Search

Баримт шалгалт нь хуурамч мэдээллийг залруулаад зогсохгүй, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал гэдгийг Global Fact-Check Forum-д онцоллоо

Монголын баримт шалгах төвийн баг дэлхийн есөн орны 182 багийн 750 оролцогчдоос Шилдгийн шилдэг болж, “2-nd Global Fact-Check Forum”-д илтгэл тавьж, шагналаа гардан авсан бахархалтай үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэхээр бэлдлээ.

Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг форумын хүрээнд баримт шалгалтын уралдаан зарлаад хоёр оны нүүр үзжээ. Харин энэ жил хүрээгээ тэлж олон улсын хэмжээнд уралдаанаа зарласан ба анхны ялагчаар Монгол Улсын баг тодорч, удаах байруудад Хятад, Индонез улсын баг шалгарсан юм. Бусад номинац буюу Солонгосын үндэсний хэмжээний, мөн өсвөр насныхны дунд гэх мэт ангилалд тус бур гурван байр шалгаруулж, форумын хоёрдугаар хэсэгт ялагч багуудын илтгэлийг сонссон юм.

Энэхүү олон улсын хэмжээний форумыг зохион байгуулагчдын нэг YTN (영문: Yonhap Television News) нь БНСУ-ын 24 цагийн мэдээллийн тэргүүлэгч суваг юм.

YTN нь 1993 онд Солонгосын анхны 24 цагийн турш тасралтгүй эфир дамжуулах мэдээний телевиз болж байгуулагдсан бөгөөд улс орны болон дэлхийн мэдээ, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын мэдээллийг үзэгчдэд шуурхай хүргэдэг. Өдгөө YTN, YTN2, YTN Science, YTN World, YTN Radio, YTN DMB, Digital Media зэрэг суваг ажиллуулдаг, радио, гар утас, онлайн платформтой томоохон медиа компани болжээ.

Хамтран зохион байгуулагч Korea Community Media Foundation нь 2015 онд БНСУ-ын Харилцаа холбооны хорооны (Korea Communications Commission) дэргэд байгуулагдсан.

Солонгос дахь хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн эрхийг хангах, оролцоог нэмэгдүүлэх, мэдээллийн боловсрол, баримт шалгалтыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Үйл ажиллагаа нь бүхэлдээ үнэн зөв мэдээллийг дэмжих, мэдээлэл хүлээн авагч хэн ч байсан нягталж чаддаг болъё гэсэн зарчмыг дэмждэг. Энэ хүрээндээ Global Fact-Check Forum-ийг YTN-тэй хамтран зохион байгуулж иржээ.

Нэр хүндтэй профессоруудын илтгэлд хөндсөн сэдэв юу байв?

Чуулга уулзалтын эхний хэсэгт Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний гишүүн, АНУ-ын баримт шалгах төв PolitiFact-ийн гүйцэтгэх захирал Аарон Шарокман “Beyond the Echo Chamber: Shared Search for Reality” буюу цахим хэрэглэгч өөрийн үүсгэсэн мэдээллийн орчноосоо цааш гарч, бодит байдлыг эрэлхийлэхийн чухлыг онцолсон илтгэлээ танилцуулсан юм.

Тэрээр илтгэлдээ “Echo chamber” буюу хүн зөвхөн өөрийн үзэл бодолд нийцсэн мэдээллийг сонсдог “хаалттай орчин” бий болгож, тэр дундаа олон ургалч мэдээллийн хомсдолд орж байдгийг хөндсөн. Мөн энэ нь улстөрчдийн пропаганда хийх шимтэй хөрс төдийгүй гол зэвсэг нь болдог гэсэн юм. Баримт шалгалт гэдэг бол зөвхөн хуурамч мэдээллийг залруулахаар хязгаарлагдахгүй, үнэн бодит мэдээллийн эх сурвалжийг иргэдийн мэдээллийн хаалттай орчинд нь оруулж өгөх замаар итгэлцлийг нэмэгдүүлэх чухал зүйл гэдгийг онцоллоо.

Түүний дараа Хонконгийн Их сургуулийн сэтгүүл зүйн профессор Масато Кажимото “Teaching Bias or Fairness? Fact-checking as Education” илтгэлдээ баримт шалгалт нь сэтгүүл зүйн боловсролын чухал хэсэг болохыг хөндлөө.

