“1990 оноос хойш мэдлэг, боловсролтой эрчүүдийн устгал явагдаж, эмэгтэйчүүд нийгмийг эзэлсэн” гэх яриа төөрөгдүүлсэн 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 992

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн подкастын хэсгийг рийлс болгон оруулжээ

Баримт шалгалтын үр дүн

Үзэл бодлоо бэхжүүлэхээр тоо баримт дурдахдаа худал мэдээлсэн түгээсэн, ардчилсан нийгмээс хойш мэдлэг, боловсролтой эрэгтэйчүүд үгүй болж байгаа гэх агуулгыг судалгаа, баримт дурдалгүйгээр ярьсан бөгөөд жендэрийн ялгаварлан гадуурхалтыг дэвэргэсэн, сөрөг үр дагаврыг зөвхөн нэг хүйсэд хамаатуулсан шинжтэй төөрөгдүүлсэн мэдээлэл байна.

2024 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр “Тon618 men’s concept store” нэртэй фэйсбүүк хаягт философич С.Молор-Эрдэнэтэй хийсэн подкастын хэсгийг рийлс болгон оруулжээ. Тус рийлс нь 8500 гаруй реакц, 442 сэтгэгдэл авч, 3900 гаруй удаа түгээгджээ. 

Энэхүү богино бичлэгт “Боловсролтой, мэдлэгтэй эрэгтэйчүүд 1990 оноос хойш хэлмэгдсэн. Ихэнх нь, бүгдээрээ гахай зөөх, наймаа хийх, гэр орноо хооллож мөнгө төгрөгтэй явуулах гээд бүгдээрээ өөрсдийгөө хохироосон. Эмэгтэйчүүд нь ард нь ажлаа хийгээд байж байсан. Улс орныг авч явж байсан мэдлэг боловсролтой эрчүүдийн устгал явагдсан. 1990-ээд оноос хойш. Зөвхөн эмэгтэйчүүд л эзэлсэн сонин нийгэм болчихсон. МУИС-ийн 90% нь эмэгтэй профессор, Анагаахын 100%, 99% нь эмэгтэй профессорууд, ШУТИС-д хүртэл эмэгтэйчүүд нь давамгай. Тэгээд эд нар чинь яаж инженер болгож чадах юм? Эмэгтэй инженер, эмэгтэй эмч яаж чамайг эмч болгож чадах юм? Чамайг эрэгтэй эмч л ойлгоно, мэдэрнэ. Хүйс нэг учраас бие биеэ ойлгоно. Бага насаа мэдэж байна. Эрэгтэй хүн ямар байдгийг мэдэж байна. Залуу эрд юу хэрэгтэй байдгийг мэдэж байна. Идэр насанд хүрэхэд эр хүнд юу хэрэгтэй байдгийг эрэгтэй багш нар л мэднэ. Лекц дээр ерөөсөө урдуур охидууд суугаад, хөвгүүд нь ард талд нь сууж байдаг. Тэгээд ангийн онц сурлагатан дандаа охид, багшийнхаа үгэнд ордог. Эрэгтэй хүүхдүүд болохоор зөрдөг, өөрийнхөөрөө. Тэрийг нь нам авдаг. Эрэгтэй хүүхэд ерөөсөө өөрийнхөөрөө, жоохон дураараа байх юм бол асуудалд орж байна. Өө энэ одоо жоохон даруухан биш, хүний үгээр байх ёстой гээд шууд тэгж байна. Одоо нэг зөрөөд үз л дээ. Тэнд эрэгтэй хүн ийм байх ёстой гэдэг профессор байх  ёстой байсан байхгүй юу. Та нарын үлгэр жишээ болох эр хүн тэнд байх ёстой байсан байхгүй юу. Эрэгтэй профессорыг хараад энэ профессор шиг, энэ багш шиг ийм мундаг болох юмсан гэсэн тэр үлгэр жишээ байх ёстой байсан.” гэж ярьжээ.  

