2026 оны 06 дугаар сарын 23.
Олон улсын барим шалгах сүлжээний тухай мэдээллийг орчуулан хүргэв.
Баримт шалгагчдыг улс төрийн хүрээнийхэн болон цахим сүлжээний хэрэглэгчдийн түгээсэн төөрөгдүүлсэн мэдээлэлд баримтаар шалгалт хийж, хариуцлага тооцдог гэдгээр нь хүмүүс илүү сайн мэддэг байх. Гэхдээ зарим баримт шалгах төвийн хувьд, цахим залилагчидтай тэмцэх нь илүү чухал болоод байгаа билээ.
Энэ жил Литва улсын Вильнюс хотноо зохион байгуулсан олон улсын баримт шалгагчдын “GlobalFact” чуулганы хэлэлцүүлэгт Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) дөрвөн гишүүн оролцож, цахим залилангийн эсрэг хэрхэн тэмцэж буй тухай туршлагаа хуваалцлаа.
Германы “CORRECTIV” баримт шалгах төвийн Сара Таст хэлэхдээ, зөвхөн “Milton Group” хэмээх залилангийн бүлэг гэхэд л Германд 52 сая евро, дэлхийн хэмжээнд 178 сая еврогийн хохирол учруулаад байгааг онцоллоо. Германы прокурорын байгууллага тус бүлгийг бутарган, тараахаар ажиллаж байна.
Харин Монголын Баримт Шалгах Төвийн (MFCC) баримт шалгагч Цолмонгийн Энх-Өрнөхийн хэлснээр, 2025 онд 3.6 сая орчим хүн амтай Монгол Улсад л гэхэд цахим залилангийн улмаас 136 сая гаруй ам.долларын хохирол амсжээ.
Энэтхэг улсад хийсэн нэгэн судалгаагаар 2024 онд таван насанд хүрэгч тутмын гурав нь ямар нэгэн байдлаар залилантай тулгарсан бөгөөд дөрөв тутмын нэг нь үүний улмаас мөнгөө алдсан болохыг “BOOM” мэдээллийн агентлагийн ерөнхий редактор Женси Жейкоб дурдлаа. Түүний хэлснээр Энэтхэгт залилангаас үүдэлтэй хохирлын хэмжээ 48 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Залиланг олон янзын хэлбэрээр түгээдгийг хэлэлцүүлэгт оролцогчид тэмдэглэв
Сара Тастын хэлснээр, Германд түгээмэл ажиглагддаг нэгэн залилан Фэйсбүүк постоос эхэлдэг байна. Хэрэглэгч тухайн холбоос дээр дарахад крипто хөрөнгө оруулалтын платформ руу чиглүүлж, бүртгүүлэхийг шаарддаг аж. Үүний дараа хохирогчийг хуурамч хөрөнгө оруулалт руу улам их мөнгө оруулахыг шахаж эхэлдэг байна.
Монголд түгсэн цахим залилангийн нэг төрөл нь Фэйсбүүкт шууд дамжуулалт (live) хийж, лоттери сугалаа хусаж буй хэлбэрээр илэрдэг тухай Ц.Энх-Өрнөх ярилаа. Энэ нь хүмүүсийг сугалаа худалдаж авахыг уриалах зорилготой бөгөөд энэ үеэр хуурамч хаягууд улам бүр өдөөж өгдөг байна. Хэрэв хэн нэгэн сугалаанд “хожвол” хожлын мөнгөө бүрэн авахын тулд эхлээд нэг цагийн дотор 10 хувийн шимтгэл төлөх ёстой гэж шаарддаг. “Хүмүүс сандралдаж, найз нөхдөөсөө зээлж авдаг” хэмээн Ц.Энх-Өрнөх хэлэв. Ингээд мөнгөө шилжүүлсэн даруйд залилагч ор сураггүй алга болдог байна.
“Tech4Peace” байгууллагын Овс Ал-Саади Иракт залилагчид үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдтэй чатлаж буй эрчүүдийг сүрдүүлэх, эсвэл зөвхөн эмэгтэй найзуудынхаа дунд байна гэж бодон хижабаа (толгойн алчуур) тайлж буй эмэгтэйчүүдийн видео чатын бичлэгийг ашиглан тэднийг барьцаалдаг болохыг хэлэв. Эцгийн эрх давамгайлсан соёлтой тус улсад ийм бичлэгийг бусад эрчүүдэд үзүүлэх нь (залилагчид ихэвчлэн ингэж сүрдүүлдэг) тухайн эмэгтэйн хувьд “үнэхээр аюулын” нөхцөл байдлыг үүсгэдэг байна.
Энэтхэгт хэн нэгнийг “цахимаар баривчилж” байна гэх хуурамч залилан их газар авсан тул хууль сахиулах байгууллагууд ийм зүйл байдаггүй гэдгийг иргэдэд тайлбарлах олон нийтийн кампанит ажил эхлүүлэхэд хүрсэн талаар Ж.Жейкоб ярилаа. Нэгэн тохиолдлоор залилагчид “цахим баривчилгаанд” орсон гэж итгүүлсэн хосуудыг камерын өмнө 10 хоногийн турш бараг унтуулахгүй байлгаж, улмаар 125,000 ам.доллар шилжүүлж авсан байна.
Энэтхэгт гарч буй өөр нэг залилан нь олны танил хүмүүсийн дүр төрхийг ашиглан хиймэл оюунаар (AI) бүтээсэн бодит мэт видео бичлэгүүдээр дамжуулан хүмүүсийг хуурамч хөрөнгө оруулалтад мөнгө шилжүүлэхийг ятгадаг байна.
Тэд “Энэхүү алдартай хүний санал болгож буй схемд мөнгөө оруулна уу, тэгвэл та ашиг олох болно” гэж хэлдэг хэмээн Ж.Жейкоб тайлбарлав.
“GlobalFact”-ын хэлэлцүүлэгт оролцогчид цахим залилангийн эсрэг үр дүнгээсээ хуваалцсан юм
Монголын баримт шалгах төв Монголын банкны холбоотой хамтран иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа АТМ (бэлэн мөнгөний машин) дээр залилангийн эсрэг постер байршуулах ажлыг зохион байгуулжээ. Статистик мэдээллээс харахад энэхүү ажил эхэлснээс хойш залиланд алдсан мөнгөн дүн буурсан үзүүлэлт гарсан байна.
“Цахим залилан нь банкуудын нэр хүндэд муугаар нөлөөлдөг тул бидэнтэй хамтран ажиллах хэрэгтэй болсон” гэж тэрээр хэллээ. Хүмүүс залилуулахдаа банкны хамгаалалтын системийг буруутгадаг байсан тул банкууд үүнийг таслан зогсоох шаардлагатай болсон байна.
Харин Энэтхэгт Ж.Жейкобын баг өсвөр насныхантай хамтран цахим орчинд “залилан илчлэгч” хөтөлбөр хэрэгжүүлж, залууст залиланг хэрхэн таньж мэдэх талаар сургалт орж эхэлжээ.
Эх сурвалж: Fact-checkers seek to stem a global tide of online scams


