2024 оны 05 дугаар сарын 10-наас эхлэн Huslee Huslee нэртэй хаягаас “Дорнод аймгийн зарын нэгдсэн групп”-т 68 удаа, “ebarimt.mn зөвлөгөө групп”-т 29 удаа “Уншсан хүн болгон цааш нь түгээж өгөөрэй, нулимс дуслуулан бичиж сууна. Бяцхан үрийг минь авраач. Билгүүн хүүд амьдрал хайрлаач буян нь буцаад хур бороо шиг асгарах болтугай” гэсэн тайлбартай, уйлж буй өвдсөн хүүхдийн зургууд хавсаргасан пост оруулжээ.
Уг постдоо “Билгүүн хүү 2 ой 1 сартай. Тархмал миелома болон мэдрэлийн эсийн хорт хавдар гэсэн оноштойгоор БНСУ – ын Seoul National University Hospital-д хэвтэн эмчлүүлж байна. бид нийт 10 үе шаттайгаар химийн тариа хийлгэсэн бөгөөд нийт эмчилгээнд 2 жил гаруй хугацаа шаардагдах юм. маш хүнд байдалд ороод байна. Бид хүүгийнхээ төлөө байр , машинаа зарж Шинжилгээний зардал , байрласан байр , урсгал зардал , химийн тариа гээд нийт 100 орчим сая төгрөг зараад байна. Бидний хүүг эмчлэхэд нийт 250-300 сая вонн болох ба маш яаралтай эмчлүүлэх шаардлага гараад элэг нэгт монголчуудаасаа тусламж хүсэж байна. Сайхан сэтгэлт монголчууд минь 500 1000 болтугай хандивлаж хүүд минь амьдрал хайрлаач. Хандивын данс Хаан банк – 5908037445 хүүгийн данс Билгүүн. Солонгос дахь холбогдох дугаар – +82 70-7390-0881” гэсэн байна.
Дараах байдлаар шалгаарай.
Зургаар хайх:
Ашигласан зургийг татаж аваад yandex.com сайтад оруулж хайж үзэхэд 2017 оны 09 дүгээр сард олон улсын хэвлэл мэдээллийн сайтуудад гарч байсан мэдээлэл гарч ирсэн.
Арабын Laha сэтгүүлд “Хоёр настай хятад хүү Хоу Хаоёнг 2016 оны тавдугаар сараас хойш элэгний ховор төрлийн хорт хавдраар өвчилжээ. Тэрээр хэд хэдэн хими эмчилгээ хийлгэж, элэгнийх нь хэсгийг авах мэс засал хийлгэсэн. Гэсэн хэдий ч өвчин дахин гарч, түүнийг Бээжингийн хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай болсон. Үүнээс болж ээж нь хамаатан садандаа хандаж, хүүгийнхээ эмчилгээг үргэлжлүүлэхийн тулд мөнгөн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тэд 100,000 гаруй ам.доллар цуглуулж чадсан. Гэтэл ээж нь мөнгөө аваад зугтаж, хүүхдээ эмнэлэгт ганцааранг нь орхисонд тэд гайхсан байна. Цагдаа нар түүнийг баривчилж, тэр мөнгийг олж авч чадсан. Энэ явдал Хятадад шуугиан тарьж, хүүхдийн зураг олон нийтийн сүлжээгээр таржээ” гэсэн байна.
Хууртагдаж мөнгө шилжүүлсэн хүмүүсийн анхааралд!
Хэрэв дээрх хуурамч мэдээлэлд итгэж мөнгө шилжүүлсэн бол ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв, эсвэл 102 дугаарын утсанд хандаарай. Мөн харъяа аймаг, дүүргийнхээ цагдаагийн газарт очиж, гомдол гаргаснаар Д.Билгүүн гэх эзмшигчтэй 5908037445 дансыг битүүмжилж, мөрдөн шалгалтаар тогтоосноор таны мөнгийг буцаан олгох боломжтой юм.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Шуурхай ажиллагааны хэлтэс нь энэ оны 5-р сарын 3-ны өдрийн байдлаар гэмт хэргийн замаар олж авсан 2 тэрбум 453 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Үүнээс одоогоор 44 иргэний 850 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, хохирогчдод хүлээлгэн өгчээ.