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгав 

Шалгасан мэдээлэлд дурдсан агуулгуудаас баримтаар шалгах боломжтой хэсгийг үндэслэлгүйгээр орхигдуулж, үзэмжээрээ сонгон шалгахыг хориглодог. Иймд бид бичлэгт дурдсан агуулгуудыг 4 хэсэгт багцалж, тус бүрд нь баримтаар шалгах мэдээллийн шалгуураар анхан шатны үнэлгээ хийлээ.  

Үнэлгээг дараах хүснэгтээс харна уу. 

Багц агуулга Гол утга  Баримтаар шалгах боломжтой эсэх (тийм, үгүй) 
1-р багц  “Боловсролтой, мэдлэгтэй эрэгтэйчүүд 1990 оноос хойш хэлмэгдсэн. Ихэнх нь, бүгдээрээ гахай зөөх, наймаа хийх, гэр орноо хооллож мөнгө төгрөгтэй явуулах гээд бүгдээрээ өөрсдийгөө хохироосон. Эмэгтэйчүүд нь ард нь ажлаа хийгээд байж байсан. Улс орныг авч явж байсан мэдлэг боловсролтой эрчүүдийн устгал явагдсан. 1990-ээд оноос хойш. Зөвхөн эмэгтэйчүүд л эзэлсэн сонин нийгэм болчихсон.” Тийм:  1990 он болон 1990 оноос хойших хүн амын хөдөлмөр эрхлэлтийн түвшин, дээд боловсролтой хүмүүсийн хүйсийн байдлыг харьцуулан харах боломжтой 
2-р багц   “МУИС-ийн 90% нь эмэгтэй профессор, Анагаахын 100%, 99% нь эмэгтэй профессорууд, ШУТИС-д хүртэл эмэгтэйчүүд нь давамгай.”   Тийм:  Дурдагдсан сургуулиудын профессоруудын мэдээллийг шалгах 
3-р багц   “Тэгээд эд нар чинь яаж инженер болгож чадах юм? Эмэгтэй инженер, эмэгтэй эмч яаж чамайг эмч болгож чадах юм? Чамайг эрэгтэй эмч л ойлгоно, мэдэрнэ. Хүйс нэг учраас бие биеэ ойлгоно. Бага насаа мэдэж байна. Эрэгтэй хүн ямар байдгийг мэдэж байна. Залуу эрд юу хэрэгтэй байдгийг мэдэж байна. Идэр насанд хүрэхэд эр хүнд юу хэрэгтэй байдгийг эрэгтэй багш нар л мэднэ. Тэнд эрэгтэй хүн ийм байх ёстой гэдэг профессор байх  ёстой байсан байхгүй юу. Та нарын үлгэр жишээ болох эр хүн тэнд байх ёстой байсан байхгүй юу. Эрэгтэй профессорыг хараад энэ профессор шиг, энэ багш шиг ийм мундаг болох юмсан гэсэн тэр үлгэр жишээ байх ёстой байсан.”   Тийм:  Эрэгтэй, эмэгтэй багшийн сурагчид нөлөөлөх байдал, хүйсийн хамаарлын талаарх судалгаагаар шалгах боломжтой 
4-р багц  “Лекц дээр ерөөсөө урдуур охидууд суугаад, хөвгүүд нь ард талд нь сууж байдаг. Тэгээд ангийн онц сурлагатан дандаа охид, багшийнхаа үгэнд ордог. Эрэгтэй хүүхдүүд болохоор зөрдөг, өөрийнхөөрөө. Тэрийг нь нам авдаг. Эрэгтэй хүүхэд ерөөсөө өөрийнхөөрөө, жоохон дураараа байх юм бол асуудалд орж байна. Өө энэ одоо жоохон даруухан биш, хүний үгээр байх ёстой гээд шууд тэгж байна.”   Тийм:  Агуулгаар нь задлан харж эрэгтэй, эмэгтэй хүүхэд сурах арга барилын хувьд ялгаатай эсэх, сурлагын байдалд ямар хүчин зүйлс нөлөөлдгийг шалгах боломжтой 

