Жүжигчдийн бичлэгийг ашиглаж интернэт халдлага үйлдэж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #769

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Жүжигчин П.Шүүдэрцэцэг шүтэн бишрэгчидэдээ 100,000 төгрөг бэлэглэж байна гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах, хохироох тохиолдол түгээмэл учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэхийг нягтлаарай.

2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр  Shuuderhen_P  гэх хаягаар 4 цаг 06 минутын турш үргэлжлэх live бичлэгийг “Удахгүй эхлээд чин сэтгэлээсээ (Сайн уу) гэж хэлсэн эхний 500 хүнд 100,000₮ бэлэглэх болно…” гэх тайлбартайгаар оруулсан. Тус бичлэг нь нийт 181 хандалт, 1,100 сэтгэгдэл авч, 1.1 мянга гаруй удаа цааш түгээж, 26,000 гаруй хэрэглэгч үзсэн байна. 

Хаяг шалгах 

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн хаягтай ижил төстэйгөөр пэйж хуудсаа нэрлэсэн тус хуурамч хаяг нь одоогоор 691 дагагчтай байгаа юм. Тус пэйжийг шалгахад эх бичлэгийг хугацааг нь уртасган “шүтэн бишрэгчдэдээ мөнгө өгнө” гэх агуулга бүхий тайлбартайгаар оруулсан байна.

Шалгаж буй Live бичлэгийн тайлбар нь найруулгын алдаатай байх бөгөөд сэтгэгдэл хэсэгт бичсэн “БИ ЗӨВХӨН МИНИЙ ПЭДЖИЙГ ДАГАЖ, FACEBOOK-ЫН 10-15 ГРУППД LIVE SHARE ХИЙСЭН ХҮМҮҮСТ ШАГНАЛ ӨГНӨ!” гэх өгүүлбэр мөн үг үсгийн алдаатай байх нь хуурамч хаяг байж болзошгүйг илэрхийлж байна.

Shuuderhen_P гэх хуудас нь 2023 оны 08 сарын 25-ны өдөр нээгдэж байсан. Пэйжийн танилцуулга хэсэгт зөвхөн үл хөдлөх хөрөнгө (real state) ангиллыг сонгож бусад хэсгийг огт бөглөөгүй байна. Мөн нүүр зургаас өөр зураг оруулаагүй, 4-6 цагийн урттай 5 live бичлэгийг нийтэлжээ

Тус бичлэгийн дор сэтгэгдэл бичсэн хүмүүс рүү “Баяр хүргэе, та 100,000₮ мөнгөн шагналын ялагчаар тодорлоо. Зөвхөн миний хувийн мессеж илгээсэн хүмүүс миний шагналыг авах боломжтой, та надаас мессеж хүлээн авсан азтануудын нэг тул энд нэрээ бүртгүүлээрэй. 

Tinyurl.com Бүртгүүлэхэд 60 секундээс бага хугацаа шаардана. Бүтргэлээ баталгаажуулж дэлгэцийн агшингаар нэн даруй тэмдэглэнэ үү. Хэрэв та амжилттай бүртгүүлсэн бол шагналаа яг одоо аваарай!” гэх чатыг явуулсан байна.

Явуулсан линкээр нь орж үзэхэд фишинг халдлагын нэг хэлбэр  (Phishing attack) буюу олны танил хүмүүсийн нэрийг ашиглаж  азтан болсон гэх тайлбар бүхий урьдчилан бэлдсэн хуудаст нэвтрэхийг хүссэн байна.

Энэ нь хэрэглэгчдийн нэвтрэх нэр, нууц үгийг авах замаар хохирол учруулдаг интернэт дэх халдлагын нэг төрөл юм.

Тиймээс олны танил хүмүүсийн нэрийг ашиглаж “та азтан болсон тул аль нэг сайтад бүртгэлээ хийлгэж мөнгөө аваарай” гэх мэдэгдэл илгээсэн тохиолдолд тухайн хүний албан ёсны хуудас эсэхийг шалгаж, линкийн нэр, бичигдсэн хэлбэр, тайлбар зэргийг сайтар нягталж үзэх хэрэгтэй. Шалгаж буй хаяг нь яг ижил тайлбартайгаар удаан хугацааны live-ийг хэд хэдэн удаа байршуулсан нь тухайн хуудас хандалтаа ихэсгэх зорилготойг харуулж байна.

Шалгаж буй бичлэгийн эх хувилбар нь 37 минут 34 секундийн урттай бөгөөд 2022 оны 07 сарын 22ны өдөр жүжигчин Шүүдэрцэцэгийн пэйжид “Хөх Нуур МУСК үзсэн бүх хүмүүсдээ баярлалаа 🙏🙏🙏 Batkhuu Balu” гэх тайлбартайгаар тавигдсан байна.  

  • Бичлэгт жүжигчин бүсгүй мөнгө тараах тухай огт яриагүй

Олны танил хүмүүсийн зураг бичлэгийг ашиглаж бусдыг хуурах тохиолдол их учир та сэрэмжтэй байж тухайн хаяг жинхэнэ эсэхийг нягтлаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document