2024 оны тавдугаар сарын 29-нд ҮСАХ-ийн “галзуу хулгана” тоглоомд суусан хүүхэд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Харин сошиал орчинд “түгсэн мэдээллээр “галзуу хулгана тоглоом ажиллаж байхад унаж амиа алдсан” гэх мэдээллүүдийг түгээжээ. Тухайлбал, Alim.mn хуудаст “Паркад галзуу хулгана тоглоомоос 13-14 орчим насны нэг хүүхэд унаж амиа алджээ. Хэргийн газарт цагдаагийн байгууллага ажиллаж байна” гэх мэдээллийг түгээсэн нь нийт 551 реакц, 120 сэтгэгдэл авч, 44 удаа цааш түгээгджээ. Мөн Taiz.mn хуудаст ижил мэдээллийг оруулжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
NTV мэдээ албан ёсны хуудаснаас нийтэлсэн шууд бичлэгт Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс тодруулга авахад “15 цаг 30 минут орчим галзуу хулгана тоглоом дээр тоглосон хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Олон нийтийн сувгуудаар ямар нэг техникийн нөхцлөөс болж ийм явдал гарсан гэх мэдээлэл яваад байгаа нь худал.
Хүүхэд буух үедээ ухаан алдсан, таталт өгсөн байдалтай буусан. Манай эмч анхны тусламж үзүүлсэн. Онцгой байдлын өдөрлөг болж байсан болохооор хоёр хүн ирж тусалцаа үзүүлсэн. Мөн түргэн тусламжийн эмч ирсэн ч амь насыг нь аварч чадсангүй харамсалтай явдал боллоо” хэмээжээ. (0:38 секундээс эхэлнэ)
Mass.mn сайтын албан ёсны хуудаст оруулсан шууд бичлэгт уг үйл явдал болох үед тухайн газар байсан эх сурвалжуудаас тодруулахад “Осол биш, хүүхэд суухдаа зүгээр суугаад бууж ирэхдээ ухаангүй бууж ирсэн”, “унаагүй, галзуу хулганад суусныхаа дараа буухдаа ухаан алдаж унасан. Галзуу хулгана зогсоод хоёр найз нь буулгаж ирээд, хүн дуудсан. Бараг цагийн өмнө болсон.. ” гэх мэт хариултыг өгчээ. (бичлэгийн 2:43 секундэд, 8:10 секундэд)
Олны анхаарлыг татсан үйл явдлын хажуугаар түгээж буй хуурамч, ташаа мэдээлэлд хянуур хандаарай.