Аль хурууны хумсан дээрх цагаан алга болсноор ямар өвчин туссаныг мэддэг гэх мэдээлэл бүрэн бус

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #772

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан толбоны хэлбэр нь хүний биеийн өвчин, эрүүл мэндийн асуудлыг харуулдаг гэжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хумс нь цусны эргэлт, хоол тэжээлийн байдал, бие, эрхтэний үйл ажиллагааг ямар байгааг илтгэдэг нь үнэн юм. Гэвч бидний шалгаж буй мэдээлэлд бичсэн шиг хуруу бүрийн хумсны толионоос өөр өөр төрлийн өвчнийг тодорхойлж, мэдэх боломжийн эх сурвалжийн мэдээллүүдэд байхгүй байна. 

Bayraa Delgerzaya фэйсбүүк хэрэглэгч 2023.11.25-нд “Шалгаад үзээрэй. Хүн бүрийн хумсны доод хэсэгт байрлах хагас сар хэлбэртэй цагаан толбо ямар учиртай болохыг тэр бүр бид мэддэггүй. Гэвч бидний төдийлэн анзаардаггүй энэхүү толбо нь бие эрхтний толь ажээ. Биеийн аль хэсэг өвчилсөн болон асуудалтай үед хумсан дээрх тус цагаан толбо нь хэлбэрээ өөрчилдөг байна. 

  • 1. Эрхий хурууны хагас дугуй хэлбэртэй цагаан тэмдэг нь алга болвол сэтгэл санаа гүн стресс гутралтай байгааг илтгэх аж.
  • 2. Долоовор хурууны цагаан нь жижгэрсэн эсвэл алга болсон бол таны элэг цөс, нойр булчирхай асуудалтай болсныг илэрхийлж буй юм.
  • 3. Артерийн даралт ихэссэн тохиолдолд дунд хурууны цагаан нь алга болдог байна.
  • 4. Ядам хурууны цагаан нь алга болсон тохиолдолд дотоод шүүрлийн үйл ажиллагаа доголдож буй хэрэг.
  • 5. Таны бүдүүн нарийн гэдэс өвчилсөн буюу өрөвсөлтэй болсон тохиолдолд чигчий хурууны цагаан нь жижгэрч алга болдог байна.

Энэ талаар өмнө нь сонсож бсан. Үнэн нь үнэн бх. Минийх зүүн гарны чигчий болон ядам  хурууных бүүр алга болж….дотоод шүүрэл болон бүдүүн нарын гэдсээ үзүүлье дээ” гэсэн тайлбартай пост оруулсан нь 60 реакц авч, 326 удаа түгээгджээ.

Дараах байдлаар баримт шалгалаа.

Хумсны толио дээр байх цагаан хэсгийн үүрэг, ямар учраас томорч, жижгэрдэг, бие махбодын эрүүл мэндийн асуудлыг илтгэдэг эсэхийг шинжлэх ухааны мэдээ, мэдээллүүдээс хайж шалгалаа. 

Гар, хөлийн хурууны хумсны толион дээр байдаг цагаан хэсгийг Лунула /Lunula/ гэж нэрлэдэг бөгөөд Латинаар “бяцхан сар” гэсэн утгатай үг аж. Энэ нь хумсны хамгийн хойд хэсэгт байх ба хүн эхийн хэвлийд бүрэлдэх үеийн 14 дэх долоо хоногоос анх гарч ирдэг байна. Бүтцийн хувьд хумсны толионы үзүүрийг тодорхойлох үндсэн үүрэгтэй гэж тодорхойлжээ.

Хумсны цагаан хэвийн бус болбол хэлбэр, бүтэц, өнгө зэрэг нь өөрчлөгддөг байна. Хэрхэн харагдаж байгаагаас нь хамаарч, хэвийн бус байдал, гажгийг өөрөөр нэрлэдэг. Тухайлбал, хумсны цагаан маш том байвал макролунула, харагдахгүй төдий маш жижиг, эсвэл бүр байхгүй байвал микролунула эсвэл анолунула (anolunula), харин хэлбэрийн хувьд хагас саран бус өөр хэлбэртэй байвал гүдгэр бус лунула (non-convex lunula) гэдэг. Шим тэжээлийн дутагдалд орсон тохиолдолд ихэвчлэн хумсны цагаан алга болдог байна. Гэвч зарим тохиолдолд илүү ноцтой шалтгааны улмаас хумсны толио өөрчлөгддөг байна. 