1-р агуулгын баримт шалгалт: 

Эхний агуулгыг шалгахдаа 1990 оноос хойших Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг хүйс, эзлэх хувиар харав. Ингэхдээ, 1992-2022 он хүртэлх хугацааг 10,10 жилээр харьцууллаа. Түүнчлэн, “Улс орныг авч явж байсан мэдлэг боловсролтой эрчүүдийн устгал явагдсан. Зөвхөн эмэгтэйчүүд л эзэлсэн сонин нийгэм болчихсон” гэх агуулгыг дээд боловсролтой хүн амын үзүүлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүйсээр харьцуулав.  

1989 оны тооллогоор манай улсад дээд боловсролтой 57,624 эрэгтэй байсан бол эмэгтэйчүүд 43,096 байжээ. Тодруулбал, дээд боловсролтой эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 14,528-аар илүү байсан нь харагдаж байна. Тэгвэл дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын тоо, хүйсийн мэдээллийг 2002, 2012, 2022 оны байдлаар шүүж үзэхэд дараах үзүүлэлттэй байна. 

* Бакалаврын зэрэг, хүйсээр 

 Он 2002 2012 2022 
Хүйс Эрэгтэй 37.6% 57.9% 59.9% 
Эмэгтэй 62.4% 42.1% 40.1% 

* Магистрантур, хүйсээр 

 Он 2002 2012 2022 
Хүйс Эрэгтэй 37% 37.3% 34.3% 
Эмэгтэй 63% 62.7% 65.7% 

* Доктрантур, хүйсээр 

Он 2002 2012 2022 
Хүйс Эрэгтэй 40.7% 39.8% 42.2% 
Эмэгтэй 59.3% 60.2% 57.8% 

Харин хөдөлмөр эрхлэлтийн түвшинг 1992, 2002, 2012, 2022 оны байдлаар хүйс болон эзлэх хувиар нь харахад дараах үзүүлэлттэй байна.  

Он 1992 2002 2012 2022 
 Хүйс  Эрэгтэй 74.5% 62.9% 63.3% 61.5% 
Эмэгтэй 67.6% 58.3% 53.7% 48.5% 

Статистикаас харахад 1990 оноос хойш буюу сүүлийн 30 гаруй жилд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин дунджаар 65.5% байгаа бол  эмэгтэйчүүдийнх  57% буюу эрэгтэйчүүдээс дунджаар 8.5 хувиар бага хөдөлмөр эрхэлжээ.  

  • Хэдийгээр 2000 оноос хойш дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүдийн тоо өссөн ч хөдөлмөр эрхлэлтийн хувьд эрэгтэйчүүд илүү байсаар ирсэн. Эндээс харахад шалгаж буй эхний агуулгад “боловсрол, мэдлэгтэй бүх эрчүүд мөнгө олж, гэр бүлээ тэжээх гэж наймаанд явж, өөрсдийгөө хохироож, хэлмэгдсэн. Эмэгтэйчүүд ажлаа хийж, улс нийгмийг эзэлсэн” гэж дурдсан нь баримтгүйгээр илтэд нэг хүйсийг буруутгасан, хүйсээр ялгаварласан, төөрөгдүүлсэн шинжтэй байна. 

2-р агуулгын баримт шалгалт:  

“МУИС-ийн 90% нь эмэгтэй профессор, Анагаахын 100%, 99% нь эмэгтэй профессорууд, ШУТИС-д хүртэл эмэгтэйчүүд нь давамгай” гэх агуулгыг дурдсан их сургуулиудын албан ёсны сайтад бүртгэлтэй байгаа профессоруудын тоо болон албаны эх сурвлжаас авсан мэдээллээр шалгалаа. 

