2023 оны 11 дүгээр сарын 21-нд BEST Store нэртэй пэйжид “Бөөрний үйл ажиллагааг сайжрууна, бүтэн биеийг хоргүйжүүлнэ, цусны эргэлтийг сайжруулна, биеийг тайвшруулна, давсагны эрүүл мэндийг дэмжинэ” зэрэг үйлчилгээг амласан, хөл дүрэх халуун усанд хийх зориулалттай “Биеийн хор гадагшлуулагч” гэх бүтээгдэхүүний сурталчилгааг байршуулсан нь 11 дүгээр сарын 30-ны байдлаар 603 реакц, 353 сэтгэгдэл. 631 шэйр цуглуулсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бүтээгдэхүүний тухайд
Тус бүтээгдэхүүнийг хайхад Хонг-Конгийн HKTV-mall худалдааны платформ дахь илэрцээс орцны дэлгэрэнгүй мэдээллийг олох боломжтой байна. Орц нь “Цагаан гаа, гүргэм, агь, царван” гэжээ.

Бүтээгдэхүүний гарал үүслийг Хятад гэсэн байх ба үйлдвэрлэгчийн дэлгэрэнгүй мэдээлэл цахим сурвалжид байсангүй. Бид өмнө нь Southmoon гэх үйлдвэрлэгчийн нэртэй үе мөчний өвчин эдгээх тос, судасны бүдүүрэл арилгах цацлага зэрэг бүтээгдэхүүнийг шалгаж, үйлчилгээг хэтрүүлсэн сурталчилсныг тогтоож байв.
1. Арьсанд түрхэж хэрэглэсэн бүтээгдэхүүн дотор эрхтэнд очиж үйлчлэх боломж хомс
АНУ-ын Blissoma гоо сайхны брэндийн вэбсайтын зөвлөмжид “Арьсанд шингэх, арьсны гүнд нэвчих хоёр өөр. Гоо сайхны бүтээгдэхүүн, элдэв тос зэрэг нь ихэнхдээ арьсанд шингэнэ. Хэрэв арьсан дээр тавьсан юм болгон арьсны гүн давхаргыг нэвтэлж, цусанд орж байвал бид амьд байхгүй. Арьс бол маш хүчтэй хамгаалагч. Тиймээс ч арьсны гүнд нөлөөлөх зориулалттай бүтээгдэхүүнүүд нэвчих чанарыг сайжруулах нэмэлт бодис ашигладаг” гэсэн байна.
Цагаан гаа арьсан дээрээ тавьж ханиад эдгээдэг гэх мэдээлэлтэй холбоотой бидний өмнөх баримт шалгалтад Баруун Австралийн их сургуулийн Амьсгалын замын анагаах ухааны институтийн эмч, зөвлөх профессор Юбэн Мүүдлигийн “Цагаан гаанд буй ашигт бодисууд арьсанд нэвчин, цусанд шингэж, уушгинд очсоноор нөлөөгөө үзүүлж байвал үнэхээр гайхамшиг” гэж хэлснийг хавсаргасан байдаг.
Дээрхээс үзэхэд тус бүтээгдэхүүнд дурдсан орц хүний дотор эрхтэнд очиж нөлөөлөх боломж асар дутмаг аж.
2. Биеэс хорт бодис гадагшлуулах бодисын солилцооны гол үүргийг элэг, бөөр гүйцэтгэнэ
Манай баг өмнө нь хөлийн улаар дамжуулан хор гадагшлуулдаг гэх наалтыг шалгаж байсан. Тус баримт шалгалтын үр дүнгээс онцлох гол зүйл бол “Хүн хөлдөө наалт нааснаар бус, элэг, бөөр, булчирхай зэргээрээ хороо гадагшлуулдаг” явдал. Хөлөөр дамжуулан хор гадагшлуулах гэх бүтээгдэхүүнүүд үр дүнгүйг бусад орны баримт шалгах төвүүд тогтоосон байдаг.
