Search

Үндэсний бөхийн допингийн асуудлаас болж олимпод цагаан туган дор орох нь гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #685

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудлаас болж олимпод цагаан туган дор ороход хүрлээ гэх ойлголт төрүүлэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уламжлалт спортыг их спорттой адил хэмжээнд далайцтай хөгжүүлэх зорилгын хүрээнд бөхчүүдээс ийн допингийн шинжилгээ авдаг болсон ч энэ нь олон улсад Монголын тамирчдын олимпод оролцох хувь заяанд шууд утгаараа нөлөөлнө гэж үзэх нь өрөөсгөл юм.

2023 оны 9-р 10-наас “Тайлбарлагч С.Шижирбат:  Допингийн төвөөс болж Монгол Улс 2024 оны олимпод цагаан туган дор орж магадгүй байна” гэх мэдээлэл түгээжээ. 

Мэдээлэлд: “WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хоёр төлөөлөгч өнгөрсөн сард Монголд ирж, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг удаа дараалан зөрчил гаргасан,   асуудлаар анхааруулга сануулга өгчээ. Дээрх хоёр төлөөлөгчийн дүгнэлтийг ДДЭА-ийн Удирдах зөвлөл хэлэлцээд алдааг засах нэг сарын хугацаа өгсөн нь энэ сарын 22-ноор дуусах нь.

Алдаануудаа засахгүй бол 2024 оны Парисын олимпод Монгол Улс өөрийн нэр дээр орж чадахгүй, Монголын төрийн далбаа олимпын үеэр олимпын тосгоноос эхлээд хаана нь ч харагдахгүй буюу Монгол тамирчин медаль авбал төрийн далбаа мандахгүй, алт авбал төрийн дуулал эгшиглэхгүй дэлхийн булай болох нөхцөл байдал үүсч мэдхээр болжээ.

Хэний үед ийм юм болов гэвэл ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Спорт, олимпизмын сайд Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг нарын үед Монгол Улс түүхэндээ анх удаа өөрийнхөө нэр дээр олимпод орж чадаагүй гэж түүхэнд хараар үлдэх нь. Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттүшиг нарт үүрэг өгч, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэ гэсэн, юу хүлээгээд хугацаа алдаад байна аа. ДДЭА-ийн төлөөлөгчдийг ирэхэд сэтгүүлчидтэй уулзуулахгүй гээд нууцлах аядаад явуулсан. Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагыг Ж.Хатанбаатар 13 жил толгойлж үр хүүхдүүдтэйгээ гэр бүлийн байгууллага болгосон.

“Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байна даа”.

Монголын үндэсний олимпын хороо өөрөө дэлхийн допингийн эсрэг дүрмийн 23.1 т зааснаар дүрэмд гарын үсэг зурагч. Мөн уг дүрмийн 20.4.18 д арга хэмжээ авах бүрэн эрх нь бий. Уг дүрэмд зааснаар засагтайгаа хамтраад одоогийн Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичиг Вадад хурдан өгөх ёстой.

Засгийн газар хүлээгээд байдаг Б.Баттүшиг яаачваа. 2024 оны 1 сарын 1-нээс Монгол Улсын эрхийг хасах магадлалтай. Хасчихвал эргээд сэргээх гэж бөөн юм болно шүү, хугацаа алдана” гэж нийтэлсэн байна. 

Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.     

Уг мэдээлэлд Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага яг ямар зөрчил удаа дараалан гаргасан тухай тодорхой мэдээлээгүй ба “Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал ингэж л гай болж байна даа” гэсэн нь монгол үндэсний бөхийн допингийн асуудал монголчуудыг 2024 оны олимпод оролцоход нь саад болж буй гэсэн ойлголт төрүүлэхээр байна.  

Дээрх мэдээлэлд гарсанчлан WADA-ийн /Дэлхийн допингийн эсрэг агентлаг/ Удирдах зөвлөлөөр монголчуудын хувьд ямар алдаа зөрчил гаргасан нь тодорхойгүй, яг энэ утгаар мэдээлэл хайхад нээлттэй эх сурвалжуудаар баталгаажсан эх сурвалжууд олдоогүй учраас аман мэдээлэл хэлбэрээр цацагдсан нь түлхүү ажиглагдаж байлаа. Гаргасан зөрчлийг хэдийгээр уг мэдээг бичигч оруулаагүй боловч хэвлэл мэдээллийн зүгээс мэргэжлийн байгууллагуудаас, эсвэл Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын ерөнхийлөгч Ж.Хатанбаатараас тодруулга авалгүй бүрэн бусаар мэдээлжээ. 

