Search

Олон улсын баримт шалгагчид 12 дахь жилдээ чууллаа

Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-нээс жил бүр зохион байгуулдаг “Global Fact-Checking Summit” 12 дахь жилдээ зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс баримт шалгагч нар цугларан, баримт шалгах үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, асуудал бэрхшээл, боломж, өөрчлөлтүүдийг хэлэлцэж, туршлага солилцлоо. Энэ жилийн чуулган 06 дугаар сарын 25-наас 27-ны өдрүүдэд Бразил улсын Рио де Жанейро хотод болсон нь Латин Америкийн орнуудын бүс нутагт анхны удаа болж буй гэдгээрээ онцлог юм.

Олон улсын баримт шалгах сүлжээний захирал Энжи Холан чуулганыг нээж үг хэлэхдээ, “Мэдээллийн хямрал бол зөвхөн технологийн асуудал биш, үнэт зүйл, итгэлцлийн асуудал. Үнэн бодит мэдээлэлд тулгуурласан нийгэм, ардчиллыг хамгаалахын тулд бид баримт шалгах арга замаа илүү сонирхолтой, хүртээмжтэйгээр хөгжүүлэх шаардлагатай болж байна.” гэх гол агуулгыг онцолсон юм.

Чуулганы эхний өдөр “Хуурамч мэдээллийн эсрэг тэмцэл ба хуулийн засаглал: Бразилын туршлага” хэлэлцүүлгээр эхэлсэн ба Бразил улсын хууль, шүүхийн өндөр албан тушаалтнууд оролцож, худал мэдээлэлтэй тэмцэхийн зэрэгцээ ардчилсан институцүүдээ хамгаалахын тулд ямар арга барил хэрэгжүүлж буй талаар хуваалцав. Тодруулбал, Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн эсрэг “Хуурамч мэдээллийн хяналт” нэртэй мөрдөн байцаах ажиллагаа явуулж, нийгмийн сүлжээний платформуудад буй тодорхой аккаунтуудыг хааж, мөн шүүхийн захирамжийг биелүүлэхээс татгалзсан учир X платформыг улс даяар түр хугацаанд хаасан гэдгийг мэдээлэв. Түүнчлэн, одоогийн Засгийн газарт худал, ташаа мэдээлэлтэй тэмцэхэд чиглэсэн “Ардчиллыг хамгаалах алба” байгуулсныг Ерөнхий прокурор Жорж Мессиас хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэв.

Мөн, баримт шалгалтын талаарх худал ойлголтууд ба тэдгээрт хэрхэн хариу үйлдэл үзүүлэх тухай болон эрх мэдэлтнүүдээс улбаатай хуурамч мэдээлэл хэрхэн түгдэг, улс төрийн баримт шалгалтын үүрэг яагаад чухал зэргийг панел хэлэлцүүлгүүдийн хүрээнд хэлэлцсэн билээ.

Чуулганы хоёр дахь өдөр хүний эрх ба технологи, баримт шалгалт ба сэтгүүлзүйн огтлолцол, мөн хуурамч мэдээлэл цахим орчинд газар авч буй өнөө цаг үед мэдээлэлтэй, хариуцлагатай нийгмийг бий болгохын чухлыг хэлэлцэж, баримт шалгагч байгууллагууд нийгэмд үзүүлж буй нөлөөллөө хэрхэн үр дүнтэй үргэлжлүүлж, салбарынхаа төлөө дуу хоолойгоо илүү хүчтэй хүргэсээр байх ёстойг гол хэлэлцүүлгүүдийн хүрээнд хөндлөө. Түүнчлэн, GlobalFact чуулга уулзалтын нэгэн онцгой мөч болох Global Fact‑Checking Awards шагнал гардуулах ёслол болсон юм. Тодруулбал, “Gold Standard Award”-ийн эзнээр Agence France Presse агентлаг, “Impact Award”-ийн эзнээр Бразилын Aos Fatos баримт шалгах байгууллага, “Creative Format Award”-ийн эзнээр Индонезийн Tempo баримт шалгах байгууллага, “Collaboration Award”-ийн эзнээр Factchequeado баримт шалгах байгууллага тус тус тодорлоо. Эдгээр үндсэн шагналаас гадна баримт шалгалтын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэрт нь талархан гурван сэтгүүлчид “Талархлын тусгай шагнал” гардуулсан юм.

Чуулга уулзалтын сүүлийн өдөр баримт шалгалтыг мэргэжлийн байгууллагуудад төдийгүй олон нийтэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор Олон улсын баримт шалгах сүлжээний (IFCN) гишүүн байгууллагууд хамтран бүтээсэн “Global Fact-Checking Chatbot” буюу хиймэл оюунд суурилсан платформын үйл явцаа танилцуулсан нь онцлох үйл явдал байлаа. Мөн, AI чатботуудын үйл ажиллагааны зарчим, үр нөлөө, бодит хэрэглээний туршлагуудаас хуваалцаж, эдгээр нь баримт шалгах салбарын ирээдүйтэй хэрхэн холбогдож буйг хэлэлцсэнээс гадна томоохон платформууд баримт шалгах үйл ажиллагаанаас ухарч буй энэ цаг үед, дэлхийн өнцөг булан бүрд байгаа баримт шалгах байгууллагууд орлогын эх үүсвэрээ хэрхэн төрөлжүүлж болох гарц, боломжийг хамтдаа хэлэлцсэн юм.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document