2023 оны 11 сарын 11ны өдөр Ноцтой но-той мэдээлэл гэх хуудаснаас “Сүү хувьцаат компани болон бусад сүү үйлдвэрлэгчдийн савлаж зардаг сүүнд хорт хавдар үүсгэдэг бодисууд бна…
UHT буюу ультра өндөр температурт савласан сүү бол үнээний цэвэр сүү биш, дандаа хуурай сүү байдаг. Савласан сүүнүүдэд Хуурай сүү хийхдээ жаахан жинхэнэ сүү холиод, ус нэмж савладаг. Ийм сүүнүүд удаан хадгалах боломжтой тул хөргөгчид биш, лангуун дээр байхад амархан мууддаггүй… Стабилизатор буюу Тогтворжуулагч бодисууд нь хорт хавдар үүсгэгч бодисуудын нэг. Талх, гурилан бүтээгдэхүүнүүд, ундаа, жүүс, чихэр, печень .. гээд олон төрлийн Хүнсэнд тогтворжуулагч, үнэр, амт оруулагч, чанар сайжруулагч, өнгө оруулагч, муудахгүй хадгалах гээд олон химийн бодис байдаг. Тэднийг E үсэгтэй тоогоор(Е 541,457,… гэх мэт) , зарим нь үсгээр бичдэг… Эдгээр нь хүний биеийг аажмаар хордуулж, эд эсэд өөрчлөлт оруулж, агааргүй байдал, стресс, уур уцаартай нэгдээд хавдар үүсгэж байдагыг гадны эмч мэргэжилтнүүд бичдэг… ” хэмээн Сүү ХК-ийн цөцгийтэй тарагны орц найрлагын зургийг хавсаргажээ. Тус мэдээлэл нь нийт 169 хандалт, 50 сэтгэгдэл авч, 916 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар байдлаар баримт шалгалт хийлээ
Тус мэдээлэлд дурдсан UHT (Ultra-high temperature) технологи нь сүүг +135 хэмээс +154 хэмд 1-8 секунд халааж ариутгаж савласнаар дэлгүүрийн лангуун дээр удаан хугацаанд хадгалах боломжтой болгож буй юм. Харин задалсан тохиолдолд энгийн сүү шиг 7-10 хоногийн дотор хэрэглэх ёстой аж.
Хүнсний нэмэлтийн тухай
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хамгийн сүүлд 2023 оны 11 сарын 16-нд шинэчилсэн “Хүнсний нэмэлтийн тухай” мэдээлэлдээ “Боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэр, үйлдвэрлэлийн гал тогооноос эхлээд агуулах, дэлгүүр, хэрэглэгчдэд хүргэх зам хүртэл аюулгүй, чанартай нөхцөлд байлгахад, амт, үнэр, бүтэц, гадаад төрх зэрэг мэдрэхүйн шинж чанарыг өөрчлөхөд хүнсний нэмэлтүүдийг ашигладаг. Хүнсний нэмэлтийг ургамал, амьтан, эрдэс бодисоос гаргаж авах аль эсвэл химийн аргаар нэгтгэж болно.
Нэмэлтүүдийн эрсдлийн үнэлгээг НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгуулга(ХХААБ), ДЭМБ-ын Хүнсний нэмэлтүүдийн хамтарсан шинжээчдийн хороо (JECFA) хэмээх бие даасан, олон улсын шинжээч шинжлэх ухааны бүлэг хийдэг. Байгалийн эсвэл синтетик гаралтай эсэхээс үл хамааран JECFA-ийн аюулгүй байдлын үнэлгээнд хамрагдсан, хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэлгүй нь тогтоогдсон хүнсний нэмэлтийг олон улсад хэрэглэж болно. Тухайн улс JECFA үнэлгээ эсвэл үндэсний үнэлгээнд үндэслэн зарим хүнсний бүтээгдэхүүнд тодорхой түвшинд хүнсний нэмэлтийг хэрэглэхийг зөвшөөрдөг.
JECFA-ийн эрсдлийн үнэлгээ нь тухайн хүнсний нэмэлтийн биохими, хор судлалын болон бусад холбогдох өгөгдлүүдийн шинжлэх ухааны дүгнэлтэд тулгуурладаг: Үүнд амьтанд туршилт хийх, судалгаа, хүний ажиглалт зэргийг хамруулна.