МУИС-ийн цахим сайтад нээлттэй байршсан эрдмийн зэрэг цолтой багш нарын мэдээллээс харахад нийт 125 профессор байгаа ба үүний 72 (57.6%) нь эрэгтэй, 53 (42.4%) нь эмэгтэй байна. Харин, дэд профессор 279 ажиллаж байгаагаас эрэгтэй 126 (45.1%), эмэгтэй 153 (54.9%) байна.  

Их сургууль Эрдмийн зэрэг Нийт тоо Хүйс 
Эрэгтэй Эмэгтэй 
МУИС  Профессор 125 72 (57.6% 53 (42.4%) 
Дэд профессор 279 126 (45.1%) 153 (54.9%) 

АШУИС-д одоогоор 44 профессор ажиллаж байгаа ба үүний 20 буюу 45.4% нь эрэгтэй, 24 буюу 54.5% нь эмэгтэй байна. Дэд профессор мөн 44  байгаагаас эрэгтэй 25 (56.9%), эмэгтэй 19 (43.1%) байна.  

Их сургууль Эрдмийн зэрэг Нийт тоо Хүйс 
Эрэгтэй Эмэгтэй 
АШУҮИС  Профессор 44 20 (45.4%) 24 (54.5%) 
Дэд профессор 44 25 (56.9%) 19 (41.1%) 

ШУТИС-ийн Захиргааны албаны статистик мэргэжилтэн Б.Мөнгөнсартай холбогдож албан ёсны статистик тоон мэдээлэл авахад эрдмийн зэрэг цолтой 164 багш байгаагаас 19 нь профессор, 145 нь дэд профессор байна. Задалбал, 19 профессорын 11 (57.9%) нь эрэгтэй, 8 (42.1%) нь эмэгтэй байгаа бол 145 дэд профессорын 94 (64.9%) нь эмэгтэй, 51 (35.1%) нь эрэгтэй байна.  

Их сургууль Эрдмийн зэрэг Нийт тоо Хүйс 
Эрэгтэй Эмэгтэй 
ШУТИС Профессор 19 11 (57.9%) 8 (42.1%) 
Дэд профессор 145 51 (35.1%) 94 (64.9%)  

3-р агуулгын баримт шалгалт: 

Энэ хэсгийн агуулгыг эрэгтэй, эмэгтэй багшийн сурагчид нөлөөлөх байдал, хүйсийн хамаарлын талаар хийсэн судалгаануудын хүрээнд шалгалаа. 

  • “Сурагчийн хөгжилд багшийн хүйсийн нөлөөлөх байдал: Хятадын боловсролын санал асуулгад үндэслэн гаргасан судалгаа” 

Энэхүү судалгааг 2013-2014 болон 2014-2015 оны хичээлийн жилийн санал асуулгын дүнд үндэслэн хийсэн байна. Судалгаанд Хятад дахь 111 бага, дунд сургуулийн 7, 8-р ангийн нийт 9075 сурагч болон 288 ангийн багш, 244 математикийн багшийг хамруулжээ. Судалгаагаар Хятадын бага, дунд боловсрол олгогч эрэгтэй багш нартай харьцуулахад эмэгтэй багш нар сурагчдын танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус чадварыг хөгжүүлэхэд илүү үр дүнтэй ажилладаг гэсэн дүгнэлт гарчээ.   

Тодруулбал, багшийн ур чадвар, зан байдал, сэтгэл хөдлөлийн үүднээс авч үзэхэд эмэгтэй багш нар багш-сурагчдын харилцааг дотно болгох, сурагчдадаа санаа тавихдаа илүү анхаарч, сургалтандаа мэдээллийн технологийг оновчтой тусгадаг төдийгүй магтаал сайшаалыг зөв илэрхийлэх зэрэгтээ илүү амжилттай байдгийг онцолжээ. 

