2023 оны 12 дугаар сарын 12-ний 18:52 цагт “Зэвүүн Нинжа” гэх хаягаас “Богд ууланд 30га д эв эрүүл залуу модыг машин мшинаар нь зөөж бна…” гэх мэдээллийг зургийн хамт оруулсан нь 1.6 мянга гаруй удаа цааш түгээгдсэн байна.
Уг мэдээллээс хоёр цаг гаруйн дараа буюу 21:37 цагт Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны пэйжид тайлбар мэдээллийг оруулсан байна.
Тус пэйжийн мэдээлэлд “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Ойн тухай хууль болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/327, мөн сайдын 2023 оны А/440 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэр, Залаат, Манзуширын амны ойн сангийн хортонд нэрвэгдсэн, цаашид ургах чадваргүй болсон ойд ойн цэвэрлэгээний ажил, цэвэрлэгээний огтлолт хийж гүйцэтгэхээр “Эбээ” ХХК, “Уужим өсөх” ХХК, “Үндэсний ойжилт” ХХК гэсэн 3 мэргэжлийн байгууллага сонгон шалгарч тус ажлыг 2023 оны 12 сарын 01-ны өдрөөс эхлэн хийж байна. Тус ажлын хүрээнд Бага тэнгэрийн аманд 38,3 га, Залаатын аманд 15 га талбайд ойн цэвэрлэгээний огтлолт, ойн цэвэрлэгээний ажлыг хийхээр Батсүмбэр сум дундын ойн ангиар талбай тусгаарлалт хийлгэн, мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулан Ойгоос мод бэлтгэх журам, бусад холбогдох хуулийн дагуу хяналт тавин ажиллаж байна. 2023 оны 12 сарын 06-ны өдөр Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, 12 сарын 07-ны өдөр Экологийн цагдаагийн алба, 12 сарын 11-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дундын ойн анги хөндлөнгийн хяналт шалгалт хийж хяналт тавин ажиллаж байгаа болно” гэжээ.
Пэйжийн мэдээллийг нягталж үзэхэд 11 дүгээр сарын 16-нд “Ойн цэвэрлэгээний ажлын сонгон шалгаруулалтын урилга” постолж байсан байна.
Мөн ойн цэвэрлэгээ хийж байгаа компанийн төлөөллөөс авсан ярилцлагыг оруулсан байна.
Шалгаж буй мэдээлэлд ашигласан зураг дээрх моднуудыг цэвэрлэх шаардлагатай эсэхийг энгийн иргэд хараад мэдэж болох шинж тэмдгүүдийн талаар 12 дугаар сарын 13-ний 18:15 цагт Ойн газрын ахлах мэргэжилтэн Р.Ганбатаас тодрууллаа.
“Модыг зүгээр нэг хараад шууд ургахгүй юм байна, огтол гэж шийдвэр гаргадаггүй. Мэргэжлийн байгууллагууд урт хугацааны судалгаа хийж, талбайн хэмжээг тооцож, координатын цэгийг тодорхойлж гаргадаг. Түүнд нь үндэслэж салбарын сайдын тушаал гарснаар сонгон шалгаруулалт зарлаж, цэвэрлэгээ хийнэ. Цэвэрлэгээний ажлыг хамгаалалтын захиргааны хяналт дор явуулдаг. Ер нь 4-7 жилийн өмнөөс хатсан моднуудыг цэвэрлэдэг. Цэвэрлэх шаардлагатай модын гол шинж нь иш нь хатаад цуурсан, хагарсан байдаг, Мөчир хугарсан, шилмүүс байхгүй, холтос нь бөөн, цөөнөөрөө унасан байдаг. Олон нийтийн сүлжээнд явж байгаа зургийг харсан. Холтос нь уначихсан, хуурай хагарсан мод байна лээ” гэсэн юм.