2023 оны 12 дугаар сарын 2-нд Toxic нэртэй пэйжид “Хүй долоон худагт “Ub Resort” цанын бааз нээгджээ” гэх мэдээллийг түгээжээ. Уг мэдээлэлд “Хүй долоон худаг дахь “Монгол наадам цогцолбор”-т байгуулсан “Ub Resort” цанын бааз өнөөдөр туршилтын байдлаар ажиллаж байна. Улаанбаатар хотын иргэдийг эрүүл цэвэр агаарт амарч зугаалах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус баазыг байгуулсан билээ. Цана, чарга, тэшүүр, дулаан гэр, халуун хоол цайгаар үйлчлэх гээд иргэд амарч зугаалахад таатай орчныг бүрдүүлжээ. Цанын баазын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ…” гэсэн байна.
Агуулгаар хайх
Мэдээллийн гарчгийг Google-д хайж үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 16-ний мэдээллүүд гарч ирж байна.
Үүнээс ikon.mn сайтад гарсан мэдээллээс хүргэвэл, ““Монгол наадам цогцолбор”-ын орлогч дарга Я.Болдбаатар “Манай байгууллага Хүй долоон худагт байрлах цогцолбороо жилийн дөрвөн улирлын турш тогтмол үйл ажиллагаатай байлгахын тулд олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Үүний нэг бол “UB RESORT” цанын бааз юм. Цанын бааз одоогийн байдлаар туршилтын үйл ажиллагаа явуулж байгаа” гэсэн байна. Мөн уг мэдээнд холбож өгсөн цанын баазын facebook хуудас ажиллахгүй болсон байна.
Харин Монгол Наадам Цогцолбор гэх албан ёсны пэйжид нь “ub resort” утгаар хайхад бидний шалгаж буй мэдээллийг 2021 онд мөн түгээж байсан ба “цахим орчинд тарж буй энэхүү зураг пост нь 2016 оны үнэ тариф, мэдээлэл болохыг мэдэгдэж байна” гэж мэдэгдэл гаргаж байжээ.
Мөн Хүй долоон худаг орчимд оршин суугчаас тодруулахад тэр хавьд ямар ч цанын бааз байхгүйг хэлсэн юм.