2024 оны 5 дугаар сарын 23-ны өдөр DMNN Korea нэртэй Фейсбүүк пэйж “Монгол эмэгтэйн сэтгэсэн хоол” гэх тайлбартай, “Монгол охин тогоочийн шоунд түрүүлжээ” гэх хадмалтай бичлэг түгээсэн нь нэгэн эмэгтэй хийсэн хоолоо тогооч нарт шалгуулж буйг харуулжээ. Тус бичлэг нь нийт 10 мянга гаруй реакц авч, 1 мянга гаруй удаа цааш түгээгдэж, 367 мянга гаруй хэрэглэгч үзсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид бичлэгт гарч буй эмэгтэйг Гүүгл хайлтын системд зургаар хайхад Австралид төрж өссөн Тайланд гаралтай “Nat Thaipun” гэх нэртэй эмэгтэй болох нь харагдлаа.

Тэрээр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эхэлсэн Австралийн “MasterChef” нэртэй шоуны оролцогчдын нэг аж. Уг шоу нь үргэлжилж байгаа бөгөөд дараагийн дугаар нь 5 дугаар сарын 26-ны өдөр олон нийтэд цацагдана. Иймд түгээсэн бичлэгт агуулсан “Монгол эмэгтэйн сэтгэсэн хоол” болон “Монгол охин тогоочийн шоунд түрүүлжээ” гэх мэдээлэл худал болох нь харагдаж байна.
Та эх бичлэгийг уг шоуны албан ёсны Фейсбүүк хуудас болох “MasterChef Australia”-ийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр нийтэлсэн постоос үзэж болно.

Цахим орчинд зураг, бичлэгийн гарчгийг өөрчлөн, гуйвуулан, төөрөгдүүлж хандалт авах явдал түгээмэл байдаг бөгөөд үүнтэй төстэй манай баримт шалгалтыг эндээс, мөн цахим орчинд зураг, бичлэгээр хэрхэн хайлт хийхийг эндээс үзээрэй.