Бөөрний дутагдал болон бусад өвчний тохиолдолд: 

Бөөрний дутагдлын шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг хумсны шинжилгээ, үзлэгт хамруулах нь элбэг байдаг байна. Түүнчлэн, бөөрний архаг үрэвслийн шинж тэмдэг илрээгүй байсан ч тухайн хүний хумсны цагаан арилсан тохиолдолд бөөрөнд өөр ямар нэг үрэвсэл байгаа эсэхийг шинжилдэг аж. Бөөрний дутагдлаас шалтгаалсан цус багадалтаас үүдэн хумсны цагаан арилдаг гэж эмч нар үздэг байна. Гэвч, бөөрний дутагдал нь цус багадалтын цорын ганц шалтгаан биш байдаг. Иймд, цус багадалттай байж магадгүй тохиолдолд эмчид үзүүлэх нь чухал юм.

Макролунула буюу хумсны цагаан илүү том болохыг биеийн дотоод болон системийн олон төрлийн эмгэгтэй холбож үздэг байна. Тухайлбал, бамбайн хордлого, тодорхой хэсэг газрын цус багадалт, хамуу өвчин, үе бүдүүрэх зэрэг өвчний үед тохиолдож болдог байна. Түүнчлэн, хумс ямар нэг байдлаар гэмтэх, гажиг үүсэх үед хумсны цагаан томорч болзошгүйг энэ төрлийн өвчний тохиолдолтой хүмүүсийн дунд явуулсан кейс судалгаагаар тогтоожээ.

Хоолны дэглэмээ хэтрүүлэх, хоол тэжээлийн дутагдалд орох зэрэг нь бие организмын аливаа шим тэжээлийг шингээх чадварт нөлөөлснөөр хүний хумсанд өөрчлөлт ордог байна. Мөн, B12 амин дэмийн дутагдалтай үед хумсны цагаан алга болох, хумсны өнгө саарал бор болох зэргээр өөрчлөлт гарч болдог гэнэ. 

Зүрх, уушгины өвчний тохиолдолд:

Уушгины архаг бөглөрөлт өвчин, зүрхний дутагдал, булчингийн өвчин гэх мэт зүрх, уушгины тодорхой төрлийн өвчтэй хүмүүсийн хумсны цагаан нь улаан өнгөтэй болж өөрчлөгдөх тохиолдол байдаг байна. 

Элэгний цирроз өвчний тохиолдолд: 

Элэгний хэвийн үйл ажиллагаанд нөлөөлж, гэмтээдэг архаг цирроз өвчтэй хүмүүсийн хумсны цагаан мөн улаан өнгөтэй болж болзошгүй байдаг бөгөөд заримдаа хумсны толио бүхэлдээ цагаардаг тохиолдог ч байдаг байна.

Мөнгөн металлын хордлого

Зарим хүний хумсны цагаан гүн хөх өнгөтэй болдог байна. Тухайлбал, хэт их металл / мөнгөнөөс үүдсэн хордлогын нэг төрөл буюу argyria-ийн шинж тэмдгийн үед хумс ийн өөрчлөгддөг аж. Түүнчлэн, химийн бодис, хортой нөхцөлд ажиллах нь энэ өвчнийг илүү сэдрээдэг байна.

Дүгнэлт

Дээрх мэдээллүүдээс харахад, хумс нь цусны эргэлт, хоол тэжээлийн байдал, бие, эрхтэний үйл ажиллагааг ямар байгааг илтгэдэг нь үнэн юм. Гэвч бидний шалгаж буй мэдээлэлд бичсэн шиг хуруу бүрийн хумсны толионоос өөр өөр төрлийн өвчнийг тодорхойлж, мэдэх боломжийн эх сурвалжийн мэдээллүүдэд байхгүй байгаа юм. Иймээс, арьс эсвэл хумсанд ямар нэг байдлаар өөрчлөлт гарвал зайлшгүй эмчид үзүүлж, эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Ингэснээр аливаа эрсдэл эсвэл үрэвслийг эрт илрүүлж, шуурхай эмчилгээ хийлгэх боломжтой гэдгийг санаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document