2023 оны 12-р сарын 10-нд Montserrat Espriu гэх хэрэглэгчээс Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчидийн нэгдсэн групп-т “Эрхэм ашиг хүртэгч та дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй нууцаар бичнэ үү, бидэнтэй холбогдож байгаад баярлалаа” гэсэн постны дор “Зөвхөн ахмад настанд эргэн төлөгдөхгүй зээл. Хүлээн авахыг хүсвэл манай фэйсбүүк хуудсууд болон мессенжерээр бичээрэй” гэсэн мэдээлэл оруулсан байна.
Цахимаар түгээж байгаа мэдээллүүдэд хариулт бичихээсээ өмнө үлдээсэн сэтгэгдлүүд, түүнд хэрхэн хариулсныг харьцуулах нь чухал. Энэхүү мэдээллийн доорх сэтгэгдлүүдэд нууцлах тохиргоо хийсэн бөгөөд ил харагдсан 2-ыг нь харахад ахмадуудыг уриалсан, мөн тэдний өмнөөс (залилж авсан хаягаас) бичсэн гэж болохуйц зурвасууд байлаа.
Тухайлбал, “Ахмад настан байна, авъя аа” гэх сэтгэгдэл үлдээсэн Dugar Nasantogtox -ын хаяг руу орж view profile-ийг сонголоо. Энэ хэрэглэгч ихэвчлэн зураг оруулдаг, оруулсан давтамжуудыг харахад 2020 оны 6-р сарын 4-нд гэр бүлийн зураг оруулсан бол 2022 оноос амьтны зураг оруулах болжээ. Залилагчид мэхэлж авсан хаягаа идэвхтэй харагдуулахын тулд зураг эсвэл ямар нэгэн постыг хуваалцах зэрэг нийтлэг байдал ажиглагддаг.
Сэтгэгдэлд үлдээсэн хариу зурвасуудыг харахад “САНХҮҮГИЙН ӨНГӨӨРСДИЙН БИРЖ Өнөөдөр эргэн төлөгдөхгүй санхүүгийн тусламжаа авсан хүмүүст баяр хүргэе, бид бүх гэр бүлд буцалтгүй тусламж үзүүлсээр байна. Санхүүгийн тусламжийг шударга бусаар шийдсэн. Та над руу (Messenger эсвэл Facebook дээр) бичихээ мартуузай, би танд энэхүү эргэн төлөгдөхгүй гэр бүлийн тэтгэлгийг хэрхэн авахыг хэлье. Баярлалаа” гэжээ.
“Санхүүгийн өнгөрөөгсдийн бирж” гэх байгууллага байдаггүй. Google дэх автомат орчуулгаар орчуулсан хувилбар гэхээр харагдаж байна.
Хаяг шалгах: Montserrat Espriu гэх хэрэглэгч нүүр хэсэгтээ Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний өмнөх тэргүүн Элизабет Спехар -ын зураг тавьсан. Идэвхтэй хэрэглэгч гэх ойлголт төрүүлэх зорилгоор хүмүүсийн зураг, пост хуваалцдаг. 2022 оны 6-р сарын 6-16-нд испани хэл дээр 2 хувийн хүүтэй 5,000-500,000 еврогийн зээл олгох тухай мэдээлэл оруулж байв.
Тус хэрэглэгч монгол хэл дээрх мэдээллүүдээ гадаадын олон улсын арга хэмжээний үеийн зураг ашигладаг.
Мэдээллүүдээ 2022 оны 4-р сарын 9-өөс 6-р сарын 16 хүртэл испани хэл дээр оруулж байгаад 2023 оны 9-р сараас монгол хүний зураг постолж, монгол хэл дээр оруулах болсон байна.
Эдгээр шинжээс харахад хуурамч хаягаар олон улсад залилан хийх зорилготой үйл ажиллагаа байхаар байна.
Тиймээс ийм төрлийн мэдээлэлд хариу бичихэд хувийн мэдээллийн нууцлал алдагдах, урьдчилгаа шилжүүлэх гэж мөнгө алдах эрсдэлтэй учраас тухайн мэдээлэлд хариулахаасаа өмнө үлдээсэн сэтгэгдлүүд, хариу илгээсэн зурвасуудыг нягтлан шалгаж сурцгаая.