2023 оны 12 дугаар сарын 25ны өдөр Е БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА бүлгэмд Elène Lopez хаягаас “МОНГОЛЫН БҮХ ИХ БАНКНУУД ХҮН АМДАА ЖИЛИЙН ЭЦСИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА. 59,000,000 төгрөгийг шууд хожихын тулд “Сайн уу” гэж хувийн мессежээр бичээрэй. БАЯР ХҮРГЭЕ chat” гэх мэдээлэл оруулжээ. Тус мэдээлэл 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 29 хандалт, 223 сэтгэгдэл авсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Шалгаж буй мэдээлэлд Монголын бүх банк нийт иргэддээ урамшуулал олгоно гэх агуулгыг дурджээ. Гэвч мэдээлэлдээ “59 сая төгрөгийг шууд хожих” гэж дурдсан нь урамшуулал биш гэдгийг илтгэж байна.
Мөн 2023 онд системийн таван банк болон Богд банк, нийт зургаан арилжааны банк хувьцаагаа олон нийтэд санал болгож, нээлттэй ХК болсон. Гэсэн хэдий ч ногдол ашгаа хувьцаа эзэмшигчдэдээ тарааж эхлээгүй байгаа юм. Зөвхөн эдгээр банкны хувьцаа эзэмшигч ноогдол ашиг хүртэх журамтай учир тус мэдээлэлд дурдсанчлан “Монгол Улсын иргэн бүрд урамшуулал өгнө” гэх мэдээлэл нь худал.
Тус мэдээллийн дагуу Хаан, Голомт, Худалдаа Хөгжил, Хас ,Төрийн банк болон Богд банкны албан ёсны хуудсыг шалгахад урамшуулалтай холбоотой мэдээлэл огт оруулаагүй байна.
Хаяг шалгах нь
Elène Lopez хаягаас банкнууд урамшуулал олгож байна агуулгатай постыг олон удаагийн давтамжтайгаар “Е БАРИМТ НӨАТ-н БУЦААЛТЫН БАРИМТ, СУГАЛАА” бүлгэмд оруулжээ. Тус хаягийг шалгахад өөрийн танилцуулга хэсэгт Франц улсад амьдардаг гэж бөглөснөөс гадна өөр мэдээллийг огт оруулаагүй, нүүр зурагтаа Хаан банкаар үйлчлүүлж буй хүмүүсийн зургийг оруулсан ч олон нийтэд нээлттэйгээр оруулсан зураг нь гадаад хүний зураг байна. Аль нэг банкыг төлөөлж буйг илтгэх зураг, албан тушаалын мэдээлэл огт байхгүй нь тус хаяг хуурамч болохыг илтгэж байна.
Арилжааны банк зөвхөн хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг оногдуулдаг учир бүх иргэдэд урамшуулал өгнө гэх мэдээлэл нь худал юм. Мөн аль нэг банкны ажилтан өөрийн хувийн хаяг руу сайн уу гэж бичээд их хэмжээний мөнгийг шууд өгөх тохиолдол огт байхгүй учир хувийн чат руу бичих үйлдэлд уриалсан, их хэмжээний мөнгө амласан аливаа мэдээлэлд няхуур хандаж албан ёсны хаягуудыг шалгаж хэвшээрэй.