“Бэлгийн замаар дамждаг шинэ төрлийн цагариган өт илэрчээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 996

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Бэлгийн замаар өт халдварлах шинэ өвчин бүртгэгдсэн гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан мэдээлэлд “ringworm” гэх нэршилийг цагариган өт хэмээн шууд орчуулж өт халдварлаж буй мэтээр түгээсэн. Мөн “шинэ төрлийн өт илэрчээ” хэмээн гарчигтаа буулгасан ч өмнө нь бэлгийн замаар халдварласан байж болзошгүй мөөгөнцрийн тохиолдлуудыг судалж байсан нь шинэ зүйл биш гэдгийг илэрхийлж байна.

2024 оны зургаадугаар сарын 06-нд Шүгэл үлээгч хуудсаас “Бэлгийн замаар дамждаг шинэ төрлийн цагариган өт илэрчээ” гэх тексттэй богино хэмжээний бичлэг оруулж тайлбар хэсэгтээ мэдээллийн линкийг хуваалцжээ. Тус бичлэг нь нийт 1,500 гаруй реакц, 119 сэтгэгдэл авч, 285 удаа цааш түгээгдэж, 743 мянга гаруй удаа үзжээ. Мөн зургаадугаар сарын 6-нд “Бэлгийн замаар халдварладаг, маш ховор төрлийн мөөгөнцрөөр үүсгэгддэг өт антибиотикт тэсвэртэй, эмчлэхэд удаан хугацаа орж байна гэнэ” тайлбартай пост оруулсан нь нийт 844 реакц, 104 сэтгэгдэл авч, 486 удаа цааш түгээгдсэн.

Шалгасан мэдээлэлд бэлгийн замаар халдварладаг “цагариган өт” хэмээн бичсэн нь өт халдварлаж буй мэтээр бичжээ. Халдварт мөөгөнцрийн илрэх шинж тэмдэг нь цагариган өт шиг хэлбэртэй тууралт үүсгэдэг учир “ringworm” гэж нэрлэгдэг байна. Мөөгөнцөр нь хувцас солих өрөө, нийтийн шүршүүр гэх мэт дулаан чийглэг газар ургадаг. “Ringworm” мөөгөнцрийн халдвар биеийн аль хэсэгт нөлөөлж байгаагаас хамааран өөр өөр нэршилтэй байдаг. Хуйх, гар, хөл, сахлын хэсэг, хумс зэрэг биеийн өөр өөр хэсэгт халдварласнаас шалтгаалан нэршил , тууралтын хэмжээ, харагдах байдал зэрэг нь өөр байдаг аж. Хүнээс хүн, амьтнаас хүнд, эд зүйлсээс хүнд, хөрснөөс хүнд гэх мэт замаар халдварлах боломжтой бөгөөд халдвартай хүн, амьтан, эд зүйлд хүрэх үед “Ringworm” мөөгөнцрийн халдвар авах боломжтой.

Шалгасан мэдээлэлд бэлгийн замаар халдварладаг “ringworm” мөөгөнцөр буюу “Trichophyton mentagrophytes type VII” (TMVII) тухай мэдээлэхдээ “шинэ төрлийн өт илэрсэн” хэмээн орчуулгын төөрөгдөл үүсгэжээ. Тус бэлгийн замын мөөгөнцрийн халдвар нь АНУ-д анхны тохиолдол нь бүртгэгдсэн бол өнгөрсөн жил Франц улсад хэд хэдэн тохиолдол бүртгэгдэж байжээ.

Тухайлбал, USA Today, CBS News, NBC News зэрэг мэдээллийн сайтад “АНУ-д бэлгийн замаар халдварладаг TMVII-ийн анхны тохиолдол бүртгэгдсэн” гэх агуулгатай мэдээлэл нийтэлжээ. Харин 2023 онд Франц улсад бэлгийн замын халдварт TMVII-ын 13 тохиолдол бүртгэгдсэн тухай судалгааг АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргадаг “Emerging Infectious Diseases” сэтгүүлийн 29 ботийн 7-р дугаарт оруулжээ. Мөн 2014 онд Европт 51 тохиолдол, 2016-2017 онд Берлинд 37 тохиолдол бүртгэгдсэн тухай судалгааны дүгнэлт хэсэгт дурджээ.

Шалгасан мэдээлэлд “ringworm” гэх нэршлийг “цагариган өт” хэмээн шууд орчуулж, өт халдварлаж буй мэтээр түгээсэн. Мөн “шинэ төрлийн өт илэрчээ” хэмээн гарчигтаа буулгасан ч өмнө нь бэлгийн замаар халдварласан байж болзошгүй мөөгөнцрийн тохиолдлуудыг судалж байсан нь шинэ зүйл биш гэдгийг илэрхийлж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

Кливланд клиник

Healthline Media 

USA.today

CBS News

NBC News

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв-  “Emerging Infectious Diseases” сэтгүүл

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document