Саналын хуудсыг тарааж эхлээгүй бөгөөд урьдчилж бөглүүлэх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 997

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Саналын хуудсыг бөглүүлж байна” гэсэн мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэрэв санал өгөхийг ятгаж, 100 мянган төгрөг тараасан гэх хэргийг цагдаагийн байгууллага нотолбол мэдээлэл өгсөн иргэнд 1 сая төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгөх юм. Уг бичлэгт гарч байгаа хуудас нь сонгуулийн саналын хуудас биш, бичгийн цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны уриа үгтэй дуураймал хуудас байна.

2024 оны 06 дугаар сарын 11-нд “Сонгуулийн луйвар” нэртэй хаягаас “Ховд.мн сайт МАН-ын “Хайрхан баг”-ийн сонгуулийн намын үүр, тус багийн засаг дарга Л.Цэнд-Аюуш иргэдэд мөнгө тарааж, саналын хуудас бөглүүлж байгаа үйл явдлыг газар дээрээс нь сурвалжиллаа” гэсэн тайлбартай зургуудтай пост оруулжээ. Мөн тус хаягаар “Хайрхан багийн засаг дарга Цэнд-Аюуш өчигдрөөс хойш хүмүүсийг дуудаж, саналын хуудсыг бөглүүлж, 100 мянган төгрөг тарааж байна. Баримт нь энэ байна…” гэх тайлбартай бичлэг оруулсан. Мөн 06 дугаар сарын 12-нд өөр нэгэн рийл оруулсан байна. Тус бичлэгт иргэн Н гэсэн эх сурвалж “Цэнд-Аюуш дарга орой 7-8 цагийн үед намайг дуудсан. Очсон чинь намын гишүүддээ урамшуулал гэж зуун мянган төгрөгийн урамшуулал өгч байгаа юм аа” гэсэн. Би тэр мөнгийг нь авсан. Тэгээд намайг гарын үсэг зураад нэр, утасны дугаараа бичээд өг гэсэн. Дараа нь саналын хуудас, хар фламастр өгөөд одоо энийг бөглө гэсэн” гэж ярьжээ. Мөн “Цэнд-Аюуш даргаа та яагаад саналын хуудас бөглүүлж байгаа юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Бөглүүлсэн юм байхгүй ээ” гэж хариулжээ.

  • Хэдийгээр өрнөж буй үйл явцыг баримтаар шалгахгүй ч мэдээлэл нь олон нийтэд ташаа ойлголт төрүүлэх хор хөнөөлтэй байгаа, мөн нягталсан мэдээлэл нь ач холбогдолтой байхаар нөхцөлд тухайн цаг үеийн байдлаар баримт шалгалт хийж тайлбарладаг.

Эх сурвалжуудын тодруулга:

Мэдээллийг хүргэсэн Ховд.мн сайтын 99210747 дугаарын утсаар холбогдоход “Бид мэдээллийг авч, газар дээрээс нь дамжуулсан. Мөн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ба мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа” гэлээ.

СЕХ-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнээс тодруулахад “Саналын хуудсыг “Улаанбаатар принт” ХХК, “Монголын үнэт цаас” ХХК дээр ТЕГ, ЦЕГ, ОБЕГ зэрэг хуулийн байгууллагаас болон СЕХ-ны ажлын хэсэг, мөн намуудын ажиглагчдын хяналт дор хэвлэж байна. 06 дугаар сарын 17-оос эхэлж тараагдах хуваарьтай. Урьдчилж өөр хуудсаар санал авах боломжгүй. Саналын хуудас нь ил, далд нууцлалтай, баркодоор санал тоолох машин уншдаг тул хэрэв урьдчилж санал авсан байлаа гэхэд тэр хуудсыг таньж унших боломжгүй” гэсэн юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “уг хэрэг шалгагдаж байгаа” гэхээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүйгээ илэрхийлсэн юм.

Зурагт шинжилгээ хийх нь:

“Саналын хуудсыг бөглүүлж байна” гэсэн мэдээллийн гол баримт нь саналын хуудсыг дуурайлган бичгийн цаасан дээр хэвлэсэн МАН-ын сонгуулийн сурталчилгааны хуудас байхаар харагдаж байна. Учир нь саналын хуудас үнэт цаасан дээр хэвлэдэг, үнгэгдэж нугаларахгүй, шууд хугарч гэмтэхээр зузаан байдаг. Мөн “Багаар нь сонгосон таны сонголт Баруун бүсийн хөгжлийг түүчээлнэ” гэсэн МАН-ын уриаг доор нь бичсэн байна.

Бичлэгт харуулж буй саналын хуудсын загвараар гаргасан энгийн бичгийн цаасан дээрх мэдээлэлд бусад намын нэр дэвшигчдийг жагсаагаагүй, зөвхөн МАН-аас нэр дэвшсэн 10 хүний нэрийг оруулжээ.

Шалгасан мэдээлэлд “Саналын хуудас бөглүүлж байна” гэсэн боловч уг хуудас нь сонгуулийн саналын хуудас биш, бичгийн цаасан дээр хэвлэсэн сурталчилгааны уриа үгтэй дуураймал хуудас байна. Харин ийм хуудсаар заавар өгч, МАН-д саналаа өгөхийг ятган, 100 мянган төгрөг тарааж байгаа нь хууль зөрчсөн гэж нотлогдвол хариуцлага хүлээх юм.

Сонгуультай холбоотой зөрчилд хүлээлгэх хуулийн хариуцлагаас:

Эрүүгийн хуулийн 14.6 дугаар зүйл.Сонгууль, ард нийтийн санал асуулгад илүү санал өгөх хэсэгт:

  • 2.Сонгуулийн саналын хуудас, ард нийтийн санал асуулгын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, тээвэрлэсэн, ашигласан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Өөрөөр хэлбэл, сонгуулийн саналын хуудсыг хууль бусаар бэлтгэсэн, ашигласан бол 5.4 саяас 27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсвэл 1-5 жил хорих ялтай гэмт хэрэг байх нь.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл “Сонгуулийн хуулийг зөрчих” хэсэгт:

30.Сонгогч нь:

  • 30.1.санал авах байрнаас саналын хуудас авч гарсан;
  • 30.2.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан;
  • 30.3.саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн;
  • 30.4.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Тэгэхээр сонгогч та аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгнө гэж МӨНГӨ ШААРДАЖ АВСАН БОЛ 10 сая төгрөгөөр торгуулна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай гомдол, маргааныг шийдвэрлэх харьяалал хэсэгт:

  • 81.6.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
  • 81.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймд сонгогч та бүхэн санал өгөхийг ятгаж, урьдчилж мөнгө өгсөн тохиолдлыг баримтжуулан, цагдаагийн байгууллагад өгч, тэр нь тогтоогдвол 10 дахин нэмэгдүүлж авах боломжтой. Хэрэв санал өгөхийг ятгаж, 100 мянган төгрөг тараасан гэх хэргийг цагдаагийн байгууллага нотолбол мэдээлэл өгсөн иргэнд 1 сая төгрөгийг буруутай этгээдээс гаргуулж өгөх юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document