Хямдарсан бүтээгдэхүүн зарах нэрийдлээр цахим залилан хийхийг санаархаж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 982

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хоёр хүнийх 210,000 боллоо. Хэмжээ 150:190, даац 300 кг. Агуулах чөлөөлж байна.” гэх тайлбартай зар түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Хувь хүнээс цахимаар худалдан авалт хийхдээ хаяг эзэмшигчийг баталгаатай эсэхийг нягталж, түрүүлж урьдчилгаа төлөхөөс зайлсхийгээрэй.

2024 оны 5 дугаар сарын 24-нд “Болдттөр Саранцэцээг” нэртэй фейсбүүк хэрэглэгч “Хоёр хүнийх 210,000 боллоо. Хэмжээ 150:190, даац 300 кг. Агуулах чөлөөлж байна.” гэх тайлбартай зарыг “Е БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА” гэх 149,700 хэрэглэгчтэй бүлгэмд оруулсан нь 21 реакц, 72 сэтгэгдэл авч 13 удаа цааш түгээгджээ. 

Factcheck: Баримтыг шалгасан байдал: 

“Болдттөр Саранцэцээг” гэх хаягт нийтлэгдсэн 5 зургийг Google Lens-ээр хайхад инстаграм сүлжээнд  nnalovendlessly гэх хаягтай хэрэглэгчийн 3 зургийг ашигласан байна. 

Нэг хаягт өөр өөр хүмүүсийн зургийг нүүр зургаар ашигласан байх нь хуурамч хаяг байх магадлалыг ихэсгэх тул зургийн эх сурвалжийг хайж, нягталж байгаарай. 

Мөн хэрэглэгчийн бусад нийтлэлийг харахад зарын групуудэд хэд хэдэн төрлийн бараа, бүтээгдэхүүний зургийг байршуулсан ба тухайн зургуудыг нягталж үзэхэд өөр дэлгүүрүүдийн барааны зургууд ашигласан нь харагдаж байна. 

Тухайлбал “ДУНДГОВЬ – УРСГАЛ ЗАР МЭДЭЭ” бүлгэмд 2024.05.18-ны өдөр оруулсан зарын зургууд “Цааны годон гутал” гэх дэлгүүрийн цахим хуудастаа нийтэлсэн зургууд болох нь зураг хайх хэрэглүүрээр хайлт хийсний дүнд гарч ирсэн. 

Мөн адил группэд нийтэлсэн шүүгээний зургууд “Сондор store” гэх хаягаас түрүүлж нийтлэгдсэн байгааг тус дэлгүүрийн нийтлэлийн хугацаанаас харж болно. 

Цахим залилангаас сэргийлэхийн тулд худалдан авалт хийхдээ, тэр тусмаа хувь хүнээс бараа бүтээгдэхүүн авахдаа сайтар нягталж, урьдчилгаа төлбөр төлөхөөс зайлсхийх хэрэгтэй. Баталгаагүй зарыг нягталснаар учирч болзошгүй гэмт хэргээс сэргийлэх боломжтой. 

Хэрэв та энэ хаягаас түгээсэн мэдээлэлд итгэн хямд бараа авахаар урьдчилгаа мөнгө шилжүүлсэн бол ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв, эсвэл 102 дугаарын утсанд хандаарай. Мөн харъяа аймаг, дүүргийнхээ цагдаагийн газарт очиж, гомдол гаргавал таны мөнгө шилжүүлсэн дансыг царцааж, мөрдөн шалгалтаар тогтоогдвол буцаан олгодог.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтэс нь энэ оны 5-р сарын 3-ны өдрийн байдлаар гэмт хэргийн замаар олж авсан 2 тэрбум 453 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнээс одоогоор 44 иргэний 850 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирогчдод хүлээлгэн өгчээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document