2024 оны тавдугаар сарын 25-нд Kh Buynaa гэх хаягаас “Дорнод аймагт байсан суулчийн цагаан баавгaйг хужаа нар буудаж алжээ...” гэх тайлбартайгаар цагаан баавгай агнасан хүний зургийг түгээжээ. Тус пост нь нийт 764 реакц, 401 сэтгэгдэл авч, 1,300 гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Зургийг google lens хайлтын системээр хайхад 4 жилийн өмнө түгээж байсан зураг байна. Тодруулбал, 2020 оны 12-р сарын 23-нд “Follow дараад дэмжээрэй, Tushig Doyod minjgol training camp хээрийн сургалт” хуудаснаас “Осоржамаа хэмээх алуурчин Дорнодын хамгийн сүүлчийн баавгайг нухсан бн. Харсан даруйдаа шэйр” гэх тайлбартайгаар нийтэлсэн нь нийт 41 реакц 13 сэтгэгдэл авч, 6 удаа цааш түгээгджээ. Мөн 2020 оны 12-р сарын 22-нд Инээмтгий хүн хуудаст нийтэлсэн нь нийт 3,600 гаруй реакц, 1,00 гаруй сэтгэгдэл авч, 955 удаа цааш түгээгджээ.
Үргэлжлүүлэн тус зургийг эвлүүлэг хийж, янзалсан эсэхийг медиа контентыг ойлгох, хайх, баталгаажуулах технологи, үйлчилгээг хөгжүүлдэг MeVer (Media Verification) багийн зураг баталгаажуулах сайтын “Image Verification Assistant” хэрэглүүрийг ашиглалаа. Доорх зургаас харахад шалгасан зургийг толгой, нүүр хэсэг болон цагаан баавгайн хэсэгт өөрчлөлт орсныг харж болох юм. (зурагт эвлүүлэг, өөрчлөлт орсон эсэхийг шалгасан сайт). “Image Verification Assistant” хэрэглүүр нь олон төрлийн алгоритм болон хиймэл оюун ухаан ашиглан зурагт эвлүүлэг, өөрчлөлт орсон эсэхийг, магадлалыг харуулдаг хэрэглүүр юм.
Харин 2024 оны тавдугаар сарын 27-нд Таванбаяр Каба гэх хаягаас “Хэрлэн голд үлдсэн гурван матрын ганц эмийг нь “Петро Дачин Тамсаг” Компанийн ажилчин, БНХАУ-ын иргэн Ли Жин Хоу гэгч хөнөөжээ! Ингээд Манжуурын мар гэх матрын энэ төрөл зүйл бүрэн устчихлаа даа” гэх тайлбартайгаар ижил зургийг оруулсан ч цагаан баавгайн оронд матрыг эвлүүлэн нийтэлжээ. Тус зургийг мөн “Image verification assistant” хэрэглүүрээр шалгахад зурагт өөрчлөлт оруулсныг харуулж байна.
Дээрх өөрчилсөн зургууд нь хошигносон агуулгатай, хүний сонирхол татахуйц чанараараа олон хандалт цуглуулжээ. Тэгвэл ингэж хошигнож, егөөдсөн хуурамч мэдээллээр олон хандалт цуглуулсан хаягуудын дараа нь оруулах мэдээллүүдийг мөн олон хүнд харуулдаг сошиал платформын алгоритмыг ашиглаж, зарим тохиолдолд суртал ухаалга хийхийн өмнө түгээдэг үзэгдэл бий.
Тиймээс баримт шалгах төвүүд энэ төрлийн эвлүүлгийг олон нийтэд мэдээлэх үүрэг хүлээдэг бөгөөд, учир шалтгааныг тайлбарласан, арга зүйгээ хуваалцсан байдлаар түгээдэг. Энэ зарчмын дагуу хийсэн энэхүү баримт шалгалтаас зурагт эвлүүлэг орсон эсэхийг нягталдаг MeVer платформыг тэмдэглээд аваарай.