захирал Энжи Холан Ливанд харамсалтайгаар амь насаа алдсан баримт шалгагчийг хүндэтгэн дурсахыг хүссэн GlobalFact 13 чуулганы эхлэл байлаа.

Энжи Холан “Бид хуурамч мэдээллийнхээ төлөө хариуцлага хүлээхээс зайлсхийх улс төрийн тоглогчдын дайралтад өртөж байна” гэж онцлоод, “Үнэн бол эрх мэдэлтнүүдийн өмч биш, харин хүн бүрийн хамтын үнэт зүйл” гэх Ромын пап XIV Леогийн үгийг эш татсан юм.
Мөн тэрээр “Бид шударга, хараат бус ажиллахын төлөө хичээсэн ч өрөөсгөл гэх дайралтад өртсөөр ирсэн. Нөгөө талаас хиймэл оюун ухаан мэдээллийг товчлон түгээх болсон нь эх сурвалж бүтээгчдийн орон зайг хумиж, үнэн зөв мэдээлэлд хөрөнгө оруулдаггүй атлаа хэрэглэгчдийн анхаарлаас ашиг олдог платформууд мэдээллийн экосистемийг ганхуулж байна. Үүний үр дүнд манай салбарын уламжлалт бизнесийн загвар алгуурхан нурж байна” гэсэн юм.
Энэ жилийн “GlobalFact” баримт шалгагчдын чуулга уулзалт Литвийн нийслэл Вильнюс хотноо 06 дугаар сарын 17-нллс 19-ний өдрүүдэд болсон. Энэ форум зөвхөн баримт шалгагчдын уулзалт байсангүй. Харин салбар бүрийн мэргэжилтнүүд чуулж, мэдээллийн “дайн”, хиймэл оюун ухаан, цахим залилан, ардчиллын ирээдүй гэх мэт сэдвээр олон талаас нь хэлэлцсэн юм. Дэлхийн 80 гаруй орны сэтгүүлч, судлаач, баримт шалгагч, төрийн байгууллагын төлөөлөгчид оролцсон энэхүү форумын нийтлэг дүгнэлт нь энгийн атлаа хүчтэй байлаа.
- “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй хамгаалалт нь шинэ технологи бус, харин баталгаат эх сурвалжуудаас бодит зөв мэдээллээ авч чаддаг иргэд юм” гэдэгтэй бүгд санал нийлсэн юм.
Литва: Үндэсний аюулгүй байдлыг зөвхөн арми бус мэдээлэлтэй, хэсрүү иргэд хамгаалдаг

Форумын нээлтийн үеэр Литвийн Батлан хамгаалахын сайд Робертас Каунас мэдээллийн аюулгүй байдал, үндэсний батлан хамгаалах бодлогын уялдаа холбооны талаар онцлон ярив. Орос, Беларусийн хилтэй ойр оршдог тул дрон, бөмбөг, цахим нөлөө зэрэг халдлага байнга гарч, Вильнюсийн нисэх буудал хэд хэдэн удаа хаагдаж байсныг тэрээр онцлоод, олон нийтийг айлгах, хуваах, институцэд итгэх итгэлийг сулруулах зорилготой хуурамч мэдээлэл Литвад түгээмэл гэлээ. Харин энэ бүхнийг даван туулахад баримттай бодит мэдээллийг шуурхай өгөх нэгдсэн стратеги, хамгийн гол нь нягталдаг, баталгаатай эх сурвалжаас мэдээллээ авдаг хэрсүү иргэд батлан хамгаалах бат цайз болдгийг цохон тэмдэглэсэн юм.
- Тэрээр “мэдээлэлтэй, шүүмжлэлтэй сэтгэдэг иргэд бол батлан хамгаалах салбарын бодлогоос ч илүү хамгаалалт болдог” гэж хэлсэн нь форумын туршид хамгийн их эшлэгдсэн санаануудын нэг байлаа.
