2024 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр Малчин заяа гэхпэйжээс “Өмнөговийн Ханбогдод хулгайч нар авлигын мөнгөө машин болгож нуусан байсан нь баригджээ. Ямар шившгийн юм бэ. Үнэн болов уу” гэх тайлбартайгаар газар булсан машинуудын зургийг хавсаргасэн пост оруулжээ. Тус мэдээлэл нь 7 цагийн дараах байдлаар нийт 470 реакц, 110 сэтгэгдэл авч хандалт авч, 412 удаа цааш түгээгдсэн байна.
Энэ зургийг ашигласан мэдээлэл Нигер улсад мөн гарсныг баримт шалгах төвүүд нягталж байжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургаар google болон yandex хайлтын системд хайлт хийхэд “Афганистаны Балх мужид машин агуулсан газар доорх нууц агуулах” гэх мэдээллүүд гарч ирсэн.
Хайлт хийхэд гарч ирсэн илэрцүүд рүү орж үзвэл “Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсын албаныхан Балхаас нэгэн цагт гадаадын хүчин болон засгийн газрын албан тушаалтнууд ашиглаж байсан тансаг хуягт машинуудын газар доорх нуугдмал агуулах илрүүлжээ” гэх тайлбартайгаар ижил зургуудыг нийтэлсэн байна.
Мөн Олон улсын баримт шалгагчдын сүлжээний гишүүн Africa Check баримт шалгах төв уг мэдээллийг шалгаж 2023 оны 12 дугаар сарын 20-нд тайлагнажээ.
- Нигерт авлигад идэгдсэн улстөрчид шуудуунд машин нуусан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаж байна. Гэвч Нигери улсад уг мэдээлэл тархаж эхлэхээс долоо хоногийн өмнө эдгээр машинууд Афганистантай холбоотой гэсэн өөр мэдэгдлүүд ижил зурагтайгаар гарчээ” гэсэн байна.
Иймд шалгаж буй мэдээлэлд оруулсан зураг нь Монгол Улсад бус Афганистанд болсон үйл явдлын зураг байна.