  • “Багшийн заах арга барилыг үнэлэх үнэлгээ нь (ихэвчлэн) хичээл заах үр нөлөөг хэмждэггүй” судалгаа, 2016 он 

Багшийн заах арга барилыг үнэлэх сурагчдын үнэлгээнд жендэрийн зөрүүтэй байдал нөлөөлдөг эсэхийг олж мэдэх зорилгоор Парис дахь “Sciences Po” их сургуульд дээрх судалгааг хийжээ. Судалгааны дүнгээр эрэгтэй оюутнууд эмэгтэй багшаас илүү эрэгтэй багшид өндөр үнэлгээ өгсөн байна. Харин, эрэгтэй, эмэгтэй багш нарын хувьд сурагчдадаа тавих дүнд онцын ялгаа байгаагүй аж.  

Тус судалгаатай холбоотойгоор АНУ-ын Үндэсний олон нийтийн радиогийн тоймд дурдсанаар “дунджаар авч үзэхэд эрэгтэй багшийн оюутнууд эмэгтэй багштай оюутнуудаас бага зэрэг муу дүнтэй төгсдөг” тухай мэдээлжээ. Хэдий ийм ч эрэгтэй оюутнууд эрэгтэй багшаа өндрөөр үнэлдэг байдлаас харахад итгэл үнэмшлийн асуудал голчлон хамаардаг байж болохыг тодотгосон байна. Нөгөө талаар, оюутнуудын дунд түгээмэл байдаг “эрэгтэй профессорууд хичээлээ эмэгтэй профессоруудаас илүү сайн заадаг” гэх мэт яриаг урьдчилан таамаг болон зөрүүтэй ойлголтоос бий болдог хэмээн дүгнэжээ. 

  • “Багш-сурагчийн хүйсийн зохицлын байнгын үр нөлөө” судалгаа, 2020 он 

Багш, сурагчийн хүйс ижил байснаар урт хугацаанд сурагчийн сурлагад хэрхэн нөлөөлдөг, ямар механизмаар нөлөөлдгийг БНСУ-ын Сөүл хотын нэгэн дунд сургуулийн өгөгдлийг ашиглан судалжээ. Ийн судлахад эмэгтэй багштай эмэгтэй сурагчид эрэгтэй багштай эмэгтэй, эрэгтэй сурагчидтай харьцуулахад жишиг шалгалтуудад харьцангуй өндөр оноо авч байжээ. Түүнчлэн, дунд сургуулийн 7-р ангидаа эмэгтэй математикийн багштай байсан эмэгтэй сурагчид шинжлэх ухаан, технологи, инженерчлэл болон математик /STEM/ суурьтай ахлах сургуульд орох, дээд түвшний математикийн сургалтад хамрагдах, мэргэжлийн зэрэгтэй болох зэрэг хүсэл эрмэлзэл нь нэмэгддэгийг олж мэджээ. Эндээс харахад дунд сургуулийн сурагчдад эмэгтэй багш нарын нөлөө илүү сайн байдаг гэж болох ч үүнээс гадна мэдээж сурагчийн хандлага, сонголтын өөрчлөлт зэрэг нь мөн нөлөөтэйг онцолжээ.  

  • “Их сургуулийн багш-оюутны харилцаа дахь жендэрийн ялгаа” тоон судалгаа, 2022 он 

