2021.07.20 | Улаанбаатар хот, Монгол
2021 оны долдугаар сарын 16-нд saak.club гэх домайн нэртэй сайтад “Судлаач И.Цэрэнхүү Хятад вакцин эд эсийг шимэн сорж, дархлаа унагадгийг АНУ-ын эрдэмтэд нотолчихлоо” гэх гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Уг мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад долдугаар сарын 20-ны 17:00 цагийн байдлаар facebook-ийн 77 группэд хуваалцаж, нийт 3200 хариу үйлдэл аваад байна. Тухайлбал, “Монгол улс Media” нэртэй 610 мянган дагагчтай группэд холбоосыг хуваалцсаныг л гэхэд 836 цааш түгээж, 248 сэтгэгдэл бичсэн байна.
Шалгаж буй мэдээлэлд: “Судлаач И.Цэрэнхүү: Хятад вакцин (mRNA) 5 цул эрхтэнд дэлүү шиr наалдаж эд эсийг шимэн сорж дархлааг унаrаадаг гэдгийг Bашингтоны Их Сурrуулийн эрдэмтэд хэлчихлээ. Амбанд явах …нараас 5 цулынхаа нөхөн төлбөрийг нэхцгээ. Манайх, одоо араас нь векторын вакцин Спутник V эсвэл Спутник лайтыr хэрэглэх ёстой болж байна. Нэгэнт үр дүн нь лабораторийн шинжилгээгээр батлагдчихсан энэ аргаас цааргалж цаг алдаж ерөөсөө болохгүй ээ, маш шуурхай хөдөлж хойноос /ОХУ-аас/ гэрээт вакцинаа оруулаад хятад вакцин тариулсан бүх хүндээ хийж сая гаруй хүнээ аврах ёстой. mRNA ба векторын Спутник вакцины хослол монголчуудыг үхлээс насан туршийн эмгэгээс аварна” гэжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
1. Хятадын Синофарм үйлдвэрийн Verocell вакцин mRNA биш, харин идэвхгүйжүүлсэн аргаар гаргаж авсан вакцин. mRNA буюу мессенжер рибонуклейн хүчлийн вакцин бол одоогоор ДЭМБ-д бүртгэгдсэн Файзер (Pfizer-BioNTech) болон Модерна вакцинууд юм.
ДЭМБ-аас 2021 оны тавдугаар сарын 21-нд гаргасан Синофармын Вероцелл вакцины танилцуулга мэдээлэлд: “SARS-CoV-2 вакцин BBiBP-CorV буюу Вероцелл (VeroCell) нь ковидын эсрэг идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд өвчлүүлэх эрсдэлгүйгээр биеийн дархлааг идэвхжүүлдэг. Идэвхгүйжүүлсэн вирусууд хүний биеийн дархлааны системд нэвтрэн орсны дараа эсрэг биеийн нийлэгжилтийг идэвхжүүлж, амьд SARS-CoV-2 халдварын эсрэг үзүүлэх бие махбодийн хариу үйлдлийг дэмжиж, түүнд бэлэн байхад бэлтгэдэг юм” гэж тодорхойлсон. /холбоосыг хавсаргав/
ДЭМБ-аас 2021 оны нэгдүгээр сарын 8-нд гаргаж, зургадугаар сарын 15-нд шинэчилсэн “Файзер вакциныг онцгой нөхцөлд ашиглах түр зөвлөмж”-д дараах байдлаар танилцуулсан. “mRNA (messenger ribonucleic acid) төрлийн вакцин нь дамжуулагч уураг ашигладаг. мРНХ-ээс эсэд мэдээлэл дамжуулсны дараа эс спайк уураг үйлвэрлэж эхлэхийн тулд уг мэдээллийг таньж авна. Шинээр бий болсон уг уургууд эсээс тусдаа далд эсвэл эсийн гадаргуу дээр бэхлэгддэг бөгөөд дархлааны системийн бусад эсүүд спайк уургийг вирустэй адилаар хүлээн авч таньснаар түүнд эсрэг бие үйлдвэрлэж эхэлдэг байна” гэж вакцины үйлчлэлийг тайлбарласан.
2. “Вашингтоны Их Сургуулийн эрдэмтэд” гэж яг хэнийг хэлж байгаа нь тодорхойгүй бөгөөд тус сургуулиас гаргасан судалгааны бүтээлүүдээс “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сордог” гэх агуулгатай судалгаа огт байхгүй байна. ДЭМБ болон бусад нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн бүтээлүүдэд ч “mRNA вакцин таван цул эрхтэнд наалдаж, эд эсийг шимэн сорж, дархлааг унагадаг” гэх мэдээлэл алга.
3. “Маш шуурхай хөдөлж хойноос /ОХУ-аас/ гэрээт вакцинаа оруулаад хятад вакцин тариулсан бүх хүндээ хийж сая гаруй хүнээ аврах ёстой. mRNA ба векторын Спутник вакцины хослол монголчуудыг үхлээс насан туршийн эмгэгээс аварна” гэсэн нь мөн л ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулга байна.
mRNA төрлийн буюу Файзер (Pfizer-BioNTech) вакциныг Монгол Улс сая гаруй иргэнд хийгээгүй.
2021 оны долдугаар сарын 20-ны байдлаар Монгол Улсын хүн амын 56.6 хувь буюу 1,841,840 иргэн вакцины хоёр тунд хамрагдсан. Гэхдээ үүний 10 гаруй хувь нь л mRNA вакцин тариулсан.
Манай улсын Засгийн газар болон Pfizer Inc компани хооронд гэрээ байгуулж, Япон улсын буцалтгүй тусламжаар 2.5 сая Файзер (Pfizer-BioNTech) вакцин авахаар болсон. Зургадугаар сарын 16-нд эхний ээлжийн 84,240 тун Файзер (Pfizer-BioNTech) ирсэн бол хоёр, гуравдугаар ээлжинд 23, 30-нд тус бүр 85,410 тун вакцин хүлээж авсан. Улмаар долдугаар сарын 8-нд дөрөв дэх ээлжийн 30,420 тун Файзер (Pfizer-BioNTech) ирснээр нийт 285,480 тун mRNA төрлийн вакцин Монгол Улсад орж ирээд байна. Үүнээс өмнө COVAX хөтөлбөрийн хүрээнд 25,740 тун Файзер (Pfizer-BioNTech) вакцин авсан.
Ингээд манай улсад нийт 311,220 тун mRNA төрлийн Файзер (Pfizer-BioNTech) вакцин орж ирээд байгаа бөгөөд эрсдэлтэй бүлгийн иргэд болон 12-17 насны хүүхдүүдийг хамруулах ажил үргэлжилж байна. Тиймээс энэхүү орж ирсэн 311,220 тун вакцинаар “судлаач И.Цэрэнхүү” гэх нэртэй facebook хэрэглэгчийн нийтэлсэн агуулга дахь “сая гаруй хүнийг тарих” боломжгүй юм.