Профессор Масато “Баримт шалгалт бол мэдээллийг баталгаажуулах үйлчилгээ төдий биш, харин боловсролын системд заавал заах ёстой ур чадвар юм” гэдгийг онцолсон. Мөн тэрээр “Залуучууд баримт шалгалтын тайланг уншихаас залхана, харин өөрөө нягталж үзэх тоглоом, сорилоор дамжуулж мэдээллийн бодит байдлыг олохыг сонирхоно. Тиймээс оюутнуудаар баримт шалгуулах нь үр дүнтэй” гэсэн юм.

Түүний үүсгэн байгуулсан Хонконгийн Их сургуулийн оюутны баримт шалгах төв AnnieLab нь IFCN-ний баталгаажуулалт авсан цорын ганц оюутнууд ажилладаг баримт шалгах төв юм.

Форумын гурав дахь чухал илтгэл бол Сан мүүн Их сургуулийн профессор У Сэ Үк “Хиймэл оюуны тусламжтайгаар баримт шалгахын давуу болон сул тал”-ын талаарх сонирхолтой илтгэл байлаа.

Тэрээр илтгэлдээ хиймэл оюун нь баримт шалгахад дата, хурд, орон зайн үл хязгаарлалт гээд олон давуу талтай ч өрөөсгөл мэдээлэл түгээх бас нэг том хүчин зүйл болж байгааг хөндлөө. У Сэ Үк профессор “LLM-үүд тухайн хэлээр сургагдсан байдлаараа “hallucination” гаргах буюу үнэн баримтгүй атлаа логик сайтай, бараг итгэмээр худал мэдээлэл, зохиомол баримт, эх сурвалж, огноо, нэр, тайлбар зэргийг өөрөө бүтээж бичиж болдог нь гол эрсдэл юм” гэлээ.

Өөрөөр хэлбэл LLM-үүд мэдлэгийн сангаас үнэнг шалгаж өгөх биш, харин хэлний хэв маягт тааруулж дүрэмд нийцсэн өгүүлбэр үүсгэж байдаг. Тиймээс үнэн худлыг ялгаж мэдэхгүй, зөвхөн ямар үгний дараа ямар үг байж магадгүй вэ гэдгийг тооцож ажилладаг. Ингэж гаргасан мэдээлэлд хариуцагч эзэнгүйдэж, нийгэмд хуурамч мэдээлэл тархах нэг суваг болж байгаад шүүмжлэлтэй хандсан юм. Тэрээр хиймэл оюуны ажиллагааны ил тод байдлын стандартыг гаргаж, “хиймэл оюун бол шийдвэр гаргахад туслах хэрэгсэл болохоос эцсийн дүгнэлт гаргах эзэн биш” гэдгийг санаж явахыг уриаллаа.

Уралдааны ялагчдын илтгэлд юу өгүүлэв?

Үдээс хойш форумын хоёрдугаар хэсэг манай багийн “Системтэйгээр түгээсэн хуурамч мэдээллийг судлах нь” илтгэлээр эхэллээ. Бид Монголын цахим орчинд зохион байгуулалттайгаар, тогтмол түгээдэг хуурамч мэдээллүүдийн нэг болох уран болон цацраг идэвхт бодистой холбоотой хийсэн 30 орчим баримт шалгалтаа нэгтгэж, арга зүй болон эх сурвалжуудаа нээлттэй мэдээлэх зарчмаар бүтээлээ бэлдсэн юм. Тухайлбал, зургаар хайх, агуулгаар нягтлах, газрын зурагт координатаар хайх, төрийн болон олон улсын баталгаат эх сурвалжуудын нээлттэй мэдээлэл цуглуулах, зураг бичлэгт засвар хийсэн, AI-аар хийснийг шалгах хэрэглүүр ашиглах, түгээсэн хаягуудын давхцал, сошиал ул мөр шинжлэх зэрэг аргаар хуурамч мэдээллийг зорилготойгоор бүтээж, түгээдгийг нотолсон юм. Мөн эдгээр хуурамч мэдээллийг түгээх шалтгаан нь геополитикийн нөхцөлтэй хэрхэн уялдаж байгааг гаргасан юм. /Бүтээлтэй эндээс танилцах боломжтой/

Монголын баримт шалгах төвийн “Системтэйгээр түгээсэн хуурамч мэдээллийг судлах нь” илтгэл танилцуулгын хэсгээс. 2025.12.12.
Шалгарсан багуудын бүтээлийн танилцуулгыг тавьсан байгаа нь.
  • БНСУ-ын Үндэсний ялагч болон Өсвөр насны ангилалд түрүүлсэн багийнхны сэдэв мөн сонирхолтой.