Энэ судалгааг сурагчдын ойлголт дахь жендэрийн онцлог, ялгааг олж тогтоох зорилгоор хийжээ. Энэ хүрээнд, Пакистан улсын Лахор хот дахь нийтийн их сургуулийн өөр өөр мэргэжлээр сурч буй 300 оюутныг (150 эрэгтэй, 150 эмэгтэй) түүврийн аргаар судалж, асуулгын хуудсыг ашиглан мэдээлэл цуглуулсан байна. Ийнхүү судлахад эрэгтэй, эмэгтэй багш нарын сурагчдынхаа анхаарлыг татах, хичээлийн агуулгыг хянах зэрэг чадварт жендэрийн ялгаа илрээгүй байна. Үүний шалтгааныг их сургуулиудын сургалтын чанар сайжирч буй болоод өндөр түвшний боловсролтой багш нар нэмэгдэж байгаатай холбон үзжээ. Түүнчлэн, сурагчид багш нараа хүндэлж, сурах хүсэл эрмэлзлээ илэрхийлэхээс гадна багш нар оюутнууддаа итгэж, эерэг хандлагатай байснаар жендэрийн ялгаа төдийлөн үүсэхгүйг онцолсон байна. 

Дээрх судалгаануудаас бага болон дунд ангийн сурагчдын сурлагын байдалд багшийн нөлөө илүүтэй байдаг нь харагдаж байгаа ба ялангуяа эмэгтэй багшийн үр нөлөө эрэгтэй багшаас харьцангуй эерэг байна. Харин их сургуулийн оюутан, профессор хоорондын харилцааг авч үзэхэд, таамагт тулгуурласан үнэлэлт дүгнэлт буюу “эрэгтэй профессор илүү сайн хичээл заадаг” гэх зэрэг ойлголт нь багшийн ур чадвар, мэргэжлийн хүрээнд бус хүйсэд хамаатуулсан байна. Энэ нь манай улсад ч түгээмэл байдаг “эрэгтэйчүүд илүү удирдан манлайлах чадвартай, үлгэр дуурайл болохуйц” зэрэг жендэрийн хэвшмэл ойлголттой холбоотой байх боломжтой. Иймд, аливаа мэргэжлийг эзэмших, бусдад үлгэр дуурайл болох чадамж бололцоо зэрэг нь хүйсээс үл хамаарах ёстой тул тухайн мэдлэг олгож буй багш нарын хүйсийг голчлон үзэх, ялган шүүмжлэх бус боловсролын чанар, хүртээмж, заах арга барил, ур чадварыг чухалчлах нь зүйтэй юм. 

4-р агуулгын баримт шалгалт: 

Энэ хэсгийн агуулгыг эрэгтэй, эмэгтэй хүний сурлагын байдал: ижил төстэй ба ялгаатай байдлын талаар хийсэн судалгаануудын хүрээнд шалгалаа. 

  • Алисса Ж.Керси нарын эрдэмтэд математикийн ухааны бичлэг үзүүлэх замаар 3-10 насны хүүхдүүдийн мэдрэлийн хөгжлийг хэмжин судалжээ. Судалгаагаар охид, хөвгүүдийн тоон хөгжилтэй холбоотой мэдрэлийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц ялгаа гараагүй байна.  
  • Хувьслын өөр өөр хэрэгцээ шаардлагаас үүдэн эрэгтэй, эмэгтэй хүний тархины үйл ажиллагаа, хөгжлийн хувьд ялгаатай гэж үздэг. “Хөвгүүдийн тархи удаан хөгждөг. Тийм ч учраас эрэгтэй сурагч ижил насны эмэгтэй сурагчийн нэг жилийн дараа сургуулиа эхлэх нь зөв санаа байж болно” гэж (Wehrwein тэргүүтэй эрдэмтдийн судалгаа, 2007)-нд дурджээ. 
  • Эрэгтэй сурагчид кинестетик буюу мэдээллийг эрэмбэлэх, хадгалах зэрэг үйлдэл, орон зайн баримжаандаа илүү сайн бол охидууд аман болон сонсголын үйлдлүүдийг илүү амжилттай гүйцэтгэдэг аж. 
  • Хөвгүүдэд серотонин буюу аз жаргалын даавар, окситоцин буюу хайрын даавар охидынхоос бага байдаг тул биохимийн ялгаатай байдал бий болдог аж. Тайван байдлыг бий болгоход чухал үүрэгтэй эдгээр даавар нь эрэгтэй хүүхдэд бага байдаг учраас охидтой харьцуулахад илүү хөдөлгөөнтэй, ширүүн байдаг. Энэ ч утгаараа эрэгтэй сурагчид эмэгтэй сурагчидтай харьцуулахад сахилга бат сул, хичээл дээр анхаарал төвлөрөлт төдийлөн сайн биш байдаг нь сурлага, дүнд сөргөөр нөлөөлөх магадлалтай бол эмэгтэй сурагчид илүү сахилга баттай учраас сурлага, гүйцэтгэлээр харьцангуй өндөр байдаг гэсэн судалгаа байна.  
  • Нөгөө талаас охид сурлагадаа илүү сайн байдаг, ийм байх ёстой хандлага нь тэднийг олон жилийн турш боловсролын дарамтад өртүүлэх магадлалтай гэжээ. Учир нь охид сурлагаа батлахын тулд аливаа шалгалтад унасан ч дахин дахин өгөх хандлагатай байдаг аж.  