Энэ байр суурь Литвид хоосон онол бус, бодит туршлагаас урган гарсан дүгнэлт юм. Балтын орнууд олон жилийн турш гаднын суртал ухуулга, мэдээллийн нөлөөллийн ажиллагаатай нүүр тулж ирсэн. Ялангуяа Орос-Украины дайнаас хойш бүс нутаг дахь мэдээллийн аюулгүй байдлын асуудал улам хурцаар тавигдах болжээ. Үүний хариуд Литва улс хэвлэл мэдээллийн боловсролыг сургуулийн түвшинд өргөжүүлж, иргэдийг мэдээллийн эх сурвалжаа шалгах, манипуляцыг таних чадварт сургах бодлогыг хэрэгжүүлж байна.
Ингэхдээ 11-12 дугаар ангийнханд зориулсан “Үндэсний аюулгүй байдал ба улс орны батлан хамгаалалт” сурах бичиг боловсруулж сургалтын хөтөлбөрт оруулан, залуу үеэ мэдээлэлтэй, хэрсүү болгоход анхаарсан байна. Түүнчлэн гаднын нөлөөтэй мэдээллийг үнэлэх нэгдсэн аргачлал гаргаж, 11 байгууллага дагаж мөрддөг аж. Цахим аюулын талаар хууль зүйн тодорхойлолттой болж, улстөрчид, цэрэг, иргэний байгууллагын удирдагчдад зориулсан тусгай сургалт явуулж байна. Энэ мэтчилэн иргэдийг хуваах, айлгах, төөрөгдүүлэх оролдлогын эсрэг дархлаатай нийгмийг байгуулж байгаа ажээ.
Мөн түүний дараа Литвийн Гадаад хэргийн дэд сайд Видмантас Вербицкас үг хэлэхдээ “Оросын мэдээллийн манипуляцын аюулыг эрт таньж мэдсэн нь бидэнд хуурамч мэдээлэл, гаднын нөлөөллийг сөрөн давах үндэсний дархлааны тогтолцоог бий болгоход тусалсан” гэдгийг онцолсон юм.

Тэрээр, “Одоогийн судалгаа, дүн шинжилгээнүүдээс харахад улс орнуудын сонгуулийн үеэр ОХУ мэдээллийн манипуляцыг өргөн хүрээнд ашиглаж, сонгогчдын сонголтыг зориудаар гажуудуулахыг оролдсон жишээ Польш, Армен зэрэг улсад гарч байна. Түүнчлэн ардчилсан үйл явцын хууль ёсны байдалд эргэлзээ төрүүлэхийг зорьдог. Зохион байгуулалттай мэдээллийн манипуляц нь зөвхөн улс төрд төдийгүй эдийн засагт ч томоохон нөлөө үзүүлж, хуурамч мэдээлэл тасралтгүй түгээснээр хөрөнгө оруулагчдын итгэл буурч, институцүүдэд итгэх итгэл суларч, улмаар ардчиллын чанарт сөргөөр нөлөөлдөг. Оросын өргөн ашигладаг өөр нэг арга бол хөрш орнууд болон бусад улс орны эсрэг түүхийг гуйвуулах зорилготой мэдээллийн ажиллагаа юм. Кремль ялангуяа дэлхийн хоёрдугаар дайны дараах Балтын орнуудын эзлэн түрэмгийллийг зөвтгөхийн тулд түүхэн баримтуудыг гуйвуулах хандлагатай байдаг. Мөн 2014 оноос хойших Украины эсрэг цэргийн түрэмгийллээ зөвтгөхөд энэ аргыг ашигласаар ирсэн” гэж хэлсэн үгэндээ дурдсан юм.
Литва улс гаднын нөлөөллийг, цохон тэмдэглэвэл Оросын мэдээллийн ажиллагааны нөлөөллийг эрт таньж мэдэн, сөрөг арга хэмжээ авснаар иргэдээ хэрсүүжүүлж, бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авах чадвар суулгах тогтолцоог нэгэнт бий болгожээ.
Олон улсад бага наснаас нь мэдээллийн боловсрол олгодог ба үнэн мэдээллийг хуурамч мэдээлэл түгэхээс түрүүлж өгөх тогтолцоо ажиллаж байна
Форумын үеэрх хэлэлцүүлгүүдэд улс бүр өөрийн онцлог, хуурамч мэдээлэл, манипуляцын эсрэг тэмцэж буй туршлагаа хуваалцсан юм.
