2023 оны 12 дугаар сарын 10-нд E-Bike нэртэй пэйжээс 670 унадаг дугуйг хандивлана гэх пост оруулжээ. Уг постыг өөрийн хаягаар шэйрлэж, сэтгэгдэл бичсэн хүмүүсээс санамсаргүй байдлаар азтагн шалгаруулж дугуй өгөх утгатай бөгөөд 20 цагийн дараах байдлаар 111 реакц, 357 сэтгэгдлээр идэвхжүүлж, 938 удаа шэйр хийсэн байна.
Хуурамч мэдээллийг таних аргаа бататгаж, хаягийг шалган, зургаар хайгаарай.
Хаягийг шалгах:
E-Bike гэх пэйжийн about буюу тухай гэх цэсийг дарж ороод пэйжийн ил тод байдал /page transparency/ гэснийг сонгоорой. Уг пэйжийг 2022 оны 09 дүгээр сарын 7-нд нээсэн ба Индонез улсаас нэг админ удирддаг гэсэн байна.

Гэхдээ хөтөлсөн түүх нь жил гаруй хугацааны мэдээлэл агуулаагүй. Шалгаж буй постоос өөр зүйл нийтлээгүй байна. Ямар нэг дугуйн үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг гэх шинж тэмдэг пэйжийг хөтөлсөн байдлаас харагдахгүй байгаа нь эргэлзэх үндэслэл юм.
Зургаар хайх:
Зургийг Google-д хайж үзээрэй. Ингэхдээ гар утаснаас хайх бол аль нэг зургийг нь скрийн шот хийж аваад Google Lens аппликейшнд оруулж хайгаарай. Харин компьютерээс орж байгаа бол маусын баруун товчийг дарж, Search image with Google гэснийг сонгож дараарай.


Ингээд зургийг өмнө нь хаана ямар утгаар оруулсан мэдээлэлд ашиглаж байсныг олж болно.
Зургийн илэрцээс харахад чех хэлээр мөн ижил агуулгатай, адилхан нөхцөлтэй пост оруулж байсан байна. Гэхдээ 670 биш, 550 дугуйг бэлэглэнэ гэсэн байна. Хаягийн нэр адилхан E-Bike бөгөөд монгол хэлээр мэдээлэл оруулсан нь 100085180913506 гэсэн ID кодтой бол чех хэлээр оруулсан нь 100092560957621 байна.
Хаягуудын нүүр зурагт ашигласан зургийг мөн аргаар хайж үзэхэд Porsche цахилгаан дугуй үйлдвэрлэж байгаа тухай мэдээний зураг байна.

Хайлтаар илэрсэн энэ постыг хараад олон оронд азтан шалгаруулж түгээдэг гэж эндүүрэх вий. Энэ тохиолдолд мөн хаягийг шалгаж, найдвартай эсэхийг нягтлахад хангалттай.
Агуулгыг нягтал:
Амар хялбар аргаар мөнгөтэй болох, азтан болох, бараа үйлчилгээг үнэгүй авах зэрэг итгэхэд бэрх мэдээлэл бүрд хаягийг шалгаж, зургаар хайж байгаарай. Шалгаж буй постын сэтгэгдэл хэсэгт “Доорх алхмуудыг дагаж орлого олоорой. 1. Манай хуудсанд лайк дарна уу, 2. Энэ постыг өөрийн бүлгүүд эсвэл найзуудтайгаа хуваалцаарай. 3. Хэрэв та азтай бол манай хамт олон танд хувийн мессеж илгээх болно. Одоо манай нийтлэлийг үзээрэй” гэж үлдээсэн ба хувь чатаар азтан болж бэлгээ хүлээн авах нэр, хаяг, утас, регистрийн болон дансны дугаараа бөглөх холбоос өгөх зэргээр хувийн мэдээллийг нь авч, хаяг, дансны мэдээлэлд нэвтрэх, залилангийн гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй.
Иймд амар хялбар аргаар мөнгө олох, азтан болох гэх мэт мэдээлэлд хэрсүү хандаарай.