2024 оны зургаадугаар сарын 02-нд Ардчилсан намаас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч С.Цэнгүүнийг Өрөг.mn сайтын нэвтрүүлэгт орох үеэрээ “Та мөнгөтэй болох гэж улс төрд орж байгаа гэсэн үг үү?” гэх асуултад мөнгөний төлөө орж байгаа гэх агуулгаар ярьсан мэт бичлэгийг түгээжээ (энд, энд бас энд). 19 секунд үргэлжлэх уг бичлэгт түүний ярьсан агуулгыг тодотгон “Мөнгөтэй болохын төлөө улс төрд орж байна” хэмээн бичлэгт тодотгон нийтэлсэн байна. Бичлэгт гарсан харилцан яриаг буулгавал:
- “Б.Болорчимэг: Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?
- С.Цэнгүүн: Би хүрээгүй тийм учраас би улс төрөөр явахад надад мөнгө хэрэгтэй. Тэр нь тодорхой байх ёстой.
- Б.Болорчимэг: Та мөнгөтэй болох гэж улс төрд орж байгаа гэсэн үг үү?
- С. Цэнгүүн: Тэрний төлөө. нөгөө талдаа би өөрийнхөө төлөө явж байгаа гэсэн үг. Хэн нэгний төлөө гэсэн үг биш. Өөрийнхөө төлөө л явж байгаа
- Д.Амартүвшин: Үүнийгээ битгий монтажлаарай” гэх агуулгыг оруулжээ.
Бид бичлэгийн эх сурвалжийг олж шалгасан бичлэгтэй харьцуулахад С.Цэнгүүний яриаг таслан илэрхийлсэн агуулгаас ташаа агуулгыг эвлүүлэн түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгасан бичлэгийн эх хувилбар нь Өрөг.мн сайтын албан ёсны Фейсбүүк хуудаст 2024 оны 04-р сарын 23-нд нийтлэгдсэн “ӨРӨГ нэвтрүүлэг: – Тэдний улс төрд орох зорилго юу вэ?” гэх 60 минутын урттай нэвтрүүлэг байна. Мөн @Boloroo business Urug youtube сувагт дөрөвдүгээр сарын 24-нд нийтлэгджээ.
Нэвтрүүлэгт комедиан Д.Амартүвшин, Монгол Ардын намын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал болон Ардчилсан намын нарийн бичгийн дарга С.Цэнгүүн нар оролцон улс төрд орсон зорилгынхоо тухай ярьж буй гарна. Тус нэвтрүүлгийн 22:30 минутад хөтлөгч Б.Болорчимэг “Улс төрийн гишүүн болох, улс төрч болох зорилго нь юу вэ?” гэх асуулт асуусан.
Уг асуултад 23:00 минутад С.Цэнгүүн “Би өөрийгөө их бэртэгчин амьдарч явсан гэж боддог байсан. Нийгэмд болж буй муу муухай юмсыг хараад “ингэх ёстой, тэгэх ёстой, яриач дээ” гээд наана нь яваад байдаг. Гэхдээ яг үнэндээ өөрөө зориг гаргаад орсон бол заавал дээр нь гарч байж өөрчлөлт хийнэ гэж хүмүүс боддог. Тэгэхгүйгээр өнөөдөртөө өдөр тутамдаа миний хийж чадах зүйл юу байгаа вэ? Зөв талд нь юу байгаа вэ? Яг түүн дээр л дуу хоолойгоо хүргэдэг байя. Бид хэд хаа хүрэх нь надад бол хамаагүй шүү дээ. Тэрний төлөө л ингэж байгаа. Нөгөө талдаа би өөрийнхөө төлөө явж байгаа гэсэн үг, Хэн нэгний төлөө гэсэн үг биш, өөрийнхөө төлөө явж байгаа.” хэмээн хариулсан.
Үргэлжлүүлэн 23:39 минутад О.Батнайрамдалын яриа тасалдууллаа гэсэнд хариу үйлдэл үзүүлэн Д.Амартүвшин “Үүнийгээ битгий монтажлаарай” гэж хэлжээ.
Шалгасан бичлэгт хөтлөгч Б.Болорчимэгийн “Мөнгөтэй болох гэж улс төрд орж байгаа юу?” гэх асуултад С.Цэнгүүн “Тэрний төлөө. Нөгөө талдаа би өөрийнхөө төлөө явж байгаа гэсэн үг. Хэн нэгний төлөө гэсэн үг биш. Өөрийнхөө төлөө л явж байгаа” гэж хариулсан мэтээр эвлүүлсэн. Харин бичлэгийн эх хувилбарт мөнгөтэй болох гэж улс төрд ороогүй, улс төрд орсны дараагаар цалингаараа амьжиргаагаа залгуулах боломжтой байх хэрэгтэй болохыг тодотгосон хариултыг өгсөн. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгийн 41:00 минутад асуусан асуултад 23:30 минутад хэлсэн хариулттай нийлүүлэн эвлүүлжээ.
Тодруулбал Б.Болорчимэгийн “Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?” хэмээн нэвтрүүлгийн 41:00 минутад асуухад С.Цэнгүүн дараах байдлаар хариулсаныг бичлэгээс үзэж болно.
- С.Цэнгүүн “Би хүрээгүй тийм учраас би улс төрөөр явахад надад мөнгө хэрэгтэй. Тэр нь тодорхой байх ёстой.
- Б.Болорчимэг: Та мөнгөтэй болох гэж улс төрд орох гэж байгаа гэсэн үг үү?
- С.Цэнгүүн: Үгүй. Хэрвээ би мөнгөтэй болохыг хүссэн бол бизнесийн салбараар бизнестээ маш өндөр юманд байх ёстой. Надад мөнгө хэрэгтэй. Тэр нь болохоор миний сарын амьжиргааны зардлыг даачихдаг. Би автобус, унаа, таксинд, өдрийн хоолныхоо мөнгийг аваад явчхаж чаддаг тийм хэмжээний мөнгө бодитоороо би авдаг, түүндээ санаа зовдоггүй байх хэмжээний мөнгө байх ёстой гэдэг л зүйл дээр байж байгаа.” хэмээн хариулжээ.
Эвлүүлсэн бичлэгийн текст ба бичлэгийн эх хувилбар дахь ярианы агуулгыг харьцуулсан байдал
Хэдийгээр С.Цэнгүүн ярилцлагад оролцох үеэрээ санхүүгийн эрх чөлөөнд хүрээгүй гэдгээ тодотгосон ч мөнгөний төлөө улс төрд орж байгаа гэх агуулгыг илэрхийлээгүй бөгөөд түүний ярилцлагын өөр хэсэгт өгсөн хариултыг эвлүүлэн түгээжээ.