Ардчилсан намаас нэр дэвшигч Ч.Лодойсамбуу болон ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар цээж нүцгэн сууж буйг харуулсан зураг Фейсбүүкт түгэн өндөр хандалт аваад байна (энд, энд бас энд). Бид зургийн эх сурвалжийг хайхад хамгийн анх “Зангуу” гэх хаяг 2024 оны 06 дугаар сарын 11-ний 23:54 минутад нийтэлсэн байна. Тус постыг “USA Chinatown азарга Эби банди Лодойсамбуу” гэх тайлбартай түгээсэн ба зурагт нүдний шилтэй Лодойсамбуу камер руу харан инээж байгаа харагдах бол цаана нь нүдний шилтэй ерөнхийлөгч асан Элбэгдорж алчуур нөмрөн сууж буй харагдана.
Хэдийгээр энэ зураг нь бодит мэт харагдаж болох ч огт хамааралгүй хоёр хүний нүүрэнд Элбэгдорж, Лодойсамбуу нарыг царайг эвлүүлснийг гярхай нүдээр ажиглаж болно.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Бид ашигласан зураг буюу саунд сууж байгаа гэх зургийн эх сурвалжийг зургаар хайхад энэ зураг нь 2012 онд spabusiness.com гэсэн вэбсайтад нийтлэгдэж байсныг тогтоосон ба онлайн зургийн цуглуулгын вэбсайт Getty Images-т мөн оруулж байсыг тогтоосон.

Саунд сууж буй хүмүүсийг харуулсан зургийн Getty Images дахь тайлбарт 2011 оны 03 дугаар сарын 22-нд авч “Бээжин дэх хятад саунд хүмүүс амарч байгааг харуулсан” болохыг тэмдэглэсэн байна.

Дээрх зургийг бидний шалгасан зурагтай харьцуулж харвал, зөвхөн сууж буй хоёр хүний царайг сольж, Ц.Элбэгдорж, Ч.Лодойсамбуу нарын царайг эвлүүлсэн байхаар харагдаж байна.

Үргэлжлүүлэн бид зурагт эвлүүлэг орсон эсэхийг шалгахаар зураг шалгагч Mever хэрэглүүрийг ашиглахад сууж буй хүмүүсийн нүүрэн хэсэг улаан өнгөөр тодорсон нь эвлүүлэг орсон болохыг харуулж байгаа бөгөөд зохиомол зураг байх магадлал нь 98%-тай гарлаа.

Саунд сууж буй хүмүүсийн зураг нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон нэр дэвшигч Ч.Лодойсамбуу нарынх биш харин Бээжингийн саунд 2011 онд сууж байсан өөр хүмүүсийн зураг аж.