2023 оны 12 дугаар сарын 10-нд Munkherdene Ulziitogoo гэх хаягтай фэйсбүүк хэрэглэгч Өмнөговь аймгийн газар нутгийг тасархай улаан зураасаар тэмдэглэсэн зургийг ашиглан “Хэрэв энэ үнэн бол би галт зэвсэг барина. Төр сонс.” гэсэн тайлбартайгаар постолсон байна. Энэ нь Өмнөговь аймгийн газар нутгийг гаднынханд өгсөн гэх контекстийг илэрхийлэх бөгөөд цахим орчинд ийм утгаар хуурамч мэдээлэл түгээсээр байна.
Өмнөговь аймгийн газар нутгийг тэмдэглэсэн зургийг Google Maps-аас авсан байгаа ба тус зураг нь Өмнөговь аймаг бүхэлдээ алдагдсан эсвэл Монгол Улсын харъяалалаас гарсан гэх утгыг илэрхийлэхгүй юм. Тодруулбал, энэ нь Google Maps-т байдаг засаг захиргааны нэгжийг тэмдэглэдэг функц бөгөөд хайлтын илэрцээр гарч ирсэн газар нутгийг тасархай улаан зураасаар тэмдэглэдэг байна.
Дараах бичлэгээс Өмнөговь аймгийг Google Maps-аас хайж үзсэн байдлыг харж болохоор ба тасархай улаан зураасаар тэмдэглэсэн болохыг харж болно.
Google Maps-ийн хайлтад оруулсан газар орны байршлыг тасархай улаан зураасаар зааглан үзүүлж буй байдал
Түүнчлэн доорх бичлэгээс БНХАУ-ын Хэйлунжян муж болон ОХУ-ын Эрхүү мужийг (област) Google Maps-т ижил улаан тасархай зураасаар тодруулсан байгааг харж болохоор байна.
Google Maps-т хайлт хийж буй жишээ
Өнгөрсөн долоо хоногт өрнөсөн нүүрсний хэргийн сонсголтой холбоотойгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийг гадаадын хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлсэн асуудлыг хөндсөн ба 12 дугаар сарын 08-нд Авлигатай Тэмцэх Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга асан Э, Н нар нь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчин Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэн хуулийн этгээдэд хууль бусаар эзэмшүүлэх шийдвэр гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.” гэж мэдэгдсэн.
Өмнөгөвь аймгийн Ханбогд сумын газар нутаг
Өмнөговь аймгийн газар нутгийг бүхэлд нь зарсан эсвэл Монгол Улсын харъяалалаас гарсан гэх нь үндэслэлгүй мэдээлэл бөгөөд нүүрсний сонсголоор ил болсон мэдээлэл нь зөвхөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын газар нутгийн тодорхой хэсгийг хууль бусаар эзэмшүүлсэн тухай юм.