2024 оны тавдугаар сарын 09-нд Zorigtbaatar Nergui Borjigon гэх хаягаас “Битгий ийм муухай юм идэж байгаарай! Орион гээд энэ жигнэмэг угаасаа шавьжны өндөг, ген хольцтой гардаг болсон байгаа шүү!” гэх тайлбартайгаар Оreo жигнэмгийг микроскопоор харж буй богино хэмжээний бичлэгийг түгээжээ. Тус бичлэг нь нийт 688 реакц, 157 сэтгэгдэл авч, 6,600 гаруй удаа цааш түгээгдэж, 332 мянга гаруй хэрэглэгч үзжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй бичлэгийн эх хувилбар нь @microzoomguy гэх ТикТок хаягт 2024 оны дөрөвдүгээр сарын 12-нд нийтлэгджээ. Тус хаягт төрөл бүрийн бүтээгдэхүүнийг микроскопоор харж буй бичлэгийг оруулдаг. Бүх бичлэг нь ижил бөгөөд микроскопоор харж буй бүтээгдэхүүн бүрээс яг ижил шавьж гарч ирж байгаа нь бичлэгт зориулж зориудаар хүнсэнд хорхой, шавж хийдэг байж болзошгүйг харуулж байна.
- Тухайлбал, хоёрдугаар сарын 17-нд нийтэлсэн цагаан будааг микросопоор харж буй бичлэгт саванд хийж буй цагаан будаан дунд ямар нэг хорхой шавж байхгүй ч дүрс солигдох үед микроскопоор томруулах шаардлагагүй, энгийн нүдээр харж болох шавжнуудтай болсон байна. Мөн Bounty шоколадыг томруулж харуулахад Оreo жигнэмэг болон цагаан будаанд байсантай яг ижил шавж байгааг харж болох юм. Бичлэгт харуулсан шавж нь микросопын тусламжгүйгээр нүдээр харагдахуйц хэмжээтэй аж.
Оreo жигнэмгийн хавчуурга хэсэгт харагдаж буй шавж нь шөвгөр хошуут цохны нэг төрөл бөгөөд нас бие гүйцэхээрээ 3-6 мм-ийн урттай байдаг. Хүний нүдэд шууд харагдах боломжтой. Бичлэгийн эхлэл хэсэгт Оreo жигнэмгийг хуваахад шавж огт үзэгдэхгүй байгааг тус зургаас харах боломжтой. Харин дүрс шилжсэний дараа шавж үзэгдэж байна. Тус жижиг хэмжээтэй цагаан шавж нь үр тарианы, хөгцний аль эсвэл тоосны хачигтай төстэй.
@Factora_eng болон @DiscoveryTV youtube сувагт Оreo жигэмнэг хэрхэн хийдэг тухай бичлэг оруулжээ. Бичлэгт Oreo жигнэмэг бэлэн болох явцдаа 85 м урттай үйлдвэрийн зориулалттай зуухаар дамжин гарсны дараа жигнэмгийг хөргөж, голын шанзыг хийж нийлүүлэн гаргадаг байна. Бүх үйл явц автомат үйлдвэрлэлээр явагдаж буйг, үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд үе шат бүрийг шалгаж буйг дээрх бичлэгүүдээс харах боломжтой. Мөн @techoo youtube сувагт Оreo жигнэмэг хийж буй процессийг оруулжээ.
@microdude болон @ThingsinmyMicroscope youtube суваг Oreo жигнэмгийг микросопоор харсан бичлэгийг нийтэлжээ. Эдгээр бичлэгт жигнэмгийг микросопоор харахад шавж огт харагдахгүй байна.