“Жоржтауны их сургуулийн багш, анагаах ухааны доктор Адрианн Фю-Бэрманы тайлбарласнаар хүний бие ямар нэг гаднын бүтээгдэхүүний тусламжгүйгээр хэрэггүй бодисыг шүүж, гадагшлуулах чадвартай. Онцолбол элэг, дотор эрхтнүүд, бөөр болон арьсны хөлсний булчирхайнууд хорыг гадагшлуулдаг. Гэхдээ хүний арьс зарим хаягдал бодисыг л гадагшлуулах болохоос хүнд металл, элдэв бодисыг гадагшлуулах чадвар сул байдаг” гэсэн байна.
АНУ-ын USA Today агентлагийн 2022 оны 06 дугаар сарын 14-ны баримт шалгалт
2012 онд Канадын Торонтогийн их сургуулийн эрдэмтдээр ахлуулсан баг “Хөлөөр дамжуулан хорт бодисыг гадагшлуулагч бүтээгдэхүүний үр нөлөөг шинжих” нэртэй судалгааны ажлаа нийтлүүлсэнд дүгнэлт нь “Төрөл бүрийн бүтээгдэхүүний нэмэлттэй усанд хөлөө дүрснээр биед эргэлдэж буй химийн элемент, зарим хорт бодисын хэмжээнд өөрчлөлт ороогүй. Ямар нэг байдлаар хор зайлуулах гол үүрэгтэй элэг, бөөрний үйл ажиллагааг ч дэмжээгүй” гэсэн байна.
“Чихрийн шижинтэй бол хөлөө халуун, бүлээн усанд эмчийн зөвлөмжгүйгээр дур мэдэн дүрж болохгүй”
АНУ-ын Чихрийн шижинтэй хүмүүсийн холбоо
2. Хөлөө усанд дүрэхэд зарим ашигтай нөлөө бий
Хөлөө халуун, бүлээн усанд дүрэхтэй холбоотой судалгаа, шинжилгээний ажил цөөн байна. Тэдгээр нь хөлөө халуун усанд дүрэхэд нойрны чанарыг дээшлүүлэх, тайвшруулах, цусны эргэлтийг сайжруулах зэрэг үйлчилгээг тодруулсан байна. Тухайлбал:
- Ираны эрдэмтдийн 2013 онд өндөр настнуудын дунд хийсэн туршилтаар “Унтахаас 20 минутын өмнө хөлөө 41-42 градусын бүлээн усанд дүрэхэд тайвшруулах үйлчилгээ үзүүлснээр харьцангуй хурдан нойрсуулж, илүү удаан удаан унтаж байсан” аж. Ижил үр дүн Солонгосын эрдэмтдийн 2016 оны туршилтад ч ажиглагдсан байна.
- Японы Акита их сургуулийн эмнэлгийн эрдэмтдийн “Физик эмчилгээ судлалын сэтгүүл”-д нийтлүүлсэн тайланд “Ямар нэг ужиг өвчингүй, нойрны асуудалгүй бүлэгт туршилт хийхэд хөлөө бүлээн усанд дүрэх нь цусны эргэлтийг нэмэгдүүлж байсан” гэж дурджээ.
Дээрх туршилтуудад ямар нэг нэмэлт бодис ашиглаагүй зөвхөн ус ашигласан аж. Нью-Йорк Таймс сонины вэбсайтад 2023 оны 02 дугаар сарын 18-нд байршуулсан нийтлэлд ч “Хөлөө халуун, бүлээн усанд 20-30 минут дүрэх нь тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй. Энэ үйлчилгээг мэдрэхэд ямар нэг нэмэлт бүтээгдэхүүн, тусгай төхөөрөмж ашиглах шаардлагагүй” гэж мэдээлсэн байна.
Иймд та бүхэн эмнэл зүйн ач холбогдол нь тодорхойгүй бүтээгдэхүүн худалдан авч, ашиглах шаардлагагүйгээр ахуйн нөхцөлд бүлээн усанд хөлөө дүрчхэж болохоор байна.