Search

“Мана-4 Норов-7 танг хэтрүүлж уувал коронагаас аюултай” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Мана-4, Норов-7 танг хэтрүүлж уух нь коронагаас ч аюултай гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ

Баримт шалгалтын үр дүн

Биеийн байдлаас хамаарч ковидын үед дунджаар 14 хоног тан уудаг. Түүнээс хэтрүүлбэл хийн халуун, хоосорсон халуун үүсэх магадлалтай. Халдварт хижиг өвчин ямар эрхтэнг барьж буусан, хий болон халуун нь хэр байгаа зэргээс хамаарч аль танг нь тохирохыг уламжлалт анагаах ухааны эмч нарын зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй.

2021 оны 10 дугаар сарын 9-нд Coupon Mongolia нэртэй 15.9 мянган дагагч, 15.2 мянган лайк цуглуулсан facebook пэйжид “Анхаар, Мана-4, Норов-7-г ковидийн үед хүмүүс ихээр ууж байна. Хэрэв хэтрүүлж уугаад байвал коронагаас ч аюултай” гэх мэдээлэл оруулжээ.

Уг мэдээллийг 10 дугаар сарын 12-ны байдлаар 331 реакц, 51 сэтгэгдэл авч, 1.2 мянган удаа цааш түгээсэн байна. Уг мэдээлэлд zagdaa.com гэх домайн нэртэй сайтын холбоосыг оруулсан боловч уг сайт нь түр хаагдсан байна.

🔎 Гэвч дээрх гарчгийг хараад, агуулгыг үзэлгүйгээр хуваалцах үзэгдэл зогсохгүй байгаа тул баримтын шалгалт хийх шаардлага гарлаа.

1. Короновируст халдварын үеийн уламжлалт эмчилгээг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 21-ний А 328 тоот тушаалаар “Коронавируст халдвар /КОВИД-19/-ыг уламжлалт анагаах ухааны онолоор оношлох, эмчлэх түр заавар” баталсан. Уг зааварт өвчний шинж тэмдгээс хамаарч ямар танг хэр хугацаагаар уухыг тодорхой зааж өгсөн. Тухайлбал уг зааврын 5.1.1.-д,

📌Эмийн эмчилгээ хэсэгт “Бадган, хийн хувь ихтэй бол Мана 4, цус, шарын хувь ихтэй бол Лидэр 7, Брайвү 3, Норов 7 танг сайтар буцалган ширгээж бүлээнээр нь уулгана” гэсэн байна.

📌“Нянгийн халуун эс боловсорсон, өөрөө боловсроогүй халуунд өглөө Норов 7, Лидэр, Мана 4, өдөр Гавар 9, Гавар 25 эмийн аль нэгийг сонгож Зову 8 уулгана” гэх мэтээр эмчилгээний заавар оруулжээ. /дэлгэрэнгүйг эх сурвалжийн холбоосоос үзнэ үү/

2. Уламжлалт анагаах ухаанд энэ хоёр танг зэрэг уухыг зөвлөдөггүй.

Уламжлалт анагаах ухааны Мамбадацан нэгдсэн эмнэлгийн Эмнэлгийн тусламж, чанар аюулгүй албаны дарга, Анагаах ухааны магистр, их эмч Г.Пүрэвжаргалаас тодрууллаа.

📌“Мана 4”, “Норов 7” тангийн аль нэгийг ууна. Хүмүүс өглөө “Мана 4”-ийг, орой “Норов 7”-г ууна гэх мэтээр ташаа ойлголттой байх шиг байна. “Норов 7” нь “Мана 4”-ийн найрлага дээр гурван төрлийн ургамал нэмсэн тан юм. Халдварт хижиг өвчин ямар эрхтэнг барьж буусан, хий болон халуун нь хэр байгаа зэргээс хамаарч аль танг нь тохирохыг уламжлалт анагаах ухааны эмч нарын зөвлөгөөгөөр хэрэглэх нь зүйтэй.

📌Танг стандартын дагуу мэргэжлийн байгууллагын шалгалт дор үйлдвэрлэсэн эсэхийг хянаарай. Учир нь гадуур зарим танг хаана хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, найрлагыг зөв гаргасан зэргийг хяналтгүй тарааж байгаа мэдээлэл бий. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын шалгаж, зөвшөөрсөн, найдвартай үйлдвэрийн танг өөрт зохицсон зөв тунгаар уухыг эрхэмлэх хэрэгтэй.

📌Танг хэтрүүлэн уух тохиолдол гэж хэд хоногийг хэлж байгааг ойлгохгүй байна. Тухайн хүний биеийн байдлаас хамаарч ковидын үед дунджаар 14 хоног тан уудаг. Түүнээс хэтрүүлбэл хийн халуун, хоосорсон халуун үүсэх магадлалтай.

✒️Эдгээр зүйлсийг Г.Пүрэвжаргал эмч чухалчилсан. Тиймээс уламжлалт анагаах ухааны эмчилгээг өөрийн нас, хүйс, өвчний онцлогт тааруулан эмчээс зөвлөгөө авсны дараа хэрэглэхийг хүсье.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document