Хүндэрсэн үений үрэвсэлт өвчинг тосон түрхлэгээр богино хугацаанд бүрэн эдгээх боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #987

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Үений үрэвсэлт өвчлөлийг 2 долоо хоногийн дотор эдгээх тосон түрхлэг гэх бичлэгийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгасан бичлэгт дурдсан бүтээгдэхүүний сурталчилгаа найдваргүй, албан ёсны гэрчилгээгүй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тосон түрхлэгийг худалдаалж байна.

2024 оны тавдугаар сарын 13-нд Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хуудаснаас үе мөчний тос гэх тайлбартайгаар “perfectx” гэх бүтээгдэхүүний сурталчилгаа болох богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Бичлэгт “Нурууны таталт, ясны ургалт, ясны сийрэгжилт, хавагналт үе мөчний зовиур өвчин намдаах гайхамшигт тосыг танилцуулж байна. Найрлагандаа хүхэр, уураг, кальци агуулсан тул түрхсэн хэсгийн зовуурь багасаж, цусны эргэлт сайжирч, хөндүүр багасна” гэх агуулгыг дурджээ. Харин ашигласан дүрсэнд ясны хүнд өвчнүүдийг шууд эдгээж буй мэтээр ойлголт өгөхөөр эвлүүлжээ. Мөн бичлэгийн эхний хэсэгт “үений үрэвсэл, яс ургалт, ревматоид артрит зэрэг үе мөчний асуудлыг 2 долоо хоногийн дотор 99%-ийг арилгана” гэх агуулгын дурдсан. Тус бичлэг нь нийт 511 реакц, 214 сэтгэгдэл авч, 485 удаа цааш түгээгдэж, 76 мянга гаруй хэрэглэгч үзжээ.

Шалгасан бичлэгт дурдсан “Perfectx osteoarthritis cream” тосны тухай Филиппинийн VeraFiles баримт шалгах төв баримт шалгалт хийсэн. Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 19-нд нийтэлсэн баримт шалгалтын тайланд “АНУ-ын Хүнс, эмийн захиргааны порталаас үзэхэд Perfectx бүтээгдэхүүний бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна” хэмээн дурджээ. Мөн “тус тосны сурталчилгаа, гэрчилгээг хуурамчаар үйлдсэн” гэх агуулгыг оруулжээ.

Европын эмийн агентлагийн албан ёсны сайтад зөвшөөрөгдсөн эмийн улсын бүртгэлээс “perfectx” тосыг хайхад хайлт илэрцгүй байна.

Perfectx бүтээгдэхүүнийг сурталчилж буй англи хэл дээрх сайтад “АНУ-ын FDA (АНУ-ын Хүнс, эмийн захиргаа)-д бүртгэлтэй лабораторид боловсруулж, үйлдвэрлэсэн” гэж бичжээ. Гэвч дээр дурдсанчлан АНУ-ын хүнс, эмийн захиргааны бүртгэл байхгүй. Мөн тус сайтад Доктор Жон Браун гэх эмч тосыг санал болгож буй яриаг хавсаргасан. Гэтэл Google lens хайлтын системээр зургаар хайхад спортын анагаах ухаан, түнх, өвдөгний үе солих, нөхөн сэргээх мэс заслын чиглэлээр мэргэшсэн доктор Жэсси ДеЛи гэх хүний мэдээлэл гарч ирж байна. Энэ нь тус бүтээгдэхүүний сурталчилгаанд мэргэжилтний нэрийг зохиож, зургийг ашигласан, эмийн бүртгэлд байхгүй зэрэг нь хуурамч шинжийг илтгэж байна.

Мөн тус бүтээгдэхүүний англи хэл дээрх сурталчилгаанд “өвчнийг хурдан намдааж, үений үрэвсэл, яс ургалт, ревматоид артрит зэрэг үе мөчний асуудлыг 2 долоо хоногийн дотор 99%-ийг арилгана” хэмээн дурдсан. Үений үрэвсэлт өвчлөлийн эмчилгээний явцад өвчин намдаах тосыг ашигладаг ч давхар эмчийн хяналтад хавсарсан эмчилгээ хийдэг. Шалгасан бичлэгт харуулсан шиг хүндэрсэн үений үрэвсэлт өвчлөлийг 2 долоо хоногийн дотор тос ашиглан бүрэн эмчлэх боломжгүй юм.

Английн үндэсний эрүүл мэндийн албан ёсны сайтад үений үрэвсэлт өвчлөлийн эмчилгээнд “амьдралын хэв маягаа өөрчлөх (эрүүл жингээ барих, тогтмол дасгал хийх гэх мэт), өвдөлтийг намдаах эм бэлдмэл, тосон түрхлэг хэрэглэх, өдөр тутмын үйл ажиллагааг хөнгөвчлөх дэмжих эмчилгээ хийх аль эсвэл өвчлөл хүндэрсэн тохиолдолд гэмтсэн үеийг засах, бэхжүүлэх, солих мэс заслыг хийнэ” хэмээн дурдсан.

Шалгасан бичлэгт дурдсан бүтээгдэхүүний сурталчилгаа баталгаагүй эх сурвалжаас авсан, албан ёсны гэрчилгээгүй бүтээгдэхүүн бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй тосон түрхлэгийг худалдаалж байна.

Үений үрэвсэлт бүх өвчлөлийг нэг тосоор богино хугацаанд бүрэн эдгээх боломжгүй. Судалгаа шинжилгээгээр батлагдаагүй, бүртгэгдээгүй эм бэлдмэл, хуурамч сурталчилгаатай тосон түрхлэгийг дур мэдэж хэрэглэх нь харшлах, арьсыг гэмтээх зэрэг эрсдэлтэй учир бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө заавал эмчид хандах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document