Монгол руу түлш тээвэрлэдэг төмөр замыг дэлбэлээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #783

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Монгол улс руу шатахуун тээвэрлэдэг төмөр замд Украины тагнуулын алба тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэх мэдээллийг түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Эдгээр халдлага нь Монгол руу шатахуун тээвэрлэдэг төмөр замд болоогүй буюу саад учруулсан мэдээлэл байхгүй байна.

2023 оны 12 дугаар сарын 01-нд Tuya Sanjjav гэсэн хаягтай Facebook хэрэглэгч Монгол улс руу шатахуун тээвэрлэдэг төмөр замд Украины тагнуулын алба тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэх мэдээллийг түгээсэн байна. Тус мэдээлэлд дэлбэрэлт болж буй зургийн хамт “Ямар төвөгтэй юм бэ? манайх уруу шатахуун түлш тээвэрлэдэг төмөр зам байна. Арваннэгдүгээр сарын 30-ны шөнө Украины Аюулгүй байдлын алба (СБУ) Оросын цэргийн хангамжид ашигладаг Сибирийн төмөр замд тэсрэх бөмбөг дэлбэлсэн болохыг Украины эх сурвалж мэдээлжээ.” гэсэн тайлбар постын хамт нийтэлсэн байна. Мөн DMNN Korea гэсэн хаяг тус постын зургийг “Монгол руу шатахуун тээвэрлэдэг төмөр замыг украины нацистууд дэлбэлжээ.” гэж тайлбартайгаар дахин түгээсэн байна.

Бид тус мэдээллийн эх сурвалж, үйл явдлыг нягтлан үзэхэд Монгол руу шатахуун тээвэрлэдэг төмөр замд дэлбэрэлт болоогүй буюу энэ талаарх албан мэдээлэл огт байхгүй болохыг тогтоосон. Түүнчлэн, энэхүү мэдээллийг анх постлохдоо үйл явдлын зургийг биш өөр цаг үед, өөр газар болсон үйл явдлын зургийг ашигласан байна.

Бид мэдээлэлд ашигласан дэлбэрэлт болж буй зургийг Yandex хайлтын системд хайхад энэ зураг нь 2023 оны 03 дугаар сарын 29-нд Свердловск мужийн Пелым дүүрэгт хийн хоолой дэлбэрэх үеийн бичлэгийн хэсэг болохыг тогтоосон бөгөөд бичлэгийн зургийг эргүүлэн өөрчилсөн болохыг үйл явдлын дараах бичлэгээс харж болохоор байна. Тус хийн хоолойн дэлбэрэлтийн талаар Оросын хэд хэдэн мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан байна (энд, энд).

11 дүгээр сарын 29-нд ОХУ-ын Буриад улсын нутаг дахь Байгаль-Амурын чиглэлийн төмөр замд буюу Северомуйский туннелд 4 тэсрэх бөмбөг дэлбэлсэн тухай Украины эх сурвалж хэвлэл мэдээлэлд мэдээлсэн (энд, энд,бас энд) байна. Мөн өдөр хоёр дахь дэлбэрэлт тус туннелын ойролцоох Чөтгөрийн гүүрээр гарсан галт тэрэгний цуваанд болсон талаар хэвлэлүүд мэдээлсэн (энд, энд) байна.   

Оросын База мэдээллийн суваг Телеграм сувагтаа мэдэгдсэнээр Северомуйский туннелд болсон дэлбэрэлтийн улмаас галт тэрэгний цувааны шатахуун ачиж явсан 16 дугаар шатахууны танк шатаж 20 болон 22 дугаар танкад нүх гарсан гэсэн бол Чөтгөрийн гүүрний ойролцоох хоёр дахь дэлбэрэлтийн улмаас 4 танк шатаж, 2 танк гэмтсэн хэмээн мэдээлсэн байна. Энэ үйл явдлын талаар Зүүн Сибирийн Тээврийн Прокурорын алба Телеграм хуудастаа мэдээлсэн ба Оросын төрийн төмөр замын компани РЖД 11 дүгээр сарын 30-нд дэлбэрэлтийн үр дагаварыг засч, зарим галт тэргийг замаас холдуулсан зэргийг онцлон “галт тэрэгний хөдөлгөөн саадгүй үргэлжилж, тойруу замаар илүү цаг зарцуулахаар галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулсан” гэж мэдээлсэн байна.

Түүнчлэн, 12 дугаар сарын 02-нд РЖД туннелын галт тэрэгний хөдөлгөөн хэвийн байдалдаа эргэн орсоныг бичлэгийн хамт мэдээлсэн байна.

Хоёр халдлагыг зохион байгуулсан хэмээн Украины Тагнуулын албаны эх сурвалж мэдэгдсэн бөгөөд эдгээр халдлага нь Монгол руу шатахуун тээвэрлэдэг төмөр замд болоогүй буюу саад учруулсан мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: Британника нэвтэрхий толь

Тодруулбал, дээр тайлбарласан халдлагууд нь Оросын Байгаль-Амурын чиглэлийн төмөр замд болсон бол Монгол руу экспортолдог түлшийг Транс-Сибирийн төмөр замаар тээвэрлэдэг буюу тус шугам дахь Эрхүү хотын Ангарскийн үйлдвэрээс Монгол руу тээвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, Монгол руу шатахуун тээвэрлэдэг төмөр замд ямар нэг халдлага болоогүй байна.

Бид ОХУ-д болсон дэлбэрэлт нь Монгол руу тээвэрлэдэг түлшний замд болсон эсэх талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газраас 11 дүгээр сарын 30-нд утсаар тодруулахад “энэ талаар албан мэдээлэл байхгүй” гэж мэдэгдсэн бол Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Тээвэр зохион байгуулалтын алба мөн “энэ талаар мэдээлэл байхгүй, түлшний тээвэр хэвийн үргэлжилж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document