Шинэчлэл: Баримт шалгалт №2
2024 оны зургаа дугаар сарын 17-нд “Сүүдэр” нэртэй хуудаснаас “У.И.Х-ын с.о.н.г.у.у.л.ь.д Хэнтий аймагт Ардчилсан н.а.м.а.а.с нэр д.э.в.ш.и.г.ч Т.Пүрэвхатан болон У.И.Х-ын г.и.ш.ү.ү.н, Ардчилсан н.а.м.ы.н бүлгийн д.а.р.г.а Одонгийн Цогтгэрэл нарын гэр бүлээс гадуурх амрагийн харилцаа нь ил болсон байна” гэх тайлбартайгаар Т.Пүрэвхатан болон О.Цогтгэрэл нарын зургийг хавсарган нийтэлжээ. Тус пост нь нийт 132 реакц, 63 сэтгэгдэл авч, 58 удаа цааш түгээгдсэн байна.
Мөн зургаа дугаар сарын 18-нд “Т.Пүрэвхатаны н.ү.ц.г.э.н зурагнууд алдагдсан байна. У.И.Х-ын г.и.ш.ү.ү.н О.Цогтгэрэлтэй хамт авахуулсан зургууд болон түүнрүү явуулдаг байсан зургууд дэлгэгдлээ” гэх тайлбартайгаар хэд хэдэн зургийг нийтэлсэн нь нийт 75 реакц, 60 сэтгэгдэл авч, 130 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан зургуудын зүүн доод буланд “Баримт шалгалт №1″-т дурдагдсан “Vidnoz” гэх царай сольдог хиймэл оюун ухааны логог байгааг харж болох юм. Доорх зургуудад шалгасан зургийг, эх хувилбартай харьцуулан харууллаа.
Баримт шалгалт №1
2024 оны 06-р сарын 11-нд Сүүдэр гэх Фейсбүүк хуудас “Газрын наймаачин Пүрэвхатан Хятадуудтай хамт хоол идэж, Монголын газрыг зарсан мөнгөөрөө улс төрд орох санаатай….” тайлбартайгаар хоолонд орж буй хүмүүсийн зургийг түгээжээ. Зурагт дугуй ширээ тойрон хоёр эмэгтэй, гурван эрэгтэй эрхий хуруугаа гозойлгон авахуулсан харагдах ба хар хувцастай эмэгтэй нь 2024 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Т.Пүрэвхатан хамт сууж байсан мэтээр харуулжээ.
Бид зургийн эх сурвалжийг олсон бөгөөд энэ нь нэр дэвшигч Т.Пүрэвхатаны зураг биш харин 2023 онд авсан огт хамааралгүй өөр хүний зургийг ашиглан царай орлуулан эвлүүлсэн болох нь тогтоогдсон.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Зургаар хайх хамгийн хялбар арга:
Зургийг скрийншот хийж аваад, Google-д зургийн аппаратыг дүрсэлсэн лого буюу Google Lens-ийг сонгож оруулаарай.
Бид ашигласан зургийг Google Lens хайлтын системээр хайхад LinkedIn платформд Хонконгд байрлалтай @Cyrus Tong хаягаас 2023 оны гуравдугаар сарын 12-нд нийтэлжээ. Шалгасан зураг болон зургийн эх хувилбарыг харьцуулан харвал Т.Пүрэвхатаны царайг эвлүүлж бусад хүмүүсийн царайнд мөн засвар оруулсан байгааг харж болох юм.
Түүнчлэн Т.Пүрэвхатаны гэх зургийн зүүн доод буланд “Vidnoz” гэх лого байгааг харж болох бөгөөд Vidnoz нь бичлэг, зураг хувиргадаг хиймэл оюун ухааны тусламжтай ажилладаг вэбсайт, хэрэглүүр юм.
Дээрх зураг нь сонгуулийн үеэрх хуурамч мэдээллийн давлагаа дундах ээлжит нэгэн эвлүүлсэн зураг бөгөөд огт хамааралгүй оригнал зургийг ашиглан Т.Пүрэвхатаны царайг эвлүүлжээ. Бид өмнө нь ижил төрлийн мэдээлэлд баримт шалгалт хийж байсан.
Хиймэл оюун ухаан ашиглан бүтээж буй зураг, бичлэг, аудиог шалгаж, таньдаг хэрсүү хэрэглэгч байгаарай.