Шри Шри Рави Шанкар багш хэлсэн хорт хавдраас сэргийлэх арга гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #791

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хорт хавдараас сэргийлэх аргыг Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар багш хэлсэн гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Элсэн чихрийн хэрэглээг багасгах болон лимон, худалдаанд байдаг кокосны тосыг хэрэглэх нь хорт хавдрыг эмчилдэг гэх судалгаа байхгүй. Бусдын итгэлийг төрүүлэхүйц хүмүүсийн нэрийг барьж эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн мэтээр нотлогдоогүй мэдээллийг түгээж буй учир эдгээрийг туршиж өөрийн эрүүл мэнд, цаг хугацаагаараа хохирохоос сэргийлээрэй.

2021 оны 11 сарын 17ны өдөр “Хорт хавдраас сэргийлэх аргыг Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар багш хэлж өгсөн байна. Хайхрамжгүй байдлаас болж хэн ч хорт хавдар өвчнөөр нас барах учиргүй” гээд үргэлжлүүлэн хорт хавдар үгүй болгох арга гэх зөвлөгөөг өгсөн байна.Үүнд, “Эхний алхам: Сахарын бүх л хэрэглэгээ зогсоо, биед сахар үгүй болоход хавдар аяндаа устаж үгүй болдог. 2 дахь алхам: Бүтэн нимбэгийг блендэрдээд нэг аяга халуун усанд хийж хоолны өмнө 1-3 сарын турш ууж хэрэглэхэд хорт хавдаргүй болдог. Мэрилэндийн анагаахын kоллежийн судалгаагаар энэ нb химийн эмчилгээнээс 1000 дахин илүү үр дүнтэй гэж мэдэгдсэн байна. 3 дахь алхам: 3 халбага kokoнатын органиk тосыг өглөө оройдоо хэрэглэхэд хорт хавдар үгүй болдог. Сахарын хэрэглээгээ зогсоосны дараа та аль ч эмчилгээг сонгож авч болно. Мэдлэггүй байдалд өршөөл гэж үгүй. Эргэн тойрны таних бүх л хүмүүсдээ үүнийг мэдүүлэх хэрэгтэй ба хорт хавдраас болж нас барна гэдэг нь бурхан шүтээнээ буулгаж хураасантай дүйх хэрэг юм шүү. Шри шри Рави Шанkар” гэх тайлбартайгаар Далай лам болон Шри шри Рави Шанkар хоёрын зургийг оруулжээ. Тус пост нь нийт 231 реакц, 54 сэтгэгдэл авч, 4.7 мянга гаруй удаа цааш түгээгдсэн бөгөөд тус тоо нэмэгдсээр, сүүлийн шэйр 4 цагийн өмнө хийсэн байдалтай идэвхжүүлж байна.  

FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ

Дээрхийн гэгээнтэн Шри Шри Рави Шанкар нэрийн дагуу хайхад хорт хавдар эмчлэх тухай лекц, ямар нэгэн баримт, хэлсэн үг илэрцгүй байсан бөгөөд энэ нь хүмүүсийн итгэлийг төрүүлэхүйц хүн хэлсэн мэтээр тараасан аж. 

Шалгаж буй мэдээлэл дээрх агуулга нь Монголын баримт шалгах төвөөс 2022 оны 7 дугаар сарын 29-нд шалгасан “доктор Гуптапрасад Реддигийн хорт хавдрыг эмчлэх арга” гэсэн мэдээлэлтэй ижил байна. 

“Health feedback” баримт шалгах төв сахар хорт хавдарыг тэжээдэг гэх мэдээллийг шалгаж 2023 оны 05 дугаар сарын 05-нд тайлагнажээ.