Уг мэдээлэлд “допингийн эсрэг дүрэмд гарын үсэг зурагч” гэсэн нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн  Хүлээн зөвшөөрөх, нийцүүлэх ба өөрчлөлт оруулах тухай 23-р зүйлийн дүрмийг хүлээн зөвшөөрөх байгууллагуудад Допингийн эсрэг үндэсний байгууллага ордог болохыг тодорхойлдог.

Харин тус дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 20.4.18-д Энэ дүрмийн 24.1 зүйл Гарын үсэг зурагчдыг дүрэмд нийцүүлэх олон улсын стандартад нийцээгүй 

а. Гарын үсэг зурагч 

б. Энэ дүрмийн 12-р бүлэгт заасан эрх бүхий бусад спортын байгууллагын аливаа үйлдлийг зогсоох, холбогдох арга хэмжээг авах” гэж заасныг үндэслэн тухайн байгууллагын эсрэг арга хэмжээ авахыг шаардсан байна. Ингэхдээ МҮОХ-г Монгол Улсын Засгийн газартай хамтран, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад итгэл үзүүлэхгүй байх тухай бичгийг WADA-д хурдан өгөхийг шаардсан нь олон нийтэд “үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудал”-аас үүдсэн гэх ойлголт төрүүлэхийг оролдсон агуулгаар хариуцлага тооцох үндэслэлгүй юм.

Харин нөгөө талаас, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь сайтдаа мэдээлэл цэсээ хөтөлдөггүй ба албан ёсны байр суурь тодруулахаар хандсан боловч холбогдож чадсангүй.

Улмаар 09 дүгээр сарын 12-нд newswire.mn сайтад Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нэг мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “…Допингийн хяналтын хөтөлбөрийн санхүүжилт нь уг байгууллагын ажиллаж байгаа хугацаанд улсаас Допингийн хяналтын хөтөлбөрт  зориулан гаргасан цорын ганц удаагийн санхүүжилт юм…” гэсэн боловч хэдий хэмжээний мөнгөний тухай асуудал болохыг дурдаагүй. 

Мөн “…БТСУХ-ны албан тушаалтнууд нь тамирчдын амжилтыг баталгаажуулдаг допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэхгүй хоёр жил гаруй саатуулсан” /энэ наймдугаар сард төлбөрийг шилжүүлсэн тухай бас дурдсан/ ба үүнээс болж WADA-ийн Нийцлийн хорооноос “Нэн ноцтой зөрчилд” бүртгэх хугацааг тогтоох болсноо мэдэгдэж, тодорхой өгөгдсөн хугацааны дотор өгсөн үүрэг даалгавруудыг хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын тамирчид өөрийн орны тугийн дор жагсаж чадахгүй болохоос гадна Спортын олон улсын арга хэмжээний бүх эрхээ алдах тухай мэдэгдсэн…” гэж дурджээ. Түүнчлэн “Үндэсний баяр наадмын тухай хуульд бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар заасан учраас  үндэсний бөхчүүдэд Олимп, ДАШТ болон олон улсын хэмжээний уралдаанд оролцож буй тамирчдад тавигддаг дэлхийн стандартын  дагуу допингийн шинжилгээ хийгдэж байгаа” гээд энэ үйл явцыг “…хууль хяналтын байгууллагууд процессыг маш сайн мэдэж байгаа“-г тодотгоод “Допингийн эсрэг байгууллагыг элдэв зүйлээр хардан гүтгэж, үйл ажиллагааны хараат бус байдалд халдах гэсэн оролдлого, буруу ташаа мэдээллийг олон улсын байгууллагад өгөх зэрэг нь хэрээс хэтэрч байна” гэх мэтээр дурджээ. /Мэдэгдлийг бүрэн эхээр нь эндээс/

БТСУХ-ны шилэн дансыг судлахад Дэлхийн допингийн эсрэг агентлагийн 2023 оны гишүүнчлэлийн татварын зардал болох 107,662,880 төгрөгийн зардлыг гаргах тухай тушаалыг БТСУХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулгын гарын үсгээр баталгаажуулан оруулсан байна.

