Ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаа тэглэнэ гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

ulaanbaatar.me нэртэй вэбсайтад “Ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаадаа тэглэж, шинэ гараанаас бүгдийг эхэлнэ” гэсэн гарчигтай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зурагтай мэдээ оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Аж ахуйн нэгжүүдийг өр төлбөр, торгуулиас чөлөөлөх санаачилга гаргаж байсан болохоос түүнийг нь хүлээн авч шийдвэрлэсэн зүйл байхгүй.

2021 оны 09 дүгээр сарын 04-нд ulaanbaatar.me гэх домайн нэртэй сайтаас “Ард иргэдийнхээ өр зээлийг нэг удаадаа тэглэж, шинэ гараанаас бүгдийг эхэлнэ” гэсэн гарчигтай, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зурагтай мэдээ оруулжээ.

🔎 Уг мэдээг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад facebook платформд 7490 хариу үйлдэл авсан байна. Бид өмгөөллийн “Фиделитас Партнерс” /Fidelitas Partners /ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Аж ахуйн нэгжүүдийг өр төлбөр, торгуулиас чөлөөлөх санаачилга гаргаж байсан болохоос түүнийг нь хүлээн авч шийдвэрлэсэн зүйл байхгүй.

📌2021 оны 05 дугаар сарын 12-нд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас “Ковидын дараах эдийн засгийн их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Уг санаачилгад “Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлж дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн тохируулга хийх (Нийгмийн даатгалын шимтгэл ба татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монгол Банкны мэдээллийн санд ангилал буурсан аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах) гэсэн санааг тусгасан байв.

2. “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль”-ийн төслийг Засгийн газраас боловсруулж байгаа бөгөөд түүнд аж ахуйн нэгжүүдийг татвар, нийгмийн даатгалын өр төлбөрөөс чөлөөлөх тухай зохицуулалт оруулах эсэх нь тодорхойгүй байна.

📌ҮАБЗ-өөс уг төслийг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхийг дэмжсэн. Гэхдээ өр төлбөрөөс чөлөөлөх тухай тусгасан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь хуулийн төслийг боловсруулалтын шатанд яваа бөгөөд бэлэн болсон хуулийн төслийг Хууль тогтоомжийн хуулийн дагуу нийтэд нээлттэй тавигдах юм.

Уг хуулийн:
📌8 дугаар зүйлд Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын үе шатыг тодорхойлохдоо 8.1.5-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах;” гэж,

📌38 дугаар зүйлд хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах тухай зохицуулахдаа 38.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээс өмнө олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргана” гэж зааж өгсөн.

3. УИХ-ын 75 дугаар тогтоолоор УИХ-ын 2021 оны намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг баталсан. Үүнд Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төсөл багтаагүй бөгөөд уг тогтоолын 3 дахь хэсэгт Ковид-19 цар тахалтай холбоотой асуудлыг тухай бүрд нь хэлэлцэхээр зааж өгсөн.

📌Энэ зохицуулалтаар Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх тухай хууль хэлэлцэгдэх боломжтой. Харин уг хуульд МҮХАҮТ-ын гаргасан санаачилга болох аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өр тэглэх асуудал тусгах эсэх нь тодорхойгүй байна.

📌Мөн ард иргэдийн өр зээлийг нэг удаа тэглэх тухай ямар ч шатанд яриа, санаачилга гараагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document