- Финланд медиа боловсролын чиглэлээр дэлхийд тэргүүлэх орны нэг бөгөөд бага сургуулиас эхлэн сурагчдад мэдээллийг үнэлэх, эх сурвалж шалгах, цахим орчны эрсдэлийг таних хичээл заадаг. Үүний үр дүнд финландчууд худал мэдээлэлд өртөх эрсдэл хамгийн бага орнуудын нэг гэж үнэлэгддэг байна.
- Украинд дайны нөхцөлд баримт шалгалт ямар ач холбогдолтой талаар туршлагаа хуваалцав. Дайны эхний саруудад хуурамч зураг, хуучин бичлэг, зохиомол мэдээлэл асар хурдтай тархаж байсан бөгөөд баримт шалгагчид бодит мэдээллийг баталгаажуулахын тулд хиймэл дагуулын зураг, нээлттэй эх сурвалжаар нягтлах арга, газар зүйн байршил тогтоох технологи ашиглаж байжээ. Тэнд худал мэдээлэлтэй тэмцэх нь заримдаа фронтын шугам дээрх хамгаалалт мэт чухал байдаг ажээ.
- Тайван улс худал мэдээлэлтэй тэмцэхдээ зөвхөн залруулах арга хэрэглэдэггүй, харин хуурамч мэдээлэл түгэхээс өмнө иргэдэд ойлгомжтой, богино хугацаанд хүрдэг төр, иргэний нийгмийн харилцааны загвар хөгжүүлжээ. Төрийн байгууллагууд олон нийтийн сүлжээнд гарч буй ташаа мэдээлэлд хэдхэн цагийн дотор зурагт тайлбар, инфографик, богино хэмжээний видео хэлбэрээр хариу өгдөг болсон нь мэдээллийн вакум үүсэхээс сэргийлдэг байна. Форумын үеэр оролцогчид худал мэдээлэлтэй тэмцэх хамгийн сайн арга нь үргэлж няцаалт биш, харин үнэн мэдээллийг түрүүлж хүргэх явдал гэдгийг онцолж байв.
- Харин Баруун Балканы орнууд, тухайлбал Босни Герцеговинд улс төрийн туйлшрал ихтэй тул төрд итгэх итгэл сул байдаг аж. Тиймээс бусад улсын төртэй хамтран ажилласан туршлагыг шууд хуулбарлах боломжгүй гэдгийг онцлов. Засгийн газар өөрөө заримдаа асуудлын нэг хэсэг болдог тул хараат бус институц, хариуцлага тооцох механизм шаардлагатай гэлээ.
- Бразилын туршлага сонгуулийн үеийн мэдээллийн эрсдэлийг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж оролцогчид онцолсон. Сүүлийн жилүүдэд тус улсад сонгуулийн үеэр худал мэдээлэл эрчимтэй тархах болсон тул сонгуулийн байгууллага, баримт шалгах төвүүд, их сургуулиуд болон технологийн платформууд хамтарсан сүлжээ байгуулжээ. 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид, мөн баримт шалгагч нар энэхүү хамтын ажиллагааны хүрээнд вирус мэт тархаж буй хуурамч мэдээллийг шуурхай шалгах, олон нийтэд тайлбарлах, хэвлэлд баталгаажсан мэдээлэл түгээх тогтолцоо бий болсон байна.
Scamdemic: Цахим залилан + хиймэл оюун ухаан
Форумын хамгийн их анхаарал татсан хэлэлцүүлгүүдийн нэг нь цахим залилангийн шинэ хэлбэрүүдийн тухай байв. “Scamdemic” хэмээн нэрлэсэн энэхүү панелд дэлхий даяар нэмэгдэж буй цахим залилангийн талаар хэлэлцсэн бөгөөд оролцогчид үүнийг зөвхөн санхүүгийн гэмт хэрэг бус, мэдээллийн экосистемийн хямрал гэж тодорхойлсон.
Сингапурт төрийн албан тушаалтан, банкны ажилтан, эсвэл гэр бүлийн гишүүний дуу хоолойг хиймэл оюунаар дуурайлган иргэдийг залилсан тохиолдлууд эрс өссөн байна. Харин Их Британид хөрөнгө оруулалтын хуурамч зар сурталчилгаанд алдартай хүмүүсийн deepfake дүрсийг ашиглах явдал түгээмэл болжээ.
