2024 оны 05 дугаар сарын 24-нд Gankhuyag Amgalanbaatar А.Ганхуяг гэх хаягтай Фейсбүүк хэрэглэгч тус платформ дээр шинээр танилцуулсан гэх хандалт, энгейжментийн шаардлагууд бий болсон гэх богино бичлэгт тайлбарлан нийтэлжээ. Тэрээр хандалтаа өсгөх үйлдлүүдийг биелүүлж шаардлагатай болсон тухай тайлбарлан “Шинээр пэйж нээж байгаа ер нь жоохон хандалтаа өсгөх гээд зүтгэж байгаа залуучууд анхааралтай сонсоно биз энэ болохоор Фейсбүүкээс энгейжмент гэж шинээр нэвтрүүлж байгаа юм байна. Энэ нь 7 хоног тутам хүн болгоноос шалтгаалаад тэдэн пост хийх ёстой, тэдэн рийл хийх ёстой, тэдэн стори хийх ёстой. Тэгээд дээрээс нь 7 хоногт тэдэн удаа бүүст хийх ёстой гээд. Тэр шаардлагуудыг хангаад явах юм бол пэйжийн хандалт нь яваандаа ихсэх юм байна. Миний хувьд ихэнх шаардлагуудыг нь хангаж байна. Хамгийн гол нь би хэзээ ч бүүст хийж үзээгүй. Тэгсэн одоо 7 хоногт дор хаяж 7 доллараар бүүст хийх ёстой гэнэ. Тэгээд тэр тэр шаардлагуудыг нь хангаад мэдээж хэрэг цаашлана. Тэрийг нь хангахгүй бол тэрийг нь Фейсбүүкээс жоохон хандалт тиймэрхүү болж байгаа юм байна. Тэгээд одоо бүүст хийж эхлэхээс дээ” гэж тайлбарлажээ.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Фейсбүүк платформ буюу Мета компаниас дээр дурдсан шаардлагуудыг заавал биелүүлэхийг шаарддаггүй бөгөөд харин таны өмнөөс маркетингийн төлөвлөгөө гарган өгч, хандалт, энгейжментээ нэмэгдүүлэх алхамуудыг чиглүүлсэн зөвлөмжүүд юм.
Meta Business Suite нь таны Facebook болон Instagram-ыг холбодог, нэг дороос удирдах боломжтой гар утас, компьютерт ажиллах боломжтой программ юм . Энэ нь хэрэглэгчид Facebook, Instagram, Messenger-тээ пост, зар сурталчилгаа, харилцаа холбоогоо нэг дороос удирдах, хамгийн хялбар нь тухайн хэрэглэгч бүрт тохирсон маркетингийн төлөвлөгөөг долоо хоног бүрээр нь гаргаж өгч, гүйцэтгэлийг хянаж өгдөг төвлөрсөн орон зай юм.
Шинэ хаяг нээсэн, шинээр хэрэглэгч болсон, дагагчдаа нэмэхийг хүссэн хэн бүхэн Мета-аас таны өмнөөс боловсруулан санал болгодог энэхүү бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлбэл ухаалаг бөгөөд үр ашигтай юм. Гэхдээ үүнийг заавал дагах албагүй. Та долоо хоногийн төлөвлөгөөнд санал болгосон зүйлсийг хийгээд байвал хаягийнхаа хандалтыг өсгөх боломжтой, хийхгүй байлаа гээд хандалтгүй болж, хаяг нь хязгаарлагдана гэх ойлголт байхгүй.
Жишээлбэл, дараах пэйжид Facebook-тээ 10 пост, 6 стори оруулж, Instagram-даа 2 пост, нэг стори хийчихвэл ерөнхийдөө дажгүй хандалттай байхыг санал болгосон байна. Мөн Messenger-тээ хариулах байдлыг хувиар үзүүлж, нэг удаа зар сурталчилгааны дэмжлэг буюу boost хийвэл зүгээр шүү гэдгийг төлөвлөж өгсөн байна.
Энэ нь заавал биелүүлэх албагүй гэдгийг дахин сануулъя.