Search

Агаарын чийгшил өндөр үед онгоцны утаа илүү урт хугацаанд тод харагддаг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #731

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хор цацаад явчихлаа” гэсэн тайлбартай онгоцны утааны зургийг байршуулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Сэмжин үүл бүрэлдэх өндөрлөгт нисэж байгаа онгоцны утаа доош замхралгүй буух бараг л боломжгүй. Зориулалтын онгоцоор, бага өндөрт л хор цацах боломжтой.

2023 оны 10 дугаар сарын 26-нд Gan Gan нэртэй хэрэглэгч “Хор цацаад явчихлаа” гэсэн тайлбартай онгоцны утааны зургийг байршуулсан нь 26 реакц, 17 сэтгэгдэл авч, 16 удаа цааш хуваалцсан байна.

Онгоцны утааг хүмүүсийн дээрээс цацаж буй хор гэж үзэх хуйвалдааны онол байдаг. Хуйвалдааны онолд үндэслэсэн уг мэдээлэл яагаад худал болохыг дараах баримт шалгалтаас уншаарай.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ

1. Онгоцны утаа хор агуулдаг уу?

Европын тээвэр ба байгаль орчны нэгдлийн мэдээллээр онгоцноос нүүрсхүчлийн хийнээс гадна азотын исэл болон усны уур гарах ба тэдгээр нь дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хийнээс 2 дахин илүү нөлөөлдөг болохыг мэдээлсэн байна. Олон улсын агаарын тээврийн холбооны дэргэдэх Агаарын тээврийн зөвлөлийн вебсайтын тоо, баримт хэсэгт мэдээлснээр 2019 онд дэлхийн нүүрсхүчлийн хийн ялгарлын 2.1 хувийг агаарын тээврийн салбар ялгаруулжээ.

2. Онгоцны утаа агаарт хэрхэн бүрэлддэг вэ?

Нисэх онгоцны шатаж буй хөдөлгүүрээс гарах хаягдал хийн халуун уур нь хүйтэн агаарт хөлдөн олон бичил мөсөн талст үүсгэж байгаа нь цагаан мөр болон харагддаг. Тухайн онгоцны нисэж буй өндрийн түвшинд агаарын чийгшил бага байвал мөсөн талстууд амархан сарнина. Харин агаарын чийгшил их тохиолдолд тод харагдах хөлдсөн уурын талс үүсгэж буй нь тэр юм. Зарим агаарын хөлөг цагаан мөр үлдээж, зарим нь үлдээхгүй байгаа нь тухайн өндөрлөгт агаарын чийгшил хэр хэмжээнд байгаатай холбоотой. Их чийгшилтэй агаарт үүссэн бичил мөсөн талстууд сэмжин үүл үүсгэдэг. Сэмжин үүл нь ширхэглэсэн, хялгас маягийн бүтэцтэй.

Ямар нэг хорт бодис онгоцноос ялгарсан байсан ч сэмжин үүл бүрэлдэж буй агаарын өндөрлөгөөс газрын түвшин хүртэл маш их зайг туулж агаарт замхралгүй буух бараг л боломжгүй.

BBC агентлаг: Их Британийн Цаг уур судлалын үндэсний хүрээлэнгийн судлаач Айдан МакГивэрн
Зургийн тайлбар: 10 дугаар сарын 26-ны цаг агаар

Тус зургийг оруулсан өдрийн цаг агаарыг харахад 19 цагаас эхлээд агаарын чийгшил тасралтгүй нэмэгдэж байсан байна. Иймд дээр дурдсанчлан чийгшилээс болоод онгоцны утаа тод харагдсан байх боломжтой.

3. Дээрх бодисууд нь бидний дээрээс цацаж буй хор мөн үү?

NASA агентлагийн Langley судалгааны төвийн вебсайтад нисэх онгоцны мөр ихэнх тохиолдолд 8-аас дээш километрт бүрэлддэгийг мэдээлжээ. Харин арилжааны агаарын тээвэр дунджаар 9.5-11.5 километрийн өндөрт нислэг үйлддэг.

Хэрэв бидний дээрээс хор цацаж байсан бол онгоц газраас 2.5-3.5 метр өндөрт нисэх шаардлагатай. АНУ-ын Үндэсний хөдөө аж ахуйн агаарын хөлгийн зөвлөлийн вебсайтад агаараас бодис цацах үед тухайн гадаргуугаас дунджаар 2.5-3.5 метр өндөрт нисдэгийг дурдсан байна. Тухайн агаарын хөлгийн хэмжээ болон шингэн цацах гадаргуунаас хамаараад нислэгийн өндөрт өөрчлөлт орох боломжтой.

4. Тус зурагт ямар онгоц нисэж өнгөрсөн бэ?

Тус постны доор “Хаана, хэзээ вэ?” гэж асуухад “Хан-Уул” гэж хариулсан байна.

Хэрэв тус хэрэглэгч зургийг байршуулсан 19 цагийн орчимд Хан-Уул дүүрэг дээгүүр нисэж өнгөрсөн онгоцны зургийг авсан гэж үзвэл бид энэ мэдээллээр ямар онгоц байсныг мэдэх боломжтой. Flightradar.com дээрээс тухайн өдөр ниссэн онгоцуудын маршрутыг харцгаая.

Зургийн тайлбар: Flightradar.com 10 дугаар сарын 26-ны нислэгүүдийн түүх

Хэрвээ 19:00 цагийн орчимд Хан-уул дүүргийн дээгүүр ниссэн онгоцны зураг гэж үзвэл тус онгоц нь хор цацах зориулалтынх бус иргэний агаарын тээврийн Air China компанийн Boeing 777-F маркын онгоц байна. Тус онгоц 30,100 тохой буюу 9,174 метрийн өндөрт нисэж байжээ.

Дээрх мэдээллийг баримт шалгалтын өмнөх хэсэгтэй нэгтгэн дүгнэвэл зурагт харагдаж буй онгоцыг хор цацсан гэж үзэх үндэслэлгүй болох нь.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document