  • Элсэн чихэр нь янз бүрийн хэлбэртэй байдаг ч хамгийн энгийн хэлбэр нь глюкоз бөгөөд эсүүд биднийг амьд байлгадаг химийн урвалыг эрчимжүүлэхэд ашигладаг түлш юм. Элсэн чихэр нь жимс, хүнсний ногоо, үр тариа гэх мэт төрөл бүрийн эрүүл хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа агуулагддаг тул эрүүл хооллолтод өөрийн гэсэн байр суурь эзэлдэг.
  • Сахрын хэт их хэрэглээ хорт хавдар үүсгэдэг гэдгийг ч судалгаагаар нотлоогүй. Их Британийн бие даасан хорт хавдрын судалгааны байгууллага зарим хорт хавдрыг эмчлэх нь жин хасах эсвэл биеийг маш их стресст оруулдаг болохыг онцлон тэмдэглэв. Тиймээс “хязгаарлагдмал хоолны дэглэмээс үүдэлтэй буруу хооллолт нь нөхөн сэргээхэд саад болж, эсвэл бүр амь насанд аюул учруулж болзошгүй” гэж дүгнэжээ.

Нимбэг хорт хавдрыг эмчилдэг гэх үндэслэл лимонен хэмээх молекултай холбоотой бөгөөд лимонен нь нимбэг болон бусад цитруст жимсний хальсан дахь тосонд агуулагддаг. “Хорт хавдрын эсрэг эмчилгээнд зориулсан байгалийн гаралтай бүтээгдэхүүн: цитрусын флавоноидууд нь хүчтэй хими урьдчилан сэргийлэх бодисууд”,  “Цитрус жимсэнд агуулагддаг флаванон болох “нарингенин”-ийн химийн урьдчилан сэргийлэх болон эмчилгээний чадвар” , “Цитрус жимс нь хүний ​​эрүүл мэндэд тустай байгалийн идэвхтэй метаболитуудын баялаг “ зэрэг судалгаанд лимонен, нарингенин зэрэг нь хорт хавдрын эсрэг нөлөөтэй гэж үздэг ч энэ таамаглалд нэмэлт судалгаа шаардлагатай гэж үзжээ. Судалгааны баг маш өндөр тунгаар хэрэглэж туршилт хийсэн учир энэ нь  өдөр тутмын хэрэглээний нимбэг, жүржээс авахаас хамаагүй их хэмжээ юм. Нимбэг болон бусад цитрус жимсний ургамлын зарим нэгдэл нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй байж болох ч нимбэг нь хүний ​​хорт хавдартай тэмцэж чадна гэсэн чанарын нотолгоо байхгүй байна.

АНУ-ын Зүрхний Ассоциаци (AHA) 2017 онд ханасан өөх тосыг (кокос болон бусад халуун орны тосыг оролцуулаад) ханаагүй өөх тосоор солих шинжлэх ухааны зөвлөмжийн мэдэгдэл гаргасан. Хяналттай долоон туршилтын дүн шинжилгээнд үндэслэн кокосны тос нь хортой LDL холестерины түвшнийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлтэй эсвэл өвчтэй хүмүүст нийт калорийн (2000 калори илчлэгтэй хоолны дэглэмийн) 6%-иас илүүгүй ханасан өөх тос буюу 13 граммаас илүүгүй хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Нэг халбага кокосны тос нь ойролцоогоор 12 грамм ханасан өөх тосны хэмжээтэй дүйцдэг. ( 2022 оны 7 дугаар сарын 29нд шалгасан мэдээлэл )

Элсэн чихрийн хэрэглээг багасгах болон нимбэг, худалдаанд байдаг кокосны тосыг хэрэглэх нь хорт хавдрыг эмчилдэг гэх судалгаа байхгүй. Бусдын итгэлийг төрүүлэхүйц хүмүүсийн нэрийг барьж эрүүл мэндийн зөвлөгөө өгсөн мэтээр нотлогдоогүй мэдээллийг түгээж буй учир эдгээрийг туршиж эрүүл мэнд, цаг хугацаагаараа хохирохоос сэргийлээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Check document