БНСУ-ын Үндэсний ялагч болсон “Кэ비스кон” (Team Kaviscon) баг K-POP салбар “эко” буюу байгальд ээлтэй альбом нэвтрүүлж эхэлсэн нь үнэхээр байгаль орчны бохирдлыг бууруулж чадаж байгаа эсэх, “эко альбом” гэдэг нэршил нь бодит үр дүнтэй юу, эсвэл зөвхөн маркетинг кампанит ажил уу гэсэн эргэлзээг баримтаар нягталжээ.

“K-POP салбарын “эко” альбомууд нь зөв зорилготой боловч байгал орчны бохирдлыг бодитоор бууруулж чадахуйц үр дүн гаргаж байна гэж баттай хэлэхэд хангалттай нотолгоо байхгүй” гэж дүгнэжээ.

Тэд одоохондоо “эко” гэж нэрлэгдсэн альбомууд нь нүүрстөрөгч (CO₂)-ийг хэдэн хувиар бууруулсан, эсвэл пластик хаягдлыг хэдий хэмжээгээр багасгасан гэх олон улсын стандартаар баталгаажсан дата судалгаа байхгүйг онцолсон. Дүгнэхэд, K-POP салбарын “эко альбом” хэмээх санаачилга нь эерэг хандлагыг харуулж байгаа ч, хэмжигдэхүйц үр дүнгүй, хоосон уриа болж байгааг хөндсөн байна.

Форумын хамгийн хайр татсан хэсэг бол өсвөр насныхны дунд явуулсан баримт шалгах уралдааны ялагчдын илтгэл байв. F.A.C.T багийн дөрвөн гишүүн ээлжлэн, “Нууц үгэндээ тусгай тэмдэг оруулах нь аюулгүй байдлыг үнэхээр нэмэгдүүлдэг үү?” гэх судалгаагаа танилцуулсан юм.

F.A.C.T багийн гишүүд
Нууц үгэндээ тусгай тэмдэгт ашиглах нь хүчтэй болгох эсэхийг нягталжээ

Тэдний судалгааны үр дүнд нууц үгэндээ тусгай тэмдэг оруулах нь зарим нөхцөлд хүчтэй болгох боловч дангаараа хангалттай биш, харин хамгийн чухал нь урт, давтагдашгүй, хосолсон бүтэцтэй байх нь аюулгүйн хамгаалалт өндөр гэдгийг гаргаж иржээ.

Ийнхүү Global Fact-Check forum-ын ангилал тус бүрд тэргүүлсэн багууд илтгэлээ танилцууллаа. (Форумын бүтэн бичлэгийг хүлээн авах бол эндээс үзнэ үү)

Зохион байгуулагчдыг төлөөлж, Олон нийтийн хэвлэл мэдээллийн сангийн Медиа итгэлцэл хөгжүүлэлтийн менежер Жи Юн Ким “Энэ жилийн Global Fact-Check forum гурван ангиллаар зохион байгуулагдсан. Монголын баг системтэйгээр мэргэжлийн түвшинд нягталж, бүтээлээ илгээсэн нь өндөр үнэлгээ авсан. Баримт шалгалтын тайлан нь Google-ийн координатаар газрын зурагт дүн шинжилгээ хийж, тухайн салбарын мэргэжлийн эх сурвалжуудыг ашигласан зэрэг нь Шилдгийн шилдэг шагнал авах үндэслэл болсон гэж сонссон” гэсэн юм.

“Global Fact-Check Competition”-ийн шүүгчдийн хараат бус байдлыг хангаж, олон нийтэд нээлттэй мэдээлээгүй ба олон улсын баримт шалгалтын үнэлгээний шалгуураар шүүснээ мэдэгдсэн юм. Энэ нь шинжлэх ухааны нотолгоо, эх сурвалж, датад тулгуурласан байдал, нягталж шалгах арга зүйгээ нээлттэй тодорхой мэдээлсэн эсэх, олон нийтэд мэдээллийн үнэн бодит байдлыг хүргэхэд бодитой хувь нэмэр оруулсан байх, нийгмийн сүлжээ, мэдээллийн орчинд тархалт, хэрэглээ өндөр байх, бусад хүмүүс суралцахад хялбар, үлгэр жишээ болохуйц байх зэрэг шаардлага тавьдаг шалгуур юм. Баримт шалгалт нь бусад кэйсийн нягтлахад дахин ашиглах, суралцах боломжтой загвар, тайлбар, гүйцэтгэлтэй байх нь чухалд тооцогддог. Энэ шалгуур нь зөвхөн тухайн баримт шалгалтыг үнэлэх төдийгөөр хязгаарлагдахгүй сошиал медиа хэрэглээнд баталгаат эх сурвалжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үздэг.

Check document