2023 оны 11 сарын 29ны өдөр Zanaa Jurmed гэх хаягаас “Товлолт вак, томууны вак бүгд амьд вирустэй. Биед нэг л орсон бол амь настай чинь ярихаас нааш салахгүй, хор” гэх мэдээлэл түгээсэн нь нийт 200 хандалт, 51 сэтгэгдэл авч, 46 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Вакциныг:
- идэвхтэй-сулруулсан вирус, нян (live-attenuated vaccine)
- идэвхгүйжүүлсэн вакцин(non-live vaccine, inactivated vaccine) гэж ангилдаг.
Англи хэлэнд “live” гэх үг нь түгээмэл ашиглагддаг “амьдрах” гэдэг утгаар хэрэглэгддэг учир “амьд вирус” гэж андуурах тохиолдол олон. Үнэн хэрэгтээ энэ нь идэвхтэй вирус гэх утгыг илэрхийлдэг.
Вакцин нь хүний биед тухайн вирус, нянгийн эсрэг биетийг үүсгэж, дархлаа бий болгох зориулалттай.
Томуугийн вакцин (influenza vaccine) – АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс томуугийн вакцин идэвхтэй вирус агуулдаггүй хэмээн мэдээлжээ.
Харин дархлаажуулалтын товлолт 7 вакцинаас 2 нь идэвхтэй-сулруулсан, 5 нь идэвхгүйжүүлсэн вакцин юм.
- Сүрьеэ өвчний эсрэг вакцин (Bacille Calmette-Guérin (BCG)) – Английн Үндэсний эрүүл мэндийн албанаас 2022 оны 04 дүгээр сарын 23-нд шинэчилсэн мэдээлэлдээ “Сүрьеэгийн вакцин нь нь сүрьеэгийн сулруулсан нянг агуулдаг. Энэ нь сүрьеэ өвчин үүсгэхгүй бөгөөд өвчний эсрэг дархлааг дэмждэг. Нярай болон бага насны хүүхдүүдэд сүрьеэгийн вакцин хийснээр сүрьеэгийн менингит, хүүхдийн сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс тогтмол (80% хүртэл) хамгаалдаг. Гэвч энэ нь насанд хүрэгчдийн уушгинд нөлөөлдөг сүрьеэгийн эсрэг үр дүн багатай. Тус вакцины хамгаалалт 15 жил хүртэл үргэлжилнэ” хэмээжээ.
- B гепатитийн эсрэг нийт 7 вакцин байдгаас 3 нь давхар сахуу, татран, хөхүүл ханиалга, гепатит A, полиомиелит зэрэг өвчнөөс хамгаалдаг. В гепатитын эсрэг вакцин нь вакцин хийлгэсэн хүмүүсийг 80-100% хамгаалдаг. Гепатит В-ийн вакцин нь гений инженерчлэлийн (лабораторид хүний гараар хийсэн) аргаар боловсруулсан амьд организмын нэг хэсэг учир идэвхгүйжүүлсэн вакцин юм. Мөн гепатит A өвчний эсрэг вакцин нь идэвхгүйжүүлсэн вакцин юм.
- Халдварт саагийн вакцин (IPV, OPV) – Халдварт саа өвчний эсрэг идэвхгүйжүүлсэн, идэвхтэй- сулруулсан гэх 2 төрлийн вакцин байдаг.
- Доктор Йонас Салкийн боловсруулсан идэвхгүйжүүлсэн саагийн эсрэг вакцинийг (IPV) анх 1955 оноос ашиглаж эхэлсэн.
- Доктор Альберт Сабинын боловсруулсан идэвхтэй-сулруулсан вакцинийг (OPV) 1961 онд анх хэрэглэж байжээ.
- Улаан бурхан, гахайн хавдар, улаанууд (MMR vaccine) – M-M-RII, PRIORIX, ProQuad гурван вакцин нь улаанбурхан, гахайн хавдар, улаанууд өвчний идэвхтэй-сулруулсан вирусийг агуулдаг бол ProQuad вакцин нь салхийн цэцгийн идэвхтэй-сулруулсан вирусыг мөн агуулдаг.
- Улаан бурхан, гахайн хавдар, улаануудын вакцины эхний тунг хийлгэхэд улаан бурхан өвчнөөс 93%, гахайн хавдар өвчнөөс 78% , улаан эсэргэнэ өвчнөөс 97% сэргийлэх боломжтой бол,
- 2 дахь тунг хийлгэснээр улаан бурхан өвчнөөс 97% , гахайн хавдар өвчнөөс 88% сэргийлнэ хэмээн АНУ-ын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний агентлаг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
- Сахуу, татран өвчний эсрэг вакцин (DTaP, Tdap Vaccines)- DTaP нь 7-оос доош насны хүүхдэд сахуу, татран, хөхүүл ханиалгах зэрэг нянгаар үүсгэгддэг өвчний дархлааг бий болгоход тусалдаг вакцин. Tdap бол өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд хийдэг өвчнөөс хамгаалах нэмэлт дархлаажуулалт юм. АНУ-ын Засгийн газрын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний хэлтсийн албан ёсны хаягт тус вакцинд идэвхтэй вирус агуулагддаггүй хэмээн мэдээлжээ.
“Биед нэг л орсон бол амь настай чинь ярихаас нааш салахгүй” гэх мэдээллийн тухайд вакцины гаж нөлөө, үэхлд хүргэсэн тохиолдол болон давуу талыг судалж үзлээ.
Вакцины гаж нөлөө нь ховор тохиолддог ба вакцины улмаас нас барах тохиолдол нь тун ховор юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч сувилагчид сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд тодорхой арга хэмжээ авч, эсрэг заалт, урьдчилан сэргийлэх үзлэгийг зөв хийснээр аюулгүй байдлыг бүрэн хангах юм.
Тухайн хүний дархлаа унасан аль эсвэл өвчин туссан үед идэвхтэй вакцин эсрэг заалттай байдаг. Улаанбурхан вакцинтай холбоотой дархлал хомсдолтой хүмүүсийн дунд нас барсан зургаан тохиолдол бүртгэгдэж байсан бөгөөд үүнд ХДХВ-ийн халдвартай дархлаа дарангуйлагдсан хүнд вакцинтай холбоотой уушгины хатгалгаа болон улаанбурхан өвчнөөр өвчилсөн тохиолдол байдаг.
АНУ-д 1980-1989 оны хооронд вакцинтай холбоотой халдварт саа өвчний 80 тохиолдол бүртгэгдсэнээс хоёр өвчтөн (3%) саажилт эхэлснээс 60 хоногийн дотор нас барсан тохиолдол байдаг. 2003 онд хийсэн судалгаагаар нэг сая төрөлт тутамд 4,7 хүн вакцинтай холбоотой халдварт саа өвчин туссан байна. Халдварт саа өвчний вакцины 2 төрлөөс OPV-г АНУ-д хэрэглэхээ больж, идэвхгүйжүүлсэн полиовирусийн вакциныг (IPV) хэрэглэх болсон.
ДЭМБ-аас “Дархлаажуулалт хийлгэснээр жил бүр 3.5-5 сая хүн сахуу, татран, хөхүүл ханиад, томуу, улаан бурхан зэрэг өвчнөөр нас барахаас сэргийлж байна” хэмээн мэдэгджээ.