JECFA-ийн гүйцэтгэсэн аюулгүй байдлын үнэлгээг НҮБ-ын ХХААБ болон ДЭМБ хоорондын хүнсний стандарт тогтоох хамтарсан “Codex Alimentarius” комисс ”Кодексын Олон улсын дугаарлалтын тогтолцооны шалгуур үзүүлэлт”-ээр хоол хүнс, ундаанд хэрэглэх хүнсний нэмэлтийн стандартыг тогтоодог. Codex стандарт нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний стандарт, хүнсний олон улсын худалдааны лавлагаа болох бөгөөд ингэснээр хэрэглэгчид хаана ч үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдал, чанарын стандартад нийцэж байгаа гэдэгт итгэлтэй байж болох юм” хэмээн дурджээ.
Монгол Улсын хувьд 2015 оны 12 сарын 24-нд Codex стандартад тулгуурласан хүнсний нэмэлтийн стандартыг баталж 2016 оноос мөрдөж эхэлсэн.
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан цөцгийтэй тарагны зураг дээрх орц найрлагад бичигдсэн хүнсний нэмэлт E412 буюу гуарын давирхай, E1422 буюу ацетат, адипатын цардуулыг өтгөрүүлэгч, тогтворжуулагч болгон ашигладаг.
Эдгээр хүнсний нэмэлт нь Монгол Улсын хүнсний нэмэлтийн стандартад “Ариутгасан болон хэт өндөр температураар ариутгасан цөцгийн, хөөрүүлсэн цөцгий, тос багатай цөцгий (ердийн)” гэх хүнсний бүтээгдэхүүний ангилалд бүтцийг хадгалах зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн хүнсний нэмэлтүүд юм.
Европын хүнсний аюулгүй байдлын байгууллагын сэтгүүлд E412 болон E1422 хүнсний нэмэлтийг хорт хавдар үүсгэгч бодисгүй хэмээн мэдээлжээ.
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР: Хүнсний нэмэлтийн стандарт MNS MNS CAC 192 : 2015
Мөн хуурай сүүг устай хольж, шингэлж үйлдвэрлэдэг гэх агуулгыг шалгаж буй мэдээлэлд дурджээ.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4-т заасан Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод тавигдах шаардлагыг хангаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
Тус хуулийн 6 дугаар бүлгийн 16 дугаар зүйлд Органик хүнсний тухай хууль зөрчихөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулж өгсөн. Тус зүйлийн 3.2-д “органик хүнсний тэмдэг, тэмдэглэгээ, шошгод тавигдах шаардлагыг хангаагүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Тиймээс аливаа бүтээгдэхүүний орц найрлагыг худал бичих, эсвэл мэдээлэхгүй байх нь хуулийн хариуцлага хүлээдэг тул үйлдвэрлэгчид шошго дээрээ үнэн зөв мэдээлэл тавих шаардлагатай.
Мөн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн :
- 17.2.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ
- …17.2.2.хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүнсний нэмэлтэд агуулагдах бохирдуулагчийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн тогтоох;
- 17.2.3.хүнсний нэмэлтийн аюулгүй хэрэглээний түвшинг тогтоож, хэрэглэх нөхцөлийг тодорхойлох; хэмээн заасан байдаг.
Иймд сүүн сүүн бүтээгдэхүүнд хатаамал сүү орсон эсэх тухай мэдээллийг тухайн бүтээгдэхүүний шошгон дээрээс харах боломжтой юм.
Хатаамал сүүг үнээний пастерчилсан сүүг тоосруулан буюу хальсан хатаагч төхөөрөмжөөр хатааж үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрлэх стандартын дагуу зориулалтаар нь шууд хэрэглэх, үйлдвэрлэлд дахин боловсруулахад зориулсан хатаамал сүү гэж ангилна. Харин хатаалтын аргын хувьд тоосруулан хатаасан болон хальслан хатаасан гэж ангилдаг байна.
Монгол Улс олон улсын Codex стандартын дагуу хүнсэнд ашиглагдах хүнсний нэмэлт бодисын хэмжээг тодорхойлж, ашигладаг учир хорт хавдар үүсгэдэг, хориотой хүнсний нэмэлтийг хоол хүнсэнд ашиглах боломжгүй. Иймд тухайн бүтээгдэхүүнд орсон хүнсний нэмэлт нь Хүнсний нэмэлтийн стандартын жагсаалтад байвал хүний биед аюулгүй хүнсний нэмэлт юм.