Тэтгэвэр нэмэх санал асуулга нэрээр хандалт авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #793

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Тэтгэвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс нэмэх ёстой. Санал асуулга” гэх мэдээлэл түгээж байна.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэл нь тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөөх зорилгогүй, зөвхөн олон нийтийн анхаарал татах чухал сэдвээр хандалт цуглуулж байгаад, залилангийн хохирогч болохуйц хэрэглэгчийг олж авахад чиглэсэн урхи буюу олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл байна.

Зарим мэдээллийн сайтууд олон нийтийн санаа бодлыг тандах зорилгоор нийгэмд тулгамдаж буй ямар нэг асуудлаар олон нийтийн санал авах пост оруулдаг. Харин тодорхой бус хаягаас олон нийтийн анхаарлыг зайлшгүй татахуйц мэдээллээр санал авах нэрээр хандалт цуглуулж, идэвхжүүлсэн сэтгэгдэл бүрд зээл, тусламж авахыг хүсвэл чатаар харилцахыг санал болгох байдлаар үргэлжлүүлэх үзэгдэл гарсаар байна.

Тухайлбал “Ilona Aaron” нэртэй хаягаас Ерөнхийлөгчийн 1 сая төгрөгийг дэмжигчидийн нэгдсэн грүпп нэртэй бүлгэмд “Тэтгэвэрийг 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс нэмэх ёстой. Санал асуулга.1. Маш зөв нэмэх ёстой. 2. Нэмж болохгүй” гэх тайлбартай, мөнгөн дэвсгэрт болон банкуудын сурталчилгааны зургийг хавсаргасан постыг нээлттэй группүүдэд оруулсаар байна.

Хэдийгээр санал өгөөд орхих нь ямар ч хор хохиролгүй мэт боловч, цахим платформын алгоримтоор цаашид таны нүүр хуудаст Ilona Aaron гэх хаягийн мэдээлэл болон бусад ижил төрлийн мэдээллийг харуулах болно. Энэ нь тухайн идэвхжүүлсэн хэрэглэгчийг хуурамч хаягаар түгээх мэдээллийн эрсдэлд оруулах, мөн илүү чухал мэдээллийг орхигдуулах нөхцөл болж цахим орон зайг нь эзэлж байдаг. Яагаад итгэж болохгүй вэ гэдгийг хаягийг шалгаж, зургаар хайж, агуулгыг нягталж үзээд ойлгох тул та бусдадаа дамжуулаарай.

Хаягийг шалгах

Ilona Aaron гэх хаягийг дарж ороход тухайн группэд оруулж байсан мэдээллүүд гарч ирнэ. Энд “Яг одоо 50,000,000 төгрөг аваарай. Миний messenger дээрх шууд зурваст “ОК” ГЭЖ БИЧГЭЭРЭЙ” гэсэн мэдээллийг хуваалцсан байна.

Харин түүний оруулсан постуудын дор Alvinne Sarah, Anne Chou, Eski Effet, Nicole Denise, Djãldø Bëīnčs гэх мэт гадны нэртэй хэрэглэгчид зээл авах бол нууцаар чат бичээрэй гэсэн сэтгэгдэл үлдээсээр байна.

Хаягт ашигласан зураг нь УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Өлзийсайханы 2022 онд өгсөн ярилцлагад оруулсан зураг байна. Танилцуулга хэсэгтээ хувийн мэдээллээ оруулаагүй байна. Эдгээр шинж нь бодит хэрэглэгчийн хаяг биш гэдгийг илтгэж байна.

Зургаар хайх

Тэтгэврийг нэмэх тухай санал асуулгад ашигласан зургийг Google-д хайж үзээрэй. Гар утсаар орж байгаа бол скрийншот хийж аваад Google lens аппликейшнд оруулж хайгаарай. Харин компьютерээс орж байгаа бол mouse-ийн баруун товчийг дарж, Search image with Google цэсийг сонгоорой.

Мэдээлэлд ашигласан зураг нь 2019 онд Хаан банкны сурталчилгааны мэдээний зураг байна. Эдгээр нь тэтгэврийг нэмэгдүүлэхтэй холбогдолгүй бөгөөд хүний анхаарлыг татаж, итгэл төрүүлэх гэсэн оролдлого байхаар байна.

Агуулгаар хайх

“Тэтгэвэр нэмэх” гэх түлхүүр үгээр Google-д хайж үзэхэд ирэх оны 04 дүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх тухай МАН-ын бүлэг дээр дэмжигдсэн талаарх мэдээлэл гарч ирж байна. Ирэх оны төсөв хэлэлцэх үед МАН-ын бүлгээр 04 дүгээр сарын 1-нээс тэтгэврийг нэмэгдүүлэхийг дэмжсэн гэж мэдээлсэн ч хуульд яг энэ утгаар тодорхой заагаагүй. Харин Монгол Улсын 2024 оны Төсвийн төсөлд өндөр насны тэтгэвэр нэмэхэд 308.6 тэрбум төгрөг суулгахаар санал оруулж байжээ.

УИХ-ын Тамгын газрын цахим парламент платформд иргэд өргөдөл санаачилж, тодорхой хэмжээний санал олон нийтээс авсан тохиолдолд үйл ажиллагаа болж хэрэгжих боломжтой байхаар зоохицуулсан Өргөдөл, гомдлын систем-ийг нэвтрүүлсэн. Энд тэтгэврийг 2024 оны 01 дүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх талаар санаачилга байхгүй байна.

Энэ мэтчилэн агуулгыг илэрхийлсэн түлхүүр үгээр хайж, хэрэгтэй мэдээллээ олж авах боломжтой.

Шалгаж буй мэдээлэл нь тэтгэврийг нэмэгдүүлэхийн төлөөх зорилгогүй, зөвхөн олон нийтийн анхаарал татах чухал сэдвээр хандалт цуглуулж байгаад, залилангийн хохирогч болохуйц хэрэглэгчийг олж авахад чиглэсэн урхи буюу олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document