Манай пэйжийн чатботоор дамжуулан, дүүг нь хуурах гэж оролдсон залилангийн мэдээллийг шалгуулахаар илгээлээ. Бид хуурамч мэдээллийг шалгаж, үзэгдэлтийг бууруулан, шэйрлэсэн хүмүүст мэдэгдэл хүргүүлэх болно. Хариуцлагатай хандаж, бусдыг сэрэмжлүүлсэн хэрэглэгч Өсөхбаяр Төмөрхуяг танд баярлалаа.
2024 оны 01 дүгээр сарын 26-нд 𝐆𝐚𝐥𝐥𝐞𝐫𝐲 𝐢𝐏𝐡𝐨𝐧𝐞 𝐱 нэртэй пэйжээс “350 ширхэг утас бэлэглэнэ гэж зарласан. Цүнхэнд бага зэрэг зураас байгаа тул зарах боломжгүй тул санамсаргүй байдлаар өгөх болно. Хүссэн өнгөө оруулна уу. жишээ нь “(ЦЭНХЭР)” гэсэн тайлбартай, гар утсуудын зурагтай пост оруулсныг 494 реакц, 5.7 мянга гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 13 мянга гаруй удаа цааш түгээжээ.

Гар утас авахыг хүсэж, дуртай өнгөө бичсэн хүмүүст “чатаа шалгаарай” гэх хариу өгсөн байна.
Дараах байдлаар шалгаж, хуурамч мэдээлэл болохыг мэдэж аваарай, мөн бусдадаа түгээгээрэй.
Хаягийг шалгах:
Хаягийг олон тооны гар утсыг сэв зураас гарсан гэх шалтгаанаар бэлэг болгон тараахуйц /гар утасны худалдаа эрхэлдэг буянтан ч юм уу…/ хувь хүн, аж ахуйн нэгжийн хаяг мөн эсэхийг эхлээд шалгаж үзье.

Пэйжийн about буюу тухай гэсэн хэсэг рүү орж, Page transparency бюу “Пэйжийн ил тод байдал” гэсэн хэсгийг хараарай. 2024/01/26-д шинээр нээсэн хаяг байна.
- Энэ нь их хэмжээний гар утас тараахаар шинээр нээсэн хаяг байж болох уу? гэдгийг бодоод үзээрэй.
- Шинэ хаяг байсан ч гар утас өгч магадгүй юм гэж бодоод цааш нь явъя. Сэтгэгдэл хэсэгт сануулсны дагуу чатаар харилцаж эхэлбэл дараах зүйлстэй тулгарах нь…

- За, анкетаа бөглөөд, гар утсаа шагналд авахаа хүлээж байх зуур таны данснаас бүх мөнгө чинь гарч, хаяг руугаа орох боломжгүй болох явдал мэдээллээ өгсөн хэрэглэгчдийн дийлэнхэд нь тохиолдох магадлалтай.
Яагаад?
Ихэвчлэн фишинг буюу цахим залилан хийдэг гаднын бүлэглэлээс энэ төрлийн мэдээллийг орчуулж, улс орнуудын цахим орчинд түгээдэг. Тухайлбал энэ нэрээр 01/15-нд 214664705061530 дугаартай ID кодтой пэйжээр “Gift for fans” буюу “Дэмжигчдэд зориулсан бэлэг” гэж түгээсэн байна.


Анкетад цугласан мэдээллээс магадлалын онолоор нууц үгийг олж, цахим хаягууд, банкны дансууд руу нэвтрэх, цаашлаад залилах үйлдлээ үргэлжлүүлэхэд энэ аргаар олж авсан хаягуудаа ашиглах зэргээр энэ төрлийн гэмт хэрэг тасрахгүй байна.
Нөгөө талаас энэ жил дэлхийн 60 гаруй улсад сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор хялбар аргаар “мөнгө, эд зүйл хожно” гэх мэдээллээр уургалж, бөглүүлж авсан анкет дахь гэрийн хаяг, утасны дугаар, регистрийн дугаар ашиглан, сонгуульд нөлөөлөх санаархал байх магадлалтай гэж хардаж байна.
Тиймээс та бүхэн:
- Итгэмээргүй амархан мөнгө олох арга мэтээр сонирхол татсан,
- Зөвхөн чатаар харилцах санал тавьсан,
- Шинээр нээсэн болон зарласан мэдээлэлтэйгээ холбоотой ажил үйлчилгээ эрхэлдэг шинжгүй хаягтай,
- Хувийн мэдээллийг чинь авах линк явуулсан зэрэг тохиолдолд бүү харьцаарай.
Хэрэв анкетыг нь бөглөсөн бол сошиал хаягуудын, мөн банкны нууц үгээ нэн яаралтай солиорой.