Цалинтай ээжийн мөнгийг нэмэх хуулийн төсөл санаачлахыг 102 мянган иргэн дэмжиж санал өгсөн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 986

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Цалинтай ээж” буюу 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдэд сард олгодог 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл гарсан.

Баримт шалгалтын үр дүн

“Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэгдүүлэх санал асуулга явуулсныг 102,805 хүн дэмжиж гарын үсэг зурсан. Гэхдээ иргэдийн өгсөн санал болгоныг заавал бодлого шийдвэрт тусгана гэх хуулийн зохицуулалт байхгүй байна. Саналыг “шаардлагатай гэж үзвэл” боловсруулах талаар УИХ-ын тухай хуульд заажээ.

“Цалинтай ээж” буюу 0-3 насны хүүхдээ асарч буй эхчүүдэд сард олгодог 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл гарсан. Гэвч хэзээ, хэдэн төгрөгөөр нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагууд судалгааг дөнгөж эхлүүлж байгаа, мөн 2025 оны улсын төсөв хэлэлцэх үед энэ талаар санал оруулна гэх мэдээллүүд дагаж гарсан.

Тэгвэл “Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэх талаарх хуулийн зохицуулалт ямар байгааг судаллаа.

Цахим парламентад 100 мянган иргэний санал авсан ч хуулийн төсөл санаачлаагүй байна

2023 оны 10 дугаар сарын 18-нд Раднаабазар Цэндсүрэн гэх иргэнээс petition.parliament.mn буюу иргэдийн цахим өргөдөл гаргах платформд “Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах” гэсэн сонголтоор PN-202310-26719 дугаартай “ЦАЛИНТАЙ ЭЭЖ ГЭЖ НЭРЛЭГДЭЖ БУЙ 50,000₮-ИЙГ НЭМЭХИЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ” гэсэн санал асуулга явуулсныг 102,805 хүн дэмжиж гарын үсэг зуржээ. Гэвч шийдвэрлэлтийн явц оруулаагүй буюу тодорхойгүй байна.

100 мянган иргэний саналыг хуульд тусгасан тохиолдол бий

2024 оны 04 дүгээр сарын 12-нд УИХ-ын Тамгын газрын вэбсайтад “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг эцэслэн батлав” гарчигтай мэдээлэлд оруулсан бөгөөд уг мэдээнд “Жирийн иргэн цахимаар хуулийн төсөлд саналаа өгснөөр хууль батлагдаж байна. Энэ бол ардчилсан, цахим парламентын хөгжлийн тод жишээ гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглээд газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх хуулийн заалт Монгол Улсын ямар ч хуульд байхгүй болсныг мэдэгдлээ” гэсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын үгийг эшилсэн байна.

  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд байсан Татварын бус дэмжлэг хэсгээс “12.1.1.газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;” гэснийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүчингүйд тооцсон.

Гаднын хөрөнгө оруулагчдад газар ашиглуулахтай холбоотой дэмжлэгийг хассан нь цахим парламентад санал өгсөн хүний тоо 100 мянга хүрснээс үүдэлтэй гэх тайлбар өгсөн.

2024 оны 01 дүгээр сарын 22-нд иргэн Нямжавын Номун-Эрдэнэ “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн эхний удаа 60 жилээр, мөн 40 жилээр сунгаж нийтдээ 100 жилээр ашиглах, эзэмших нь үндэсний аюулгүй байдалд харшилж байгаа тул холбогдох хуульд өөрчлөлт оруулахыг шаардаж байна” гэж өргөдөл гаргасныг 100,267 хүн дэмжиж саналаа өгжээ.

100 мянгаас дээш иргэн саналаа өгсөн асуудал болгон хуулийн төсөл болох уу?

УИХ-ын тухай хуульд 2022 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн саналыг бодлого шийдвэртээ тусгах зохицуулалт нэмж өгсөн. Цахим платформоор дамжуулж тухайн асуудлыг зуун мянгаас дээш иргэн дэмжсэн бол хэлэлцэх талаар тусгаж өгсөн. Ингэхдээ:

391 дүгээр зүйл.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах

391.2.Улсын Их Хурал Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12-т заасныг үндэслэн шийдвэр гаргахдаа иргэдийн оролцоог хангах зорилгоор энэ хуулийн 391.1-д заасан саналыг санал авах цахим хуудсанд 30 хоногийн хугацаатай байршуулах ба иргэдийн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд хэлэлцэнэ:

  • 391.2.1. тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;
  • 391.2.2. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9.3-т заасны дагуу;
  • 391.2.3. хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол.

391.3.Энэ хуулийн 391.1-д заасан асуултыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 109.11, 109.12, 109.13, 109.14-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

391.4.Энэ хуулийн 391.2-т заасан саналыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 94.2, 94.3, 94.4, 94.5, 94.6-д заасан журмын дагуу хэлэлцэх бөгөөд санал авах нарийвчилсан журмыг Инновац, цахим бодлогын байнгын хороо батална.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн

“94.2.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39дүгээр зүйлд заасан саналыг доор дурдсан тохиолдолд хэлэлцэнэ” гээд,

  • 94.2.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391.2-т заасан саналыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэд дэмжсэн бол.

94.3.Иргэн тухайн асуудлаар саналаа зөвхөн нэг удаа өгнө.

94.4.Энэ хуулийн 94.2-т заасан санал авах ажилд мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх чиг үүргийг Тамгын газар хэрэгжүүлнэ.

94.5.Байнгын хороо энэ хуулийн 94.2-т заасны дагуу тухайн асуудлыг хэлэлцээд бодлогын баримт бичиг боловсруулах, хуулийн хэрэгжилтийг хангаж, зөрчлийг арилгах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх, Байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, олон нийтийн хэлэлцүүлэг, нийтийн сонсгол зохион байгуулах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай гэж үзвэл санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.

Эдгээр хуулийн зохицуулалтуудыг нэгтгэвэл:

Иргэд …тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудсаар дамжуулан хэрэгжүүлж болно. (УИХ-ын тухай хуулийн 391.1)

хуулийн төслийн талаарх саналыг 100 000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол (УИХ-ын тухай хуулийн 391.2.3)… Байнгын хороо хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах эсэх асуудлыг шийдвэрлэж, … шаардлагатай гэж үзвэл санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.(УИХ-ын дэгийн тухай хуулийн 94.5)

Тэгэхээр ямар асуудлыг “шаардлагатай гэж үзэх” нь гишүүдээс хамаарах нь. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хууль дахь “газрыг зуун жилээр ашиглах эрхийн тухай заалтыг эсэргүүцсэн” саналыг хүлээн авч, хуулиас хасаад, “”Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэгдүүлэх” саналыг хойшлуулсаар байна.

Нэмэлт:

2024 оны 03 дугаар сарын 29-нд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийхдээ, “…Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэхээр 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа тусган, Сангийн яаманд хүргүүлсэн. 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэхээр санал хүргүүлсэн. Энэ жил сонгуулийн жил учраас нэмэх боломжгүй. Халамжийн хөтөлбөр Сонгуулийн тухай хуулиараа хориотой. Цалин, тэтгэврийн тухайд өөр. “Цалинтай ээж”-ийн мөнгийг 50 мянган төгрөгөөр олгоход жилд 100 тэрбумыг зарцуулдаг” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document