“Д.Мөнх-Эрдэнийг хорих ангиас суллажээ” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #784

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг хорих ангиас суллажээ” гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Д.Мөнх-Эрдэнийн гэр бүлийн хүнээс тодруулахад, “Уг нь оногдуулсан хорих 50 хувийг эдэлсэн тул хугацаанаас өмнө суллах санал гаргах боломжтой байсан ч хорих ангийн журам зөрчиж, сахилгын арга хэмжээ авахуулсан зэрэг үндэслэлээр уг саналыг гаргаагүй. Тиймээс одоо суллагдаагүй байгаа” гэсэн юм.

2023 оны 12 дугаар сарын 8-нд “Ноцтой но-той мэдээлэл” пэйжид “ШУУРХАЙ МЭДЭЭ: Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг хорих ангиас суллажээ.2023.12.07” гэсэн тайлбартай зурагтай пост оруулсан нь 2.1 мянга гаруй реакц, 390 сэтгэгдэл авч, 166 удаа цааш түгээн идэвхжүүлжээ.

Уг мэдээллийг үгүйсгэж, Munkh-Erdene нэртэй өөрийнх нь хөтөлдөг байсан хаягаар “Д.Мөнх-Эрдэнэ суллагдаагүй, одоогийн байдлаар 441-р хорих ангид хоригдож байгаа болно. Ямар зорилгоор суллагдсан мэтээр хуурамч мэдээлэл тарааж байгааг мэдэхгүй байна. Админ нь” гэсэн пост оруулсан байна.

Олон нийтийн анхаарлын төвд байх сэдвээр хуурамч мэдээлэл түгээж хандалт авах үзэгдэл байдаг. Хуурамч мэдээллээр хандалтаа өсгөж, бусад зорилтот мэдээллээ илүү олон хүнд хүргэх гэсэн оролдлого юм.

  • 2023 оны 07 дугаар сарын 5-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурлаар Д.Мөнх-Эрдэнэд оноосон байсан хорих ялыг 2 жилээр бууруулж, 1 жил 10 сар хорих болгон, өөрчилсөн. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 20-нд Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 03 дугаар сарын 15-нд СБД-ийн шүүхээс зорчих эрхийг хязгаарлалт тогтоон сулласан. Гэвч тав хоногийн дараа шүүхээс хориглосон газарт очсон, бусадтай уулзсан гэх үндэслэлээр гэм буруугийн шүүх хурал хүртэл дахин хорьсон юм.

Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох” заалт бий. Уг заалтад,

1.Ялтан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын дараах хувийг эдэлсэн бол прокурорын саналыг харгалзан шүүх хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохоор шийдвэрлэж болно:

  • 1.1.таван жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг;”
  • 1.2.таван жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын гуравны хоёроос доошгүй хувийг;
  • 1.3.арван хоёр жилээс дээш хорин жил хүртэл хугацаагаар оногдуулсан хорих ялын дөрөвний гурваас доошгүй хувийг эдэлсэн бол….” гэж заасан.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 225 дугаар зүйлд “Хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай санал гаргах” зохицуулалт бий. Уг зохицуулалтад,

  • 225.1.Хорих анги нь Эрүүгийн хуульд заасан үндэслэлээр хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох хурлыг 30 хоног тутамд зохион байгуулна.
  • 225.2.Энэ хуулийн 225.1-д заасан хурлаар хоригдол хуульд заасан шаардлагыг хангасан гэж шийдвэрлэсэн тохиолдолд хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга хорих ялаас хугацаанаас өмнө суллуулах, хяналт тогтоох саналаа хурлын тэмдэглэл, шаардлагатай бусад мэдээлэл, баримт бичгийн хамт ажлын 3 өдрийн дотор прокурорт хүргүүлж, прокурор үндэслэлтэй гэж үзвэл 5 хоногийн дотор дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлэх ба шүүх 14 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  • 225.3.Хоригдлыг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоолгох тухай прокурорын дүгнэлтийг шүүх хангаагүй бол уг асуудлыг 6 сарын дотор дахин авч хэлэлцэхгүй…” гэж заасан байдаг.

Д.Мөнх-Эрдэнийн гэр бүлийн хүнээс тодруулахад, “Уг нь оногдуулсан хорих 50 хувийг эдэлсэн тул хугацаанаас өмнө суллах санал гаргах боломжтой байсан ч хорих ангийн журам зөрчиж, сахилгын арга хэмжээ авахуулсан зэрэг үндэслэлээр уг саналыг гаргаагүй. Тиймээс одоо суллагдаагүй байгаа” гэсэн юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document