Жүжигчдийн бичлэгийг ашигласан хуурамч хаягаас болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #842

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жүжигчин З.Онон шүтэн бишрэгчдэдээ зориулж 100,000 төгрөг өгнө гэх тайлбартай шууд бичлэг тоглуулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олны танил хүмүүсийн албан ёсны хаягийг шалгахдаа эхлээд тус хаяг танилцуулга хэсгээ бөглөсөн эсэх, хуудас нь хэзээ нээгдсэн, өөр мэдээлэл, постууд оруулсан эсэхийг шалгана. Мөн  facebook-ийн url link-ээр шалгах боломжтой юм.

2024 оны нэгдүгээр сарын 27ны өдөр  Ohoho-3onoo гэх хуудаснаас 4 цаг 13 минутын live бичлэгийг “шүтэн бишрэгчиддээ өгөх бэлэг: Эхлэлээ.(Сайн байна уу) гэж хэлсэн эхний 400 хүнд 100,000₮ өгнө, чин сэтгэлээсээ одооноос эхлэн…” гэх тайлбартайгаар оруулсан. Тус бичлэгийг нийт 32 мянган хэрэглэгч үзэж, 4,300 гаруй сэтгэгдэл авчээ. 

Хаяг шалгах 

Жүжигчин З.Оногийн албан ёсны хуудасны нэр нь  Onon Zorigtzandan бөгөөд 522 мянган дагагчтай юм. 

Жинхэнэ хаягтай нь ижил нүүр зургийг оруулсан хуурамч хуудас нь одоогоор 508 лайк, 804 дагагчтай байгаа юм. Тус пэйжийг шалгахад 2023 оны есдүгээр сарын 05-ны өдөр ꓣꓳꓢꓰꓟꓮꓣꓲꓰꓰ,’ˡᶦᵛᵉ гэх нэртэйгээр нээгдэж байсан бөгөөд 12 дугаар сарын 05-ны өдөр хуудасныхаа нэрийг Ohoho-3onoo хэмээн өөрчилжээ. Нүүр зургаас өөр зураг огт оруулаагүй байх бөгөөд өөрийн танилцуулга хэсэгтээ үл хөдлөх хөрөнгө гэх ангиллыг сонгон оруулжээ. 

Шалгаж буй Live бичлэгийн  тайлбар нь үгийн болон найруулгын алдаатай байх бөгөөд сэтгэгдэл хэсэгт бичсэн “БИ ЗӨВХӨН МИНИЙ ПЭДЖИЙГ ДАГАЖ, FACEBOOK-ЫН 10-15 ГРУППД LIVE SHARE ХИЙСЭН ХҮМҮҮСТ ШАГНАЛ ӨГНӨ!” гэх өгүүлбэр нь мөн үг үсгийн алдаатай байх нь хуурамч хаяг байж болзошгүйг илэрхийлж байна. Мөн сэтгэгдэл бичсэн хүмүүст хандан “Миний шууд дамжуулалтыг 20-30 өөр фейсбүүк группт хуваалцаж, 15 минут үзээд дуусахаас өмнө шагналаа аваарай. БАЯРЛАЛАА” гэж бичсэн нь хандалт нэмэх зорилготойгоор уриалж буйг харуулж байна. 

Сэтгэгдэл хэсэгтээ “@pengikut” гэж бичсэн нь Малайзын Малай хэлээр “дагагч нар” гэсэн утгатай ажээ. 

Олны танил хүмүүсийн албан ёсны хаягийг шалгахдаа эхлээд тус хаяг танилцуулга хэсгээ бөглөсөн эсэх, хуудас нь хэзээ нээгдсэн, өөр мэдээлэл, постууд оруулсан эсэхийг шалгана. Мөн  facebook-ийн url link-ээр шалгах боломжтой юм. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document