Search

GlobalFact11: Сараевогийн мэдэгдэлд баримт шалгагчид нэгдлээ

Дэлхийн баримт шалгагч нар жил бүр цуглан баримт шалгах үйл ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээл, шинэ боломжоо хэлэлцэж, шилдэг бүтээлүүдээ шалгаруулдаг. Энэ жилийн хурал Босни ба Херцеговина улсын нийслэл Сараево хотод өнгөрсөн 06 дугаар сарын 26-наас 28-ны хооронд болсон бөгөөд энэ нь Балканы орнуудын бүс нутагт болж буй анхны ээлжит хурал юм. Хурлын нээлтийг тохиолдуулан Олон улсын баримт шалгах сүлжээний ерөнхийлөгч Энжи Холан дэлхий дахинд баримт шалгах үйл ажиллагаа ихээхэн сорилт, бэрхшээлтэй тулгарч буйг онцлон, GlobalFact11-д нэгдсэн чуулганаар гаргаж буй Сараевогийн мэдэгдлийг Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний гишүүн байгууллагуудын баримт шалгах үйл ажиллагааны нэгдмэл үнэт зүйл, зарчимдаа хатуу байр суурьтай байхын илэрхийлэл болно гэв.

Олон улсын баримт шалгах сүлжээний ерөнхийлөгч Энжи Холан. Эх сурвалж: Vanja Čerimagić

Сараевогийн мэдэгдэлд 80 орны 130 баримт шалгах байгууллага нэгдэн, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөөг хамгаалахад тууштай үйл ажиллагаа явуулахаа илэрхийлсэн. Баримт шалгах үйл ажиллагаа дэлхий дахинд болон Монголд олон сорилттой учирч буйг харгалзан энэхүү мэдэгдэлд манай байгууллага мөн нэгдсэн юм. Тус мэдэгдэлд баримт шалгах үйл ажиллагаа нь мэдээлэлтэй байх эрхийн нэг хэсэг болохыг онцлоод,

Хүн бүр мэдээлэл, үзэл санааг хайх, хүртэх, хуваалцах эрхтэй. Баримт шалгах үйл ажиллагаа энэ зарчимд бат үндсэлсэн. Баримт шалгах үйл явц нь баталгаатай эх сурвалж олох, экспертүүдтэй ярилцах, судалгаа хийх, технологи ашиглах гээд бүх арга зүй нь нарийн чанд үйл явц юм. Баримт шалгалт нь чөлөөт хэвлэл болон мэргэжлийн, чанартай сэтгүүл зүйн нэг хэсэг бөгөөд олон нийтийн мэдээлэл, мэдлэгт хувь нэмэр оруулдаг… Харамсалтай нь үүнийг үл харгалзан, баримт шалгагчид сүүлийн жилүүдэд “онлайн цензурчид” хэмээгдэн, хувийн мэдээлэл ашиглан дарамтлах, доромжлох, зохион байгуулалттай дайралт, хуулийн далайлга, улс төрийн дарамт цаашлаад биет халдлага зэрэг хатуу чанга дайралтад өртөж байна. Гэхдээ баримт шалгалт нь ямар ч тохиолдолд цензур гэж тооцогдохгүй юм. Цензур бол мэдээллийг устгадаг. Харин баримт шалгалт мэдээлэл нэмдэг” хэмээн тодорхойлсон.

Энэ жилийн өөр нэгэн томоохон онцлох үйл явдал нь Нобелийн шагналт сэтгүүлч, Филиппиний Rappler агентлагийн үүсгэн байгуулагч Мариа Ресса хурлын нээлтийн ярилцлагад олон улс дахь хуурамч мэдээллийн доройтож буй нөхцөл байдал, технологийн платформууд хэрхэн хариуцлагатай байж нийгмийн итгэлцэл, баримт шалгах үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах талаар байр сууриа илэрхийлсэн. 

Мариа Ресса ба AFP агентлагийн олон улсын мэдээний дарга Фил Четвинд нар GlobalFact11-ийн үеэр. Эх сурвалж: Vanja Čerimagić

Тэрээр дэлхийн хүн амын 71 орчим хувь нь авторитари буюу дарангуй дэглэмд амьдарч байгаа болон энэ жил дэлхийн хүн амын тал орчим нь улс төрийн сонгуульд оролцож саналаа өгөх эрхээ эдлэхийг онцлон, энэ үйл явцад нийгмийн сүлжээ, хуурамч мэдээлэл хэрхэн нөлөөлөхийг тайлбарласан.

Тэрээр “Саналаа өгөх хүмүүсийн талаар санаа зовох хэрэгтэй. Яагаад гэвэл нийгмийн сүлжээний платформууд хүний зан төлөвийг өөрчлөхүйц нөлөөлж, худал зүйлийг сая удаа давтвал үнэн болдог систем болж хувирсан. Та хиймэл оюун ухааны дэвшлээс ч өмнө худал, үнэн аль нь болохыг ялгаж чадахаа больсон гээд бодоод үз” гэсэн. 