Мөн Допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжихэд 2023 оны 9-р сарын сарын 1-нд БҮТСУХ-ноос 784,000 төгрөг төсвийн тодотголоор зарцуулахаар болсон тухай тайлан байна. 

Олимпод улсынхаа тугийг өргөхгүйд хүрэх 2 тохиолдол

Олимпын наадамд ОУОХ-ны туган доор оролцох түгээмэл 2 тохиолдол бий. Үүнд:

  1. Улс төрийн үл ойлголцол: Хүйтэн дайны үед буюу социалист, капиталист системийн хагарлын үед ОУОХ-ны туган дор оролцох асуудал хамгийн их үүсэж байсныг “Москва-1980”, “Лос-Анжелес-1984” олимп харуулдаг. Мөн улс төрийн янз бүрийн нөхцөл байдлаас үүдэн орогнол хүсэж буй, эх оронд нь дайн болж байгаа ч олимпын эрхээ хангасан тамирчид цагаан туган дор оролцох тохиолдлууд байдаг. 
  2. Допингийн зөрчил: Тамирчид нь зохион байгуулалттайгаар допинг хэрэглэсэн асуудлыг Олимпын хороо болон тухайн улсын Допингийн эсрэг байгууллагын зүгээс нуун дарагдуулах, допингтой холбоотой удаа дараагийн зөрчил гаргах үед тухайн улсын олимпод оролцох эрхийг нь хасаж, олимпын эрх авсан тамирчид ОУОХ-ны тугийн өмнөөс оролцоход хүрдэг. Шийтгэлийг тухайн нөхцөлөөс шалтгаалан янз бүрийн хугацаагаар оногдуулдаг.  /Энэ нь зөвхөн их спортын тамирчдад хамаатай/

Харин их спортыг нэгтгэсэн, ОУОХ нь 206 оронд гишүүнчлэлтэй байгууллага бөгөөд Монгол Улсын хувьд 1964 оноос олимпод оролцож эхэлсэн. ОУОХ-ны Олимпын хартийн 25-р заалтад “Олон улсын спортын холбоодын хууль, дүрэм журам, үйл ажиллагаа нь олимпын хөдөлгөөний хүрээнд олимпын хартид нийцэж Дэлхийн Сэргээшийн Эсрэг дүрмийн биелүүлэн ажиллана. Дээрхи заалтыг биелүүлэн ажиллахын зэрэгцээ бүх ОУСХ-д бүрэн бие даасан байж, тухайн спортын үйл ажиллагааг бие даан удирдан явуулна” гэж заасан байдаг.    

Зөвхөн олимпын төрлийн спортууд л ОУОХ-нд хамаарагддаг бол үндэсний бөхийн тухайд огт өөр ойлголт юм. 

Хэдийгээр Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 18 дугаар зүйл болох “Допингийн эсрэг үйл ажиллагаа” хэсэгт тодорхой тусгаж өгсөн байдаг ч үндэсний бөх бол манай улсын уламжлалт спорт бөгөөд Японы сүмо бөхтэй ижил агуулгатай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, Япон үндэсний спорт болох сүмод допингийн шинжилгээ авдаггүй бол Монгол үндэсний бөхөд допингийн шинжилгээ авдаг. Уламжлалт спортыг их спорттой адил хэмжээнд далайцтай хөгжүүлэх зорилгын хүрээнд бөхчүүдээс ийн допингийн шинжилгээ авдаг болсон ч энэ нь олон улсад Монголын тамирчдын олимпод оролцох хувь заяанд шууд утгаараа нөлөөлнө гэж үзэх нь өрөөсгөл юм.     

Харин 09 дүгээр сарын 22-нд БНХАУ-д WADA-ийн Нийцлийн хороо хуралдаж, Монгол, Алжир, Эквадор, Филиппин зэрэг улсыг дүрмийг дагаж мөрдөх асуулгаар илэрсэн зөрчлийг засах 4 сарын хугацаа олгож, “ажиглалтын жагсаалт”-д оруулсан талаар мэдээлсэн

Энэ нь шалгаж буй мэдээлэлд дурдсан “Үндэсний бөхийн олон жилийн допингийн асуудлаас” бус, их спортын шигшээ багийн тамирчдын шинжилгээний төлбөрийн асуудлаас үүдэлтэй болохыг дүрэм, журам болон бусад мэдээллээс харж болно.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document