Филиппин, Нигери зэрэг оронд олон нийтийн сүлжээгээр дамжуулан тархдаг ажилд зуучлах, криптовалютын хөрөнгө оруулалтын залилангууд их бөгөөд эдгээр нь мэдээллийн боловсрол сул бүлгүүдэд хамгийн их хохирол учруулж байгааг онцолсон юм.


Энэхүү хэлэлцүүлэгт Монголын баримт шалгах төвийн AI болон технологи хариуцсан баримт шалгагч Ц.Энх-Өрнөх оролцож цахим залилангийн эрсдэл өсөн нэмэгдэж буй талаар мэдээлэл өглөө.

Тэрээр, Монгол улсад банк, төрийн байгууллага, онлайн шоп болон хүргэлт, захиалгын үйлчилгээний нэр барьсан залилан түгээмэл байгааг дурдаад, баримт шалгалт, мэдээллийн боловсролыг зөвхөн сэтгүүл зүйн асуудал гэж үзэх боломжгүй болсныг онцолсон юм. Учир нь хуурамч мэдээлэл, цахим залилан хоёр улам бүр нягт уялдаж, иргэдийн итгэл дээр тоглодог ижил механизмаар ажиллаж байгааг тайлбарлалаа.
Засгийн газар ба хэвлэл мэдээллийн түншлэл аюултай юу?
Форумын өөр нэг онцлох хэлэлцүүлэг нь засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцааны тухай байлаа. COVID-19 цар тахал, дайн, байгалийн гамшиг зэрэг хямралын үед үнэн зөв мэдээллийг хурдан түгээх шаардлага нэмэгдсэн ч үүний зэрэгцээ төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөөний асуудал улам эмзэг болсон талаар оролцогчид ярив.
Эстони улсын төлөөлөгчид төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөлд тулгуурлан хөгжүүлснээр иргэдийн итгэлийг нэмэгдүүлж чадсан тухай туршлагаа танилцуулсан бол Бразилын оролцогчид сонгуулийн үеэр төрийн байгууллагууд, хэвлэл мэдээлэл, баримт шалгагчдын хамтарсан ажиллагаа худал мэдээллийн тархалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн талаар ярив.
Энэхүү панелийг Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо болон Испанийн Maldita баримт шалгах төвийн хэлтсийн дарга Карлос Эрнандес нар чиглүүлж, төр, хэвлэл мэдээллийн байгууллагуудын харилцааны өнөөгийн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцсан юм. Тэрээр олон нийтийн итгэл бол хамгийн үнэ цэнтэй нөөц бөгөөд энэ итгэлийг хадгалахын тулд,
- төрийн байгууллагууд ил тод байх,
- хэвлэл мэдээлэл хараат бус байх,
- иргэд мэдээллийг шүүмжлэлтэйгээр хүлээн авах гурван нөхцөл зэрэг хангагдах шаардлагатайг онцолсон.


GlobalFact 13 форумын төгсгөлд оролцогчид нэг зүйл дээр санал нэгдэж байлаа. Хиймэл оюун ухаан улам хүчирхэгжиж, худал мэдээлэл улам үнэмшилтэй болох тусам үнэн мэдээллийн төлөөх тэмцэл зөвхөн технологийн өрсөлдөөн байхаа больжээ. Энэ нь иргэдийн боловсрол, хэвлэл мэдээллийн хараат бус байдал, ардчилсан институцүүдийн чадавхыг сорьсон урт хугацааны сорилт болсон байна. Ийм нөхцөлд мэдээлэлтэй иргэн бол зөвхөн сайн сонгогч бус, үндэсний аюулгүй байдлын хамгийн чухал хамгаалагч болж байгааг Вильнюст болсон энэ удаагийн форум дахин санууллаа.
