2021.08.02 | Улаанбаатар хот, Монгол
2021 оны наймдугаар сарын 1-нд Facebook-т 63.4 мянган гишүүнтэй “Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчдийн нэгдсэн групп” гэх нэртэй public группт “Хэрэглээний зээлийг нэг удаа тэглэх санал гаргалаа, дэмжиж байвал шэйрлээрэй” гэх утгатай пост оруулжээ.
Уг мэдээллийг наймдугаар сарын 2-ны 15:00 цагийн байдлаар 301 лайк дарж, 73 удаа цааш түгээсэн байна. Уг мэдээлэлд хавсаргасан холбоос нь topmedee.xyz гэх домайн нэртэй сайтынх бөгөөд CrowdTangle хэрэглүүрээр шалгахад facebook-т 1399 хариу үйлдэл авсан байв. Үүнээс 800 реакц, 517 сэтгэгдэл авч, 82 удаа цааш хуваалцсан байна.
Уг мэдээлэлд: “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ гэж Төв банк үзэж байна. Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас зээлийн эргэн төлөлт доголдсон, орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамаарах юм. Түүнчлэн өмнө нь хэрэглээний зээл төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлт гаргаагүй байсан зээлдэгчид дээрх шаардлагыг хангаж байгаа тохиодолд тухайн банкиндаа хүсэлт гарган, энэ оныг дуустал хэрэглээний зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргах боломжтой…” гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээv
1. “Хэрэглээний зээлийг нэг удаа ТЭГЛЭХ санал гаргалаа” гэх мэдээлэл ХУДАЛ.
Хэрэглээний зээлийн эргэн төлөлтөд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах тухай Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнгөрсөн онд гаргасан шийдвэр бий. Харин ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭХ тухай ямар ч шийдвэр өмнө нь гарч байгаагүй бөгөөд тэглэх тухай санал одоогоор эрх бүхий аль ч субьектээс гаргаагүй байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 2020/06 тоот шийдвэрийн 3 дахь заалтад “Эргэн тѳлѳлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн ѳѳрчлѳлт хийж, хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэх…” гэж заасан. /шийдвэрийн дэлгэрэнгүйг холбоосоос/
Энэ шийдвэрээс хойш хэрэглээний зээлтэй холбоотой асуудал Засгийн газар болон Монголбанкны хүрээнд яригдаагүйг дараах эх сурвалжаас тодруулж баталгаажууллаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Ганзулаас “Хэрэглээний зээлийг тэглэх санал гаргасан” эсэхэд хариулт авахад, “Ийм асуудал огт яригдаагүй. Намайг ажлаа авснаас хойш Засгийн газрын хоёр удаагийн хуралдаан болсон, мөн ажлын албаны хурлууд болсон. Эдгээрт хэрэглээний зээлийг тэглэх тухай асуудал огт яригдаагүй” гэв.
Мөн Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваагаас тодруулахад “Өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргасан шийдвэрээс хойш хэрэглээний зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй байгаа бөгөөд Засгийн газраас ийм санал ирүүлээгүй” гэлээ.
2. “Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан” гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН.
2020 оны 11 дүгээр сарын 23-нд Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж, “Бодлогын хүү, заавал байлгах нѳѳцийн хувийг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг сунгах, урт хугацаат дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх тухай” 2020/06 тоот шийдвэрээ гаргасан. /шийдвэртэй холбоотой асуулт, хариултыг холбоосоос/
Хамгийн анх 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн Мөнгөний бодлогын хорооны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа (60%)-ны болон хугацаа (30 сар)-ны дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгосон. Энэ шийдвэр нь 2020 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн юм.
Харин 2020 оны наймдугаар сарын 7-ны өдрийн Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж, хугацааг сунгах дээрх арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байсан юм. /холбоосуудыг хавсаргав/
Ингэхдээ, жишээ нь өмнө нь 6 сараар сунгуулсан бол нэмж 6 хүртэлх сараар эргэн төлөлтийг сунгуулж болох зохицуулалт оруулсан.
Энэ үед бэлтгэж түгээсэн мэдээг дээрх сайт шууд тавьсан нь “2020 оныг дуустал” гэх ойлголтыг бүдгэрүүлж, “энэ оны 12 сарын 31-нийг дуустал” буюу 2021 оныг дуустал хэрэгжүүлэх болсон мэтээр төөрөгдүүлжээ.