2025 оны 01 дүгээр сарын 26-ны Энхтөрийн Галбадрал нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Сонгинод үнэхээр анагаах ид шид байдаг гэдгийг энэхүү мэдээлэл дахин нотоллоо. Зүгээр л дагаж хийгээд үр дүнг нь мэдрэх л үлдлээ” гэх агуулгатай, сонгиноор эдгээж, анагааж болох найман зөвлөгөөтэй пост түгээжээ. Уг постыг 5200 гаруй реакц, 240 сэтгэгдлээр идэвхжүүлж, 9600 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид зөвлөгөө бүрд баримт шалгалт хийлээ.
Сонгинын хандаар ханиадыг эдгээнэ гэдэг нь шинжлэх ухааны судалгаа, шинжилгээгээр нотлогдоогүй уламжлалт арга аж. АНУ-ын Оклахома мужийн Integris Health ашгийн бус эрүүл мэндийн байгууллага сонгинод хэдийгээр ашигтай шим тэжээл ба антиоксидант агуулагддаг ч сонгинын ханд хийж хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.
- Мөн бид сонгино тавьж ханиад эмчилнэ гэсэн мэдээлэлд өмнө нь 2022 онд, 2023 онд, 2025 онд тус бүр баримт шалгалт хийж байсныг дарж ороод үзээрэй.
Америкийн Хүүхдийн Эмчийн Академи (AAP) цахим орчинд түгсэн энэ мэдээлэлд баримт шалгалт хийж, “Хэдийгээр сонгино идэхэд үрэвслийн эсрэг болон антиоксидантын үйлчилгээ үзүүлдэг ч, жин тавьснаар халуун бууруулах ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй. Шинжлэх ухаанаар нотлогдоогүй” гэсэн байна.
2024 онд гарсан Times of India-ийн нэгэн нийтлэлд сонгинын ашиг тусын талаар дурджээ. Үүний нэг нь “Сонгино сэрүүцүүлэх байгалийн шинж чанар агуулдаг. Тиймээс түүхий эсвэл хагас боловсруулж хэрэглэх нь кверцетин ба хүхрийн нэгдлүүд агуулдаг тул биеийн дулааныг бууруулах үйлчилгээтэй” гэсэн байна. Тэгэхээр сонгино дулаацуулах бус, сэрүүцүүлэх шинж чанартай аж.
“Сонгиноор чихний халдвар, өвчин намдаадаг гэж зарим хүн итгэдэг ч энэ нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй зүйл юм. Сонгинод агуулагддаг үрэвслийн эсрэг шинж чанар нь өвчин намдаах үйлчилгээ үзүүлдэг байж болзошгүй” хэмээн SingleCare эрүүл мэндийн байгууллага нийтлэлдээ дурджээ. Түүнчлэн эрүүл мэндийн мэдээлэл, үйлчилгээний вэбсайт WebMD “Сонгино цус алдалтыг бууруулах болон цусан дахь сахрын хэмжээг бууруулах үйлчилгээтэй” гэсэн боловч эдгээрийг шинжлэх ухаанаар нотлоогүй гэжээ.
Сонгины талаар нааштай мэдээлэл гэвэл эрүүл мэндийн вэбсайт болох Healthline “Сонгино антиоксидант, фитохими, бактерийн эсрэг бодисуудаар баялаг тул арьсанд ач тустайгаас гадна цайруулж, сорви бүдгэрүүлдэг” хэмээсэн бол Нью-Йоркийн Их Сургуулийн доктор Эрик Блок “Хэрчсэн шинэхэн сонгино зөгий болон шавжид хазуулсан хэсгийн үрэвслийг бууруулж, таагүй байдлыг багасгах үйлчилгээтэй” гэдэгтэй санал нийлжээ.
Сонгины ач тус гэх төөрөгдүүлсэн мэдээллийг жил бүр дахин давтан түгээж, өндөр хандалт авдаг нь гарын дорх материалаар өвчин намдаах гэсэн олон нийтийн сэтгэл зүйг ашигладаг зохион байгуулалттай мэдээллийн нэг хэлбэр юм.