Монголд хэрэгжүүлж болох гурван санаа
GlobalFact 13 форумын хамгийн үнэ цэнтэй хэсэг нь худал мэдээлэлтэй тэмцэх технологийн шийдлүүдээс илүүтэйгээр нийгмийн дархлааг хэрхэн бий болгох тухай туршлагууд байлаа. Балтын орнууд, Финланд, Эстони зэрэг улсын жишээнээс харахад мэдээллийн аюулгүй байдал гэдэг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага эсвэл тусгай албадын ажил биш болсон байна. Харин боловсрол, төрийн бодлого, иргэний нийгэм, технологийн компаниудын хамтын ажиллагааны үр дүн болжээ.
- Монголын хувьд хамгийн түрүүнд анхаарал татсан санаа нь медиа боловсролыг сургуулийн тогтолцоонд илүү системтэй оруулах асуудал байв. Өнөөдөр хүүхэд, залуусын мэдээллийн гол эх сурвалж нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бус, харин сошиал платформ, чатбот, алгоритм болж өөрчлөгджээ. Ийм нөхцөлд мэдээллийг хэрхэн шалгах, зураг болон дүрс бичлэгийн эх сурвалжийг хэрхэн таних, хиймэл оюунаар бүтээсэн контентыг хэрхэн ялгах талаар суурь мэдлэг олгох шаардлага улам бүр нэмэгдэж байна.

2. Монголд цахим залилангийн эсрэг баримт шалгагчид, банк санхүүгийн байгууллагууд, харилцаа холбооны операторуудын хамтарсан шуурхай мэдээллийн тогтолцоо хэрэгтэй байгаа нь форумын үеэр тод харагдсан. Зарим улс оронд залилангийн шинэ хэлбэр илэрмэгц төр, банк, хэвлэл мэдээлэл, баримт шалгагчид нэгэн зэрэг анхааруулга хүргэдэг тогтолцоо бүрдүүлжээ.
3. Төрийн байгууллагуудын мэдээллийн ил тод байдал хуурамч мэдээлэлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэдгийг олон улсын туршлага харуулж байна. Албан ёсны мэдээлэл удааширч, ойлгомжгүй байх тусам цуурхал, таамаглал, хуурамч мэдээлэл түгээх орон зай тэлдэг. Иймээс төрийн байгууллагуудын нээлттэй өгөгдөл, шуурхай мэдээллийн соёл нь зөвхөн сайн засаглалын асуудал бус үндэсний аюулгүй байдлын асуудал болжээ.
Хиймэл оюун ухаан хуурамч мэдээллийг шинэ түвшинд хүргэж байна
Форумын туршид хамгийн олон давтагдсан асуудал нь хиймэл оюун ухааны тухай байлаа. Өмнө нь хуурамч мэдээллийг таних боломжтой байсан бол өнөөдөр хэдхэн минутын дотор улстөрч, сэтгүүлч, бизнес эрхлэгчийн дуу хоолойг дуурайлган бүтээх боломжтой болсон. Зураг, дүрс бичлэг, дуу хоолой бодит эсэхийг энгийн хэрэглэгч ялгахад улам хүндрэх төлөвтэй байна.
Энэ нь Монголд ч адилхан тулгарах эрсдэл юм. Ирэх жилүүдэд болох сонгуулийн үеэр, гамшиг ослын үед, эсвэл банк санхүүгийн үйлчилгээтэй холбоотойгоор deepfake технологи ашигласан залилан, зохион байгуулалттай хуурамч мэдээллийн кампанит ажил гарах магадлал нэмэгдэнэ. Форумд оролцсон мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ирээдүйн хамгийн том сорилт нь худал мэдээллийг устгах биш, харин хүмүүсийг эргэлзэж шалгадаг дадалтай болгох явдал ажээ.
Тиймээс GlobalFact 13 форумын Монголд үлдээсэн хамгийн чухал сургамж нь нэг өгүүлбэрээр илэрхийлэгдэж болох юм. Худал мэдээлэлтэй тэмцэх хамгийн сайн технологи одоогоор зохион бүтээгдээгүй байж магадгүй. Харин мэдээлэлд шүүмжлэлтэй ханддаг, эх сурвалжаа нягталдаг, үнэн мэдээллийн үнэ цэнийг ойлгодог иргэдийг төлөвшүүлэх нь хамгийн найдвартай хөрөнгө оруулалт хэвээр байна.


