Search

Гар утас, зурагтын дэлгэцийн ионжоогүй цахилгаан соронзон цацраг нь цусны хорт хавдар үүсгэдэггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #994

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“15-хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь гар утас, тв дэлгэц байнга ширтдэгээс болсон байна.!!!” гэж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Одоогийн байдлаар гар утасны хэрэглээнээс болж цусны хорт хавдар үүсдэг гэсэн баримт, нотолгоо, судалгааны үр дүн байхгүй аж.

2024 оны 6 дугаар сарын 10-нд Амжилт MN гэх хаягаас “15хан настай охинд цусны хорт хавдар онош гарчээ. Шалтгаан нь ГАР УТАС, ТВ ДЭЛГЭЦ байнга ширтдэгээс болсон байна.!!!” гэж түгээжээ. Тус пост нь нийт 239 реакц, 41 сэтгэгдэл авч, 348 удаа цааш түгээгджээ. Энэ мэдээг анх 2021 онд tsahimtv.mn гэх хаягаас түгээсэн нь 8200 шэйр авчээ. Мөн бусад пэйжүүд түгээсээр байна.

Гар утасны хэрэглээнээс болж хавдар үүсэх боломжтой юу?

Гар утасны сүлжээний долгион 1.7-2.2 гигагерцийн давтамжтай тархдаг. Энэ нь богино долгионы зуухныхаас бага гэдгийг доорх зургаас харж болно.

Зурагт харагдаж байгаа компьютер, радио, гар утас, wi-fi, богино долгион зэрэг нь ионжоогүй цахилгаан соронзон цацраг юм. Эдгээр нь хүний ДНХ генийг гэмтээх хэмжээний энерги хуримтлуулдаггүй.

Харин ионжсон цахилгаан соронзон цацраг болох рентген туяа, гамма туяа, хэт ягаан туяа зэрэг нь хүний ДНХ-г гэмтээж, улмаар хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Гар утасны хэрэглээ болон цусны хорт хавдар хоёрын холбоог судалсан судалгаа:

Гар утасны хэрэглээ зайлшгүй болсон өнөө үед судлаачид гар утас нь цусны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг эсэхийг судлах нь зүйтэй гэж үзжээ. Иймээс Англи улсад 18-59 насны 806 цусны хорт хавдартай хүнээс авсан судалгааг хийсэн. Судалгааны үр дүн “гар утасны хэрэглээ нь цусны хавдар үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэсэн хангалттай баримт олдоогүй” гэж гарчээ.

Одоог хүртэл эрдэмтэд цусны хорт хавдар яг юунаас болж үүсдэг нарийн шалтгааныг нь олж нээгээгүй байна. Харин дараах хүчин зүйлс цусны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг аж:

  • Генийн эмгэг (Жишээ нь: Дауны синдром)
  • Тамхи татах
  • Удам
  • Зарим нэг химийн бодист өртөх (Жишээ нь: бензол)
  • Цацраг туяа болон химийн эмчилгээ

Ерөнхийдөө цусны хорт хавдар нь генетикийн материал эсвэл ДНХ-д зарим цусны эсүүд мутацид орсон үед үүсдэг гэж үздэг. Эсийн ДНХ нь эсэд юу хийхийг заадаг зааварчилгаа агуулдаг. ДНХ нь эсийг заасан хурдын дагуу өсөх болон заасан цагт үхэхийг хэлж өгдөг. Харин цусны хорт хавдартай болсноор, мутаци нь цусны эсийг үргэлжлэн өсөх болон хуваагдахыг зааж өгдгөөрөө ялгаатай юм.

Эдгээрээс үзвэл, одоогийн байдлаар гар утасны хэрэглээнээс болж цусны хорт хавдар үүсдэг гэсэн баримт, нотолгоо, судалгааны үр дүн байхгүй аж. Харин шалгасан мэдээлэлд “15 настай охин цусны хорт хавдар туссан шалтгаан нь гар утас, дэлгэцийн хэрэглээнээс болжээ” гэх агуулгатай түгээсэн нь төөрөгдүүлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document