Эрэгтэй, эмэгтэй хүний сурах зан үйлийн ялгаатай байдалд энэ мэтчилэн нийгэм болоод биологи, социологи, хүрээлэн буй орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна. Түүнчлэн, эрэгтэй багш эрэгтэй сурагчдад, эмэгтэй багш эмэгтэй сурагчдад сайн үлгэр дуурайл болж, мэргэжлийн боловсрол олгоход ялгаатай үр нөлөө  үзүүлдэг эсэх нь бүрэн нотлогдоогүй байна. 

Дүгнэлт 

Тус ярианд дурдагдсан агуулгуудыг шалгахад, үзэл бодлоо бэхжүүлэхээр тоо баримт дурдахдаа худал мэдээлсэн түгээсэн, ардчилсан нийгмээс хойш мэдлэг, боловсролтой эрэгтэйчүүд үгүй болж байгаа гэх агуулгыг судалгаа, баримт дурдалгүйгээр ярьсан. Түүнчлэн, жендэрийн ялгаварлан гадуурхалтыг дэвэргэсэн, сөрөг үр дагаврыг зөвхөн нэг хүйсэд хамаатуулсан зэрэг шинжтэй тул төөрөгдүүлсэн мэдээлэл хэмээн дүгнэж байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалж: 

Дээд боловсролын байдал

Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг /1992, 2002, 2012, 2022 /

МУИС-ийн Профессор, Дэд профессорын мэдээлэл

“Сурагчийн хөгжилд багшийн хүйсийн нөлөөлөх байдал: Хятадын боловсролын санал асуулгад үндэслэн гаргасан судалгаа”

“Багшийн заах арга барилыг үнэлэх үнэлгээ нь (ихэвчлэн) хичээл заах үр нөлөөг хэмждэггүй” судалгаа

АНУ-ын Үндэсний олон нийтийн радиогийн тойм

“Багш-сурагчийн хүйсийн зохицлын байнгын үр нөлөө” судалгаа

“Их сургуулийн багш-оюутны харилцаа дахь жендэрийн ялгаа” тоон судалгаа

Бие судлалын ангийн оюутнуудын сурах хүсэл сонирхол дахь хүйсийн ялгаа” судалгаа

Олон үндэстний ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй сурагчдын сурлагын  ижил ба ялгаатай байдал” судалгаа

Математикийн хөгжлийн явц дахь хүйсийн ижил төстэй байдал” судалгаа

Эмэгтэй, эрэгтэй суралцагчдын ижил төстэй болон ялгаатай талууд: Ангид  болон ангиас гадуур бие даан хэл сурах үйл явц” судалгаа

“Хувийн сахилга бат охидод давуу тал болох нь: Сахилга бат, дүн, шалгалтын дүнд жендэрийн нөлөө” судалгаа

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сурах арга барилын ялгаа

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document