Search

GenAsia Challenge 2025 уралдаанд Японы баг тэргүүлж, Тайванийн багууд удааллаа

Өнгөрсөн бямба гараг буюу 12 дугаар сарын 13-нд GenAsia Challenge 2025 мэдээлэл нягтлах олон улсын уралдаанд таван улсын 24 баг өрсөлдөж ялагчид тодорлоо. 16-24 насныхны дунд зохион байгуулдаг уг уралдааны 2025 оны ялагчаар Японы “YAYO-SAN” баг түрүүлсэн бол хоёрдугаар байранд Тайванийн “Do I Look Like” баг, гуравдугаар байранд мөн Тайванийн “Sumimasen” баг шалгарлаа. Харин Монголын багууд 9-16 дугаар байрт орсон байна.

Олон улсын уралдааны өмнө Тайван, Энэтхэг, Тайланд, Монгол, Япон дахь баримт шалгах байгууллагууд өөрийн улсдаа мэдээлэл нягтлах, баримт шалгах ур чадварын үндэсний уралдааныг зохион байгуулж, эхний таван байрыг тодруулсан ба тэдгээр баг цахим платформ ашиглан олон улсын уралдаанд ур чадвараа сорьсон юм.

GenAsia Challenge 2025 олон улсын уралдааны Zoom уулзалтын үеэрх зураг

Уралдаанд нийт таван улсын 800 гаруй залуус оролцож баримт шалгах, онлайн эрэн сурвалжилгын ур чадвараараа өрсөлдсөн юм.

Олон улсын уралдаанд мэдээлэл нягтлах үндсэн чадваруудыг сорилоо

Энэ жилийн уралдаанд мэдээллийг нягтлах уламжлалт сорилтууд болох хуурамч мэдээллийг илрүүлэх, сошиал медиа дахь мэдээллийн эх сурвалжийг тогтоох мөн энэ жилээс шинээр нэмэгдэж буй хиймэл оюун ухааны контентыг таних, AI хийсэн зураг, бичлэгийг тогтоох зэрэг даалгаврууд багтсан. Оролцогчид AhaSlide платформоор 2-5 минутын хугацаанд нийт найман даалгавар биелүүлж өрсөлдсөн ба зөв хариултыг хамгийн хурдан илгээсэн багууд өндөр оноо авч эхний байруудыг эзэлсэн юм.

Уралдааны асуултын жишээ

Уралдааныг Японы Japan Fact-check Center, Classroom Adventure Тайванийн Taiwan Fact-Check Center, Энэтхэгийн DataLeads, Тайландын Cofact болон Монголын баримт шалгах төв хамтран зохион байгуулсан юм. Эдгээр нь баримт шалгах чиглэлээр дагнасан, хэвлэл мэдээллийн боловсролын төлөөх байгууллагууд юм.

Олон улсын уралдаан зохион байгуулагчид

Уралдааны зохион байгуулагчид тэмцээний дараа асуулт бүрийн зөв хариулт болон мэдээлэл нягтлах үйл явцыг тайлбарлаж, баримт шалгалтыг ойлгох нь зөв хариултыг яаравчлан илгээхээс илүү чухал шүү гэдгийг онцолсон. Хуурамч мэдээллийн эх сурвалжийг шинжилж, хайлтын техник, хэрэглүүрийн хэрэглээг харуулснаар оролцогчид тэмцээний туршлагаа өдөр тутмын амьдрал болон ирээдүйн карьерын практик ур чадвар болгон хувиргах боломжтой юм.

Монголын багууд баримт шалгах чадварт гүнзгий суралцан, амжилтаа ахиулахыг зорьж байна

Монголын 50 багаас шалгарч олон улсын уралдаанд оролцсон 5 багаас есдүгээр байрт “Real eyes realize real lies” баг, 11 дүгээр байрт “Unnu.hudu”, 12 дугаар байрт “MitoWonderia” багууд жагссан байна. Хэдийгээр энэ жилийн олон улсын уралдаанд шилдгээр шалгараагүй ч ирэх жил дахин оролцох урам зориг авч, амжилтаа ахиулахаар зорьж байгаагаа тэд илэрхийлсэн юм.

GenAsia Challenge 2025 олон улсын уралдааныг Zoom болон AhaSlides платформоор зохион байгуулав.

“Real eyes realize real lies” багийн гишүүн Э.Мандуул энэ удаа эхний 10-т орсон ч дараа жил эхний 5-д орох зорилт тавьсанаа илэрхийлсэн бөгөөд “уралдааны үеэр сурсан баримт шалгах аргуудыг мэддэг байхад амьдралд их хэрэгтэй санагдсан. Манай багийн эрх зүйгээр сурдаг гишүүн шүүхийн шийдвэрээс хайлт хийхдээ Google нарийвчилсан хайлтаар оновчтой, шуурхай хайж олдог болсон” гэдгийг онцолсон юм.

Харин “Unnu.hudu” багийн гишүүн Ш.Энхжин дараа жилийн уралдаанд дахин оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэн “Дараа жил илүү туршлагатай, илүү бэлтгэлтэй оролцож, өмнөх мэдлэгээ улам гүнзгийрүүлэхийг зорьж байна” гэсэн юм. Тэрээр уралдаанд оролцсоноор “зураг, бичлэгийн байршлыг тогтоох, тэдгээр нь бодит, эсвэл хиймэл оюунаар бүтээсэн эсэхийг ялган таних арга барилд суралцсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа” гэдгийг онцлоод, цаашид “мэдээллийн үнэн зөвийг шалгаж, буруу ташаа мэдээлэлд автахгүй байх, бусдад түгээхгүй байх зэргээр өдөр тутмын хэрэглээндээ тогтмол ашиглаж, аливаа мэдээлэлд илүү шүүмжлэлтэй хандах” чадварт суралцсан нь ихээхэн ач холбогдолтой байснаа хуваалцсан.

“MitoWonderia” багийг төлөөлөн Э.Содбилэг сэтгэгдлээ илэрхийлэхдээ “баг болон оролцсон хоёр найзтайгаа мартагдашгүй дурсамж бүтээсэн” гэдгийг онцлоод, “уралдаанд оролцсон явдал нь ирээдүйд зорьсон мэргэжилдээ суралцахад дэмжлэг болсон” гэлээ. Тэрээр “Би том болоод кибер аюулгүй байдлын мэргэжилтэн болохыг хүсдэг… Мэргэжилтэй маань ойрхон байсан болохоор тэр талаараа хөгжиж мөрөөдөлдөө хүрэхэд ойртсон” хэмээн сэтгэл дүүрэн ярьсан юм. Тэд дараа жил дахин оролцоно гэдгээ мөн илэрхийлсэн.

Зохион байгуулагчид GenAsia Challenge нь Ази даяарх залуучуудыг холбож, шүүмжлэлт сэтгэлгээг дэмжин, хуурамч мэдээлэл болон хиймэл оюун ухаанаар үүсгэгдсэн контент нягтлах чадварыг залуучууд болон нийгмийн бүлгүүдийн дунд хөгжүүлнэ гэж найдаж байгаа юм. Ирэх жилийн уралдааныг илүү өргөжүүлж, дижитал эрин үед мэдээлэл нягтлах чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд уралдааны товыг эцэслэн тогтоохоор олон нийтэд зарлах юм.

Хэрвээ та 16-24 насны найз нөхөд, хамаатан, ойр дотны хүмүүсээ GenAsia Challenge уралдаанд оролцуулах эсвэл хамт баг болон оролцохыг хүсвэл энэхүү мэдээг хуваалцан, манай төвийн сошиал медиа сувгуудыг дагаарай.

Check document