Африкийн Нигер, Конго улсуудад хүмүүсийг боолчлон уурхайд ажлуулахаар худалдах гэж байна гэх тайлбартай бичлэг түгэн өндөр хандалт аваад байна (энд бас энд). Бичлэгт цэнхэр цамцтай хүмүүс газар суусан хар арьст хүмүүсийг хашсан байдалтай харагдах ба бичлэгийг “Африкийн Нигер, Конго улсуудад эр эм боолуудыг уурхайд ажлуулахаар худалдах гэж байгаа бичлэг 2024 оны 5 сард интернет орчинд цацагдаж шуугиан тарьж байна. Аймар юм бэ. Монголчуудаа та нарын ирээдүйн тун ойрхон байгаашдээ.” хэмээн цочирдом байдлаар тайлбарлажээ.
Бид дээрх бичлэгийн эх сурвалжийг олсон бөгөөд энэ нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь боолын наймааг харуулсан бичлэг биш харин Нигер улсын усан цэргийн академийн сургуулилтын бичлэг юм.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бичлэгийн хэсгийг зургаар хайхад энэхүү бичлэг нь X, Instagram зэрэг нийгмийн сүлжээний платформуудаар тархсан байсан ба зарим постод энэхүү бичлэгийг Конгод болсон боолын наймаа биш хэмээн тайлбарласан байна. Бид үргэлжлүүлэн энэ мэдээллийн талаар хайхад AFP баримт шалгах төв энэ талаар тайлбарлан мэдээлэл түгээсэн байна. Тодруулбал тус бичлэг нь 2023 онд Нигер улс дахь Тээвэр, менежментийн технологийн институтийн (Institute of Transport and Management Technology) захирал Синтия Чидера Ахамефуле AFP-д “энэ нь шинэ элсэгчдийг хүлээж авах баптизм хэмээх цэргийн сургуулилт” хэмээн тайлбарласан байна.
Түүнчлэн AFP бичлэгийн эх сурвалжийг олсон бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 17-нд TikTok-д “Kingdbn97” гэсэн хаяг анх “Дурсамжтай өдөр шүү” хэмээн тайлбарлан түгээж байсан байна.

Тус академийн захирал уламжлал болгон зохион байгуулдаг сургуулилтынхаа зургийг мөн хуваалцсан байна.

Зурагт шинэ элсэгчид газар суун бидний шалгасан бичлэг дээрхтэй ижил цэнхэр цамцтай хүмүүс тойрон зогсож буй харагдана.