Үргэлжлүүлэн тэрээр хэвлэл мэдээллийн салбар, технологийн компаниуд зэрэг ижил зорилготой байгууллагууд хамтран ажиллахыг уриалан,

“Би үргэлж хамгийн муу нөхцөл байдалд бэлддэг. 2024 оноос хойшоо ардчилал мөхвөл яах вэ, бид юу хийх вэ… Тулаан ингээд дуусахгүй, харин ч илүү хүнд хэцүү болж олон арван жилийн турш үргэлжилнэ. Тийм учраас боломж нээлттэй байгаа үед технологийн хамтрагчдаа энэ тулаанд нэгдээч гэж уриалж байна. Яагаад гэвэл энэ үйл явц та биднийг, үр хүүхдийг маань ч орхихгүй. Энэ бол бидний хамтын тэмцэл. Тиймээс өнөөдөртөө та гар утас хэрэглэдэг л бол бидэнтэй хамт байна гэсэн үг. Гол нь асуулт нь та ухаалагаар хамтарч тэмцэх үү? Хүүхдүүддээ илүү сайхан ирээдүйг бий болгох уу гэдгээ бодох цаг болсон” хэмээв. 
Ана Бракус, Фактографын гүйцэтгэх захирал болон Мета компанийн хуурамч мэдээллийн бодлогын ахлах ажилтан Том Бонсунди-О’Брайн. Эх сурвалж: Vanja Čerimagić

Хурлын үеэр Мета, ТикТок зэрэг нийгмийн сүлжээний платформын компаниудын төлөөлөлтэй баримт шалгагчид ярилцан, хуурамч мэдээллийг бууруулахад ямар бодлогын өөрчлөлт хүлээгдэж байгаа талаар хариулт нэхлээ. Тодруулбал Мета компани улстөрчдийн постуудад ялангуяа сонгуулийн үеэр баримт шалгалт хийхийг хүлээн зөвшөөрдөггүй нь баримт шалгагчдын мэдээллийн үнэн бодит байдалд хувь нэмрээ оруулахад саад болдогийг Фактографын гүйцэтгэх захирал Ана Бракус анхааруулсан. Мөн ТикТок зэрэг технологийн компаниудаас хуурамч, аюултай мэдээллийг платформдоо зохицуулахдаа ил тод, нээлттэй байдлаа нэмэгдүүлэхийг шаардсан. 

Харвардын их сургуулийн улс төр, Латин Америк судлалын профессор Стивен Левицки, Эх сурвалж: Vanja Čerimagić

Хурлын төгсгөлд Харвардын их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Стивен Левицки илтгэлдээ дэлхий даяар ардчилсан дэглэмүүд аюулд өртөж буй тухай тайлбарлан, бие даасан хэвлэл мэдээлэл ардчиллын тогтвортой байдалд чухал болохыг анхааруулсан. Тэрээр “Бие даасан, өөрийгөө тэтгэх чадвартай хэвлэл мэдээлэлгүй үед засгийн газруудын буруу шийдвэрүүдийг эсэргүүцэхэд шаардагдах мэдээллийг иргэд авах боломжгүй” гэдгийг дурдсан юм. 

11 дэх удаагийн GlobalFact хурлын хаалтын арга хэмжээг Сараево хотын захиргааны ордонд зохион байгуулж, өнгөрсөн жилийн хамгийн шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

Зүүн дээд талаас: Myth Detector ерөнхий эрхлэгч Тамар Кинцурашвили, дэд эрхлэгч Маико Ратиани, Teyit захирал Эмри Илкан Саклижа, Энэтхэгийн Misinformation Combat Alliance . Шагнал гардуулсан Дюкийн их сургуулийн сэтгүүл зүй, төрийн бодлогын профессор Билл Адайр.
Эх сурвалж: Vanja Čerimagić

Үүнд, “Шилдэг хамтын ажиллагаа”-гаар Энэтхэгийн Boom, Fact Crescendo, Factly, India Today, The Logical Indian, Logically Facts, Newschecker, Newsmeter, Newsmobile, The Quint, THIP, Vishvas News зэрэг байгууллага хамтран хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг шалгах Whatsapp суваг ашиглан 500 гаруй дуу дүрс, бичлэг шалгасан ажилд олгосон. “Хамгийн шилдэг формат” шагналд Гүржийн Myth Detector байгууллага “Operation Infektion” хэмээх пропагандаг хэрхэн таних аргачлалыг бүтээлчээр танилцуулсан онлайн тоглоомоороо шалгарсан. Мөн тус байгууллага хүйс, бэлгийн чиг хандлагын талаарх хуурамч мэдээллийн судалгаагаараа “Шилдэг судалгааны бүтээл”-ийн шагналыг хүртсэн. Харин Туркийн Teyit баримт шалгах байгууллага “Хамгийн нөлөөтэй баримт шалгалт” шагналыг Палестинчууд Израилуудад түүхэн туршдаа газраа зарсан гэх мэдээлэлд баримт шалгалт хийж авсан юм. 

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document