Search

Сонгино тавьж ханиад эмчилнэ гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #778

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Унтахаасаа өмнө бөөрөнхий сонгино нимгэн хэрчээд 2 хөлийн улны голд тавиад нимгэн даавуун оймс өмсөөд унтахад ханиадыг нам дарна гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь аливаа өвчин, вирусийг сорж авах чадваргүй

2023 оны 11 дүгээр сарын 29-нд Хоолонд дурлагсад пэйжид “Ханиад баяртай” гэх нэг зөвлөмж оруулсан нь 1.6 мянга гаруй удаа цааш түгээсэн байна. Уг постод “Гадуур ханиад томуу их, хөгшин залуу хүүхэд хөгшидгүй тойрч биш дайраад гарч байна. Тиймээс та нартаа өөрийн бяцхан туршлагаасаа хуваалцья. Унтахаасаа өмнө бөөрөнхий сонгино нимгэн хэрчээд 2 хөлийн улны голд тавиад нимгэн даавуун оймс өмсөөд унтана. Ингэснээр хий ханиалга намдааж, уушигны хатгалгааг анагаах мөн тамир тэтгэх ид шидтэй. 3-5 хоног бүх насныхан хэрэглэж болно. За хэрэгжүүлээд үзээрэй” гэсэн байв.

Олон улсын баримт шалгах байгууллагууд ижил, төстэй мэдээллүүдийг худал гэдгийг нь тогтоосон

Хөлийн уландаа сонгино тавих нь дээрх дурдсан өвчнүүдийг эмчилдэг талаарх худал мэдээлэл олон жилийн турш интернетэд тархаж байгаа бөгөөд Snopes, Lead Stories, AFP, AP News, VERA Files гэх мэт Олон улсын баримт шалгах сүлжээ (IFCN)-ний баталгаажуулалттай баримт шалгах байгууллагууд дээрхтэй ижил, төстэй мэдээллүүдийг худал гэдгийг нь тогтоосон. Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь аливаа өвчин, вирусийг сорж авах чадваргүй бөгөөд хүний бие дэх эсвэл агаар дахь вирус, нянг устгаж цэвэршүүлэхгүй юм. Макгиллын их сургуулийн шинжлэх ухааны мэдлэгийг олон нийтэд тайлбарлах зорилготой Шинжлэх ухаан ба Нийгмийн оффисын захирал доктор Жое Шварц дээрх мэдээлэл нь хөлийн ул нь биеийн дотор эрхтэнүүдтэй холбогддог ба сонгинод агуулагддаг нэгдлүүд нь улаар дамжин хорт бодисыг устгадаг гэх төөрөгдөлд суурилсан гэж Australian Associated Press-д мэдээлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “сонгинод нянгийн эсрэг зарим үйлчилгээ байдаг ч… энэ нь ямар ч практик хэрэглээгүй.” гэж мэдэгджээ. Тийм учраас сонгиныг хөлийн уландаа биш хайруулын тавгандаа тавихыг доктор Шварц зөвлөсөн байна. Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын төлөөлөгч “Сонгиныг хөлийн уландаа тавих нь ковид-19, хавдар, хумхаа, эвсэл өөр ямар ч хамаагүй өвчнийг эдгээхгүй” гэж AFP Fact Check-д мэдэгджээ. Түүнчлэн бид дээрх шалгаж буй мэдээлэлтэй холбоотой сонгины эрүүл мэндийн ач холбогдол, үйлчилгээний талаар өмнө нь баримт шалгалтуудаар сонгины талаарх худал мэдээллүүдийг няцаасан. Хэдийгээр сонгинод агуулагддаг олон төрлийн бодис нь эрүүл мэндэд ач холбогдолтой ч сонгино нь хорт бодисыг өөртөө соронз мэт татах чадваргүй юм. Сонгины үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой АНУ-ын Үндэсний Сонгины Холбоо (National Onion Association) бидний шалгаж буй мэдээллийг няцаасан мэдэгдэлдээ “арилгасан сонгино нянг сорох эсвэл агаар дахь хорт бодисыг сорж, арилгадаггүй” гэж